“Асрахуйн эдийн засаг” хэмээх шинжлэх ухааны том чиглэл болж байна
2024.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Асрахуйн эдийн засаг” хэмээх шинжлэх ухааны том чиглэл болж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МҮЭ-ээс зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаарх үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, хууль тогтоогчийн хувьд байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал төвөгтэй байсаар байгаа нь дэлхийн ихэнх улсад ажиглагддаг. АНУ-ын Санхүүгийн судалгааны хүрээлэнгээс хүүхэд төрүүлснээс хойш эмэгтэйчүүдийн карьер, цалин зогсонги байдалд ордог тул хүйсийн цалин хөлсний зөрүү хүүхэд төрснөөс хойших 12 жилд 33 хувь хүртэл нэмэгддэгийг тогтоосон байна.

Монгол Улс цөөн хүн амтай атал идэвхтэй ажиллах хүчний нэлээд нь ийм шалтгаанаар баталгаагүй, нийгмийн даатгал төлөгдөх нь бага, үнэлэгддэггүй албан бус сектор руу орсоор байна. Хүүхэд асрах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах, хүүхэд сургуульд зөөх зэрэг асрахуйн ажлыг хийдэг гол хүмүүс бол эмэгтэйчүүд.

Тэгвэл улс орнууд хүүхэд харах, ар гэрийн ахуйн ажлыг хийх нь асар их үнэ цэнтэй, албан ёсны эдийн засгийг дэмждэг том салбар гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч “Асрахуйн эдийн засаг” хэмээх шинжлэх ухааны том чиглэл болгоод байгаа. “Care economy” буюу “Асрахуйн эдийн засаг” гэдэг нь охид, эмэгтэйчүүдийн хийдэг асран халамжлах хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг юм.

Монголын төрөөс асрахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 63.2 хувиар өснө. Ингэснээр нэг хүнд ногдох эдийн засгийн жилийн өсөлтийн түвшин 0.5 хувиар нэмэгдэж, 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ 16 хувиар өсөх боломжтой гэж Азийн хөгжлийн банк тодорхойлсон байдаг.

Тийм учраас хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн асран халамжлах үйлчилгээг төрийн оролцоотойгоор хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийснээр ядуурлыг бууруулж, жендэрийн тэгш байдлыг хангахад том дэвшил авчрах болно гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ