Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
2010.04.17

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын баасан гаригын үдээс хойших хуралдаанаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг
 тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр зарим гишүүд, тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Раш тухайн албан тушаалд нэр дэвшиж буй хүмүүсийн 3 үеийн намтрыг судлах гэсэн шаардлагыг оруулах саналыг гаргаж байсан аж. Мөн хэд хэдэн гишүүн дипломын дараахь сургалтад хамрагдсан цаг, эрдмийн зэрэг авсан сургуулийг тодорхой заах гэх зэрэг санал гаргасан тухай УИХ-ын гишүүн Д.Дондог Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг танилцуулах үеэр хэлсэн.

Нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь олон юм. Гэхдээ их бүдэг бадаг. Магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан байх ёстой гэнэ. Тэгвэл ямар сургуулийн зэргийг тооцох юм бэ. Зарим сургуулийн сургалтын түвшин гадаадад бүү хэл монголдоо ч хүлээн зөвшөөрөгдөх аргагүй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургуульд зэрэг хамгаалсан гэж заавал яасан юм бэ.Гадаад хэлний дундаас доошгүй түвшний гадаад хэлний мэдлэг гэж юу гэж ойлгох вэ хэмээн асуусан.

УИХ-ын гишүүн Д.Дондог, Шалгуур тодорхой бус гэж байна. Байнгын хороон дээр зарим гишүүн шалгуур дэндүү хатуу байна гэж шүүмжилж байсан. Энэ бүхнийг тодорхой болгож болох байхаа. Зөвхөн тийм сургууль гэж онцлох нь бас учир дутагдалтай. Ярилцан дундаж хувилбараар оруулах нь зүйтэй байх хэмээн хариуллаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Магистрийн зэргийг БСШУЯ-наас зөвшөөрөл авсан сургуулиуд олгож байгаа. Бүгд яамны стандартын дагуу зэрэг сургуулиуд. Нийтлэг хэл гэдэгт англи хэл, орос, хятад орох байх. Гэхдээ бид дундаас доошгүй түвшний гэж оруулсан учир нь аль нэг гадаад хэлийг өөрийн хашиж буй хэмжээнд мэдээлэл авах шаардлагатай байх гэж үзэж оруулсан. Ажлын хэсэг энэ асуудлыг дахин авч үзэх байх. Дундаас доошгүй шатны мэдлэг гэдгийг хангалттай гэсэн үнэлэлтээр тооцохоор бодож боловсруулсан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ерөнхий шаардлагыг хараад байхад мэдлэг, мэргэшил ур чадвар гэдэг нь ерөнхийдүү. Энэ албан тушаалд томилогдох хүн төрийн албанд 15, 12, 8, 6 жил ажилласан байх ёстой гээд тодорхой заажээ. Төрийн албанд олон жил ажилласан хүн ахиж дэвших ёстой юм уу. Төрийн албанаас гадна байсан чадварлаг залуучуудад улсын төлөө зүтгэх боломжийг хаагаад байгаа юм биш үү гэж лавласан.

УИХ-ын гишүүн Д.Дондог, Хугацааны тал дээр саналыг байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд гаргасан. Гэхдээ зарим албан тушаалд ажиллах хүний төрийн алба хашсан байх хугацааг өөр өөр хуулиар бас заачихсан байгаа. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад өөрчлөх асуудал байж болно гэж үзсэн. Төрийн албыг гольдролтой болгох нь зүйтэй гэж үзсэн юм. Сонгуулийн дараа огт ажиллаж байгаагүй туршлагагүй хүн орж ирвэл ажилд хүндрэл гарч болзошгүй гэсэн саналтай хүмүүс ч байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ер нь улс орнуудын төрийн албан хаагчдыг харахад төрийн албан хаагчдын эрх үүргийг маш сайн тогтоож өгдөг юм байна лээ. Харамсалтай нь манайд тогтоож өгч чадахгүй байгаа. 1 хүүхдээ үнэгүй сургадгаараа л бусад албан хаагчдаас илүү байдаг. Тийм улсууд руугаа дайрч давшлаад нэр хүндийг нь унагаад байх шаардлагагүй гэж боддог. Харин үнэлэмж, шалгуур, хариуцлагын тогтолцоог нарийн болгож өгмөөр санагддаг. Хугацааг дахин ярих байх. Гэхдээ төрийн албанд орох хүний нас, хүйс, төрсөн газар орноор ялгаварлахгүй, давуу тал олгохгүй байх хэрэгтэй хэмээн саналаа илэрхийлсэн. .

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Шалгуур үзүүлэлтүүдийг сайн харах хэрэгтэй. Ийм хатуу босго тавих нь тийм ч зохимжтой биш. Биднээс илүү хардтай хөгжиж байгаа залуу үеэ хүлээж авахгүй гэх гээд байна. Харин мэдлэг шаардсан шалгууруудыг тавих хэрэгтэй. Харин жилээр хавчих нь төдийлөн зохимжгүй. Эргэж сайн боловсруулаад шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой түвшинд тавьж авчрах хэрэгтэй гэлээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн учир тогтоолын төсөл төсөл санаачлагчдаа буцлаа.

ШИНЭ МЭДЭЭ