ПАРЛАМЕНТЫН “ХЯНАН, ШАЛГАХ” ЧИГ ҮҮРГИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА
2024.02.14
Улстөр

ПАРЛАМЕНТЫН “ХЯНАН, ШАЛГАХ” ЧИГ ҮҮРГИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА

Монгол Улсын парламент нь “хууль тогтоох” “төлөөлөх” “хянан, шалгах” гэсэн үндсэн гурван чиг үүрэгтэй. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд хууль тогтоох, төлөөлөх эрх үүргээ сайн хэрэгжүүлсэн ч баталсан хуулиа хэрэгжиж буй эсэхийг “хянан, шалгах” үүргээ хангалттай биелүүлээгүй нь нууц биш.

Төрийн албаны бүх шатанд авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид хариуцлагатай болгох, гүйцэтгэх засаглалд хяналтаа бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага нийгэмд бий болсон. Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай, “Ногоон автобусны хэрэг” гэх мэт нийгмийг бүхлээр нь бухимдуулсан асуудлууд төрийн хяналт суларсантай шууд холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг батлуулсанаар хууль тогтоох дээд байгууллага нь төрийн хянан, шалгах тогтолцоо, арга хэлбэр, бүтцээ баталгаажуулсан юм.

Монголын парламент түүхэндээ анх удаа Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол явуулан парламентийн гишүүдээс эхлээд төрийн өндөр албан тушаал хашиж буй, хашиж асан хүмүүсээ ч гэрчээр оролцуулан мэдүүлэг авч, алдаа завхрал хэрхэн гарсныг “ХЯНАН ШАЛГАХ” их ажлыг эхлүүлсэн нь энэ удаагийн парламентын онцлог болж байна.

“ХЯНАН, ШАЛГАХ” АРГА ХЭРЭГСЭЛ, ХЭЛБЭР

ТӨЛӨВЛӨГӨӨТ

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх
  • Тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх
  • Төсвийн хяналт

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС

  • Асуулт асуух
  • Асуулга тавих
  • Хяналтын сонсгол хийх
  • Хянан шалгах түр хороо байгуулах

ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ

УИХ-ын гишүүний 1/4 буюу 19-өөс доошгүй гишүүн “хянан шалгах түр хороо” байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан 5-19 гишүүнтэйгээр УИХ-ын тогтоолоор түр хороог байгуулна.

Уг түр хороо нь нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Мөн Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангана.

ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТӨРӨЛ

  1. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол
  2. Төсвийн хяналтын сонсгол
  3. Ерөнхий хяналтын сонсгол
  4. Нэр дэвшигчийн сонсгол

Дээрхи хяналтын сонсголын онцлог зохицуулалт нь УИХ-ын 9-өөс доошгүй гишүүн, Байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар зохион байгуулна.

ЭЗЭНГҮЙ ХУЛГАЙ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн залуус өвлийн хүйтнийг үл ажран шударга ёсыг төрөөс нэхэн жагсаж, эрх баригчдад уг хэргийг нэн яаралтай шалгах, хэрэгт холбоотой этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлага тавьсныг УИХ хүлээн авч, Хилийн боомтын асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулан нээлттэй сонсгол хийв.

ХӨГЖЛӨӨС ХОЙШ ЧАНГААГЧДЫН ГИНЖИН ХЭЛХЭЭГ ТАСЛАХ ЭХНИЙ АЛХАМ

/Нээлттэй сонсгол 2023.03.20/
Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо

12 жилийн өмнө улсын хөгжил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийг зорин байгуулсан Хөгжлийн банкны 3.3 их наядын зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн. Эндээс үүдсэн хохирол нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, авлига, ашиг сонирхлын хэрэг болсон нь илчлэгдээд буй. Иймд Хөгжлийн банкны үйл ажиллагааг эхнээс нь адаг хүртэл нь хэлэлцэж, хөгжилд зориулагдах ёстой байсан зээлүүд хэрхсэн талаар үнэнг гаргав.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОЛОН НИЙТИЙН САНАЛЫГ ТУСГАНА

/Хяналтын сонсгол 2023.10.25/

Сүүлийн үед Монгол Улсад хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, улмаар амь нас нь эрсэдсэн асуудал нийгмийн цочроож буй. Уг асуудлын хүрээнд мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болоход хяналтын сонсголын зорилго чиглэгдэв. Сонсголын үеэр гарсан саналуудыг нэгтгэн Хүүхэд хамгаалал болон Гэр бүлийн тухай хуулиудад тусгах юм.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ

/Хяналтын сонсгол 2023.06.27/

Хүн хоногийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Иймд гадаад орчин төдийгүй дотоод орчны бохирдлыг зайлшгүй авч үзэх шаардлагатайг нээлттэй сонсголоор хэлэлцэв.

ШИНЭ МЭДЭЭ