Бүсийн нэмэгдэл олгох асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй
2010.04.07

Бүсийн нэмэгдэл олгох асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, Х.Баделхан, Д.Балдан-Очир,
 Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, Х.Наранхүү, Д.Оюунхорол, Р.Раш, Ч.Хүрэлбаатар, Ц.Шинэбаяр нарын 23 гишүүнийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй зэргээс шалтгаалан хүн ам хот, суурин газар руу шилжин  нүүдэллэж, хот, хот орчмын нутагт хэт их төвлөрөл бий болж байгаа нь бүс нутгийн амьжиргааны даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал ихсэх зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Иймд алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, бодит орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсны үндсэн дээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд “алслагдсан болон говийн бүс нутгийг тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, байгаль, цаг уурын нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр тогтооно” гэсэн хэсгийг нэмэх, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын “докторын зэргийн”, 28.2.4 дэх заалтын “ур чадварын” гэсний дараа “алслагдсан болон говийн бүс нутгийн” гэж тус тус өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч байгаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчид өндөр насны тэтгэврийн 10 хувиар бодож нэмэгдэл олгоно” гэсэн гурав дахь хэсгийг нэмэх, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэрийн “Монгол Улсын Засгийн газар” гэснийг “Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Дээрх хуулиудад өөрчлөлт орсноор алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдийн амьжиргааны орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшлэхийн зэрэгцээ хэт төвлөрлийг сааруулна. Мөн бүсийн нэмэгдэл олгодог болсноор алслагдсан болон говийн бүс нутагт багш, эмч нэр болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тухайн бүс нутагт үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн С.Баямбацогт танилцуулав.

Дээр дурьдсан алслагдсан бүс нутагт баруун бүс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нийслэлээс 1000,  түүнээс дээш км алслагдсан сумдыг, говийн бүс нутгийн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд доогуур, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн сумдыг оруулахаар тооцсон юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Су.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, Ц.Батбаяр, Р.Раш, Д.Очирбат нарын гишүүд асуулт асууж, Н.Энхболд, Д,Загджав, Д.Очирбат, Д.Балдан-Очир, Су.Батболд, Р.Раш, С.Ламбаа нарын гишүүд саналаа хэллээ.

Гишүүдийн ихэнх нь хуулийн төслийн гол үзэл баримтлал нь зөв хэдий ч төсвийн орлогоо нэмэгдүүлж баялаг бүтээхийн оронд элдэв нэмэгдэл, урамшуулал олгохыг урьтал болгож болохгүй, харин орон нутагт төсөв санхүүгийн эрх мэдэл олгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх замаар энэ асуудлыг шийдэх боломжтойг онцолж байлаа. Тухайлахад гишүүн Н.Энхболд иргэн хүн хаана оршин суухаа сонгох эрхтэй тул алслагдсан бүс нутгийн иргэдийн цалин хөлсийг бага зэрэг нэмээд нүүдэл зогсож хотын төвлөрөл багасна гэж байхгүй, асуудлыг шийдэх өөр арга зам хайх нь дээр юм, гишүүн Д.Загджав хотын төвлөрөл ихэссэн, хөдөөгийнхний амьдралын боломж нөхцөл дордсон нь Үндсэн хуулийн алдаанаас үүдэлтэй учраас асуудлыг энэ өнцгөөс харж бодлогын хэмжээнд авч үзэх нь зүйтэй, гишүүн С.Ламбаа хуулиар иргэн хүнд адил тэгш олгогдсон эрхэнд нь халдах замаар цалин, тэтгэврийн асуудалд ялгавартай хандах нь буруу, харин алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тэнд амьдарч байгаа иргэдийн амьдрал ахуйд бодитойгоор нөлөөлөх тийм л дэмжлэг туслалцаа хэрэгтэй, гишүүн Э.Бат-Үүл орон нутагт эдийн засгийн эрх мэдлийн тодорхой хэсгийг шилжүүлэх бодлого барьж байгаа энэ үед хуулийн төслийн агуулга зөрчилдөж байна гэж байлаа.

Харин гишүүн Ц.Батбаяр хотын иргэдийн хэт төвлөрлийг сааруулах асуудал тулгараад байгаа энэ үед хуулийн төслийг дэмжих нь зүйтэй, Р.Раш говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр гэсэн үг ч бий, иймээс байгалийн хүнд нөхцөлтэй говийн болон алслагдсан  бүс нутагт амьдарч байгаа иргэдэд бага ч болов дэм үзүүлэх хэрэгтэй байна, Д.Балдан-Очир бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг үндэс нь санхүүгийн дэмжлэг юм, алслагдсан, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй нутагт аж төрж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлдэг нь аль ч улс оронд байдаг асуудал гэж байв.

Ингээд хуулиудын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч ажлын хэсэг асуудлаа эцэслэн шийдээгүй байгаа тул дараа хэлэлцэхээр хойшлууллаа.

ШИНЭ МЭДЭЭ