http 110

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ТБХ: Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэв
2021.10.27
Эдийн засаг, Худалдаа

ТБХ: Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэв

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн (2021.10.26) хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэв.

Тус зөвлөл нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

    Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбуу танилцуулав. Эхлээд тэрбээр эдийн засгийн дотоод, гадаад орчны нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Эдийн, засаг төсвийн тогтвортой байдалд онцгой нөлөөтэй зарим асуудлууд байгааг онцоллоо. Тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн байдал эх орны хүнс, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангах боломж бүрджээ. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж хэмээн онцолсон. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлт, нийлүүлэлт оны эхнээс өсөж одоогоор дээд хэмжээнд хүрээд байгааг дурдав. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш харьцангуй тогтвортой буюу өнгөрсөн оны мөн үеэс өнөөг хүртэл 2850 орчим төгрөгт эргэлдэж байгааг мөн дурдсан. Инфляцын түвшин эдийн засгийг дэмжих хэмжээнд буюу 8-9 хувь орчим байгаа, эдийн засаг 4.1 хувиар өсөх төсөөлөлтэй, өнгөрсөн оны уналт 4.6 хувийг арай нөхөж чадахааргүй байна гэжээ. Зээл хадгаламжийн хүү харьцангуй буурч, зээлийн нөхцөл сайжирсан бол нэгдсэн төсвийн суурь алдагдал эхний есөн сарын байдлаар 70.4 тэрбум төгрөг байгааг мөн эдийн, засаг төсвийн тогтвортой байдалд онцгой нөлөөтэй асуудал хэмээн онцолсон.

    Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт 20 гаруй хувиар өсөж 27.0 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Үүнээс Монголбанк болон арилжааны банкууд дахь нөөц цаашид эдийн засгийг санхүүжүүлэхэд нааштай нөлөө үзүүлэх магадлалтай хэмээн дүгнэжээ. Д.Даваасамбуу дарга үргэлжлүүлэн эдийн засгийн гадаад орчны талаар товч мэдээлэл хийсэн. ОУВС-аас 2021 оны аравдугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллийг багахан бууруулсан тоймыг гаргажээ. Дээр дурдсан эдийн засгийн тоймдоо ОУВС 2021 онд газрын тосны үнийг 59 хувиар, тосны бус таваарын бүтээгдэхүүний үнийг 26 хувиар өсөхөөр тооцсон бол 2022 онд газрын тос 1.9 хувиар, тосны бус таваарын бүтээгдэхүүний үнэ 0.9 хувиар тус тус бууралттай байх төсөөлөл гаргажээ. Мэдээллийн хүрээнд АНУ, Европын холбоо, Япон Улс, ИБУИНХУ болон хоёр хөршийн эдийн засгийн өсөлт, 2022 оны төсөөллийн талаар танилцуулав.

Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн хууль, бодлогыг тодорхойлоход зайлшгүй анхаарах зарим асуудлын талаар танилцууллаа. Улсын Их Хурлаас хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010 оноос хойш арав гаруй удаа, Засгийн газрын хүсэлтийн дагуу өөрчлөлт оруулаад байгаа аж. Төсвийн тусгай шаардлага буюу төсвийн алдагдлыг ДНБ-ний 2 хувиас хэтрүүлэхгүй эсвэл ашигтай байлгах, Засгийн газрын өрийг мөн ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байх тухай шалгуурыг өөрчилдөг буруу хандлага тогтоод байна гэлээ. Үүнийг залруулж зогсоох шаардлагатай гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, түүний гишүүдийн зүгээс онцгойлон анхааруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн тусгай шаардлагыг дөрвөн жил тутам хянан үзэж байх саналыг танилцуулсан.

    Гадаад өр, төлбөрийн асуудлал нь төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл учруулж буй хүчин зүйл хэмээн онцлоод, холбогдох тоон мэдээллийг танилцуулсан юм. Засгийн газрын 2022 оны төсвийн төслийн баримт бичигт дурдсанаар “Засгийн газрын өр анхааруулах дээд түвшин буюу 45 хувиас давж 93 хувь байна” гэжээ. Өр нэмэгдэж буй гол шалтгаан бол төсвөөс гадна Монгол Улсын төлбөрийн урсгал тэнцэл олон жил алдагдалтай гарч, улмаар төсөвт ихээхэн ачаалал нэмэх хандлагатай болсонтой холбоотой хэмээн дүгнэжээ. Анхааруулах дээд түвшинээс давсан өөр нэг үзүүлэлт бол гадаад санхүүжилтийн хэрэгцээ аж. 2020 оны урсгал тэнцэл дэх улсын болон хувийн секторын гадаад өрийн үйлчилгээний төлбөрийн нийлбэр нь ДНБ-ний 19 хувь байгаа нь анхааруулах дээд түвшин 15 хувиас давжээ гэдгийг Сангийн яамнаас тооцон гаргаж байжээ. Азийн хөгжлийн банк 2021 оны Азийн орнуудын хөгжлийн төлөвийн тухай судалгаандаа Монголын өрийн үйлчилгээний төлбөр нь тус улсын нийт бараа үйлчилгээний орлогын 42.5 хувь (2016), 48.6 (2017), 50.1 (2018), 40.8 (2019), 44.5 (2020)-г эзэлж буй тэмдэглэжээ. Нийт гадаад өрийн 70 орчим хувь нь хувийн хэвшил, үүний дотор 66 гаруй хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарын өрийн Оюу толгойд ногдох нь 12 тэрбум ам.доллар гэдгийг дурдсан.

 Үргэлжлүүлэн Д.Даваасамбуу дарга төлбөрийн тэнцлийн талаарх тоон мэдээг сүүлийн 10 жилийн байдлаар танилцуулж, урсгал төлбөрийн тэнцлийн динамикаас үзэхэд 2008 оноос хойш жил бүр алдагдалтай гарч байсны дотор уул, уурхайн бүтээн байгуулалт ид өрнөсөн 2011-2013 онд урсгал тэнцлийн алдагдал 4-5 тэрбум ам.долларт хүрч байсныг хэллээ. Энэ нь манай улсад үйлдвэрийн бааз, мэргэжлийн ажиллах хүчний нөөц байхгүй, гаднаас орсон зээл, хөрөнгө оруулалт эргээд импортын болон гадаадын мэргэжилтэн, ажилчдын төлбөрт зориулагдаж байсны илэрхийлэл хэмээн дүгнэжээ. Нөгөө талаас урсгал төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь Монгол Улсыг өрийн дарамтад оруулж байгаа гэдгийг тэмдэглэв. Жишээлбэл, 2010-2020 оны хооронд урсгал дансны алдагдал дундажаар 2.299 ам.доллар болж, энэ хугацааны нийт алдагдлын дүн 25.3 тэрбум ам.долларт хүрч, 2020 оны эцсийн байдлаарх өрийн үлдэгдэл болох 32.4 тэрбум ам.долларын 78 хувийг бүрдүүлж байгаа аж.

    Тэрбээр төсөв, нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, дүгнэлт танилцуулсан бөгөөд төсөв, төлбөрийн тэнцэлд дараах хүчин зүйлс хүндрэл учруулж байна хэмээн дүгнэжээ. Үүнд, нүүрсний тээврийг дурдсан. Төмөр замаар нэг тонн нүүрсийг 9 ам.доллароор, авто машинаар 34 ам.доллароор тээвэрлэж байгаа бөгөөд зөрүү 25 ам.доллар болж байгаа юм. Гашуун-Сухайт боомтоор 20 орчим сая тонн нүүрс гаргана гэж тооцоход 500 сая ам.долларын зардал гарч байгаа гэв. Мөн бензин, шатахууны хангамж нь төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл учруулж байгааг хэллээ. Манай улс 2010 онд 286.4 мянган тонн бензинийг 230.2 сая ам.доллар, дизелийн түлш 502.2 мянган тонныг 400.0 сая ам.доллар, нийтдээ 630.2 сая ам.доллар төлж байсан бол 2020 онд 586.1 мянган тонн бензинийг 244.7 сая ам.доллар, дизелийн түлш 1026,9 мянган тонныг 432.4 сая ам.доллар, нийтдээ 681.1 сая ам.доллар төлж, импортолсон байна. Энэ тоо үнийн дүнгийн хувьд нэг тэрбумаар нэмэгдэх эрсдэл байгаа гэв. Удаад нь цахилгааны импортын талаар дурдсан. Жил бүр 140 орчим сая ам.долларын цахилгаан импортолдог. Үүнээс БНХАУ-аас 110 орчим сая ам.долларын цахилгаан авч, нүүрсээ машинаар тээвэрлэж, жил бүр 500 орчим сая ам.долларыг Тавантолгойгоос хил хүртэл тээврийн төлбөрт төлж байгаа нь татвар ногдох орлогыг бууруулж байгаа хэмээн дүгнэжээ. Эцэст нь, зээлийн хүү төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл учруулж байгаа гэж онцлов. Гадаад зээлийн хүүний үйлчилгээний төлбөрт сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ 9.5 тэрбум ам.доллар төлсөн, үүний зэрэгцээ хэмжээ нь жил бүр өссөөр 2019 онд 1.36, 2020 онд 1.32 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь экспортын орлогын 20 шахам хувь, түүн дээр зээлийн үндсэн төлбөрийг оруулбал Азийн хөгжлийн банкны мэдээлснээр экспортын орлогын 50 хувьд дөхөх аж.

    Ингээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дараах санал, зөвлөмжийг Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулжээ. Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг хүүхдийн хадгаламжаар дамжуулан хуримтлуулахыг дэмжих, үүний тулд АМНАТ-аас орон нутгийн санд төвлөрөх мөнгийг хассан дүнд багтаан хүүхдэд зориулах хуримтлал үүсгэх зарчим тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна. Хэр хэмжээний мөнгө цугларах нь ашигт малтмалын үнийн түвшингээс хамаарч байх болно гэдгийг онцолсон. Цаашдаа хүүхэд бүрд олгох мөнгөний хэмжээ сарын 100.0 мянгаас давахыг үгүйсгээгүй юм. Хүүхдийн мөнгийг хадгаламжийн дансад шилжүүлж, жирийн хадгаламжийн адил хүүтэй болгох, системийн чанартай аль банкыг сонгох нь иргэний эрх байх учраас төрийн аливаа оролцоог хязгаарлах нь зүйтэй гэж үзжээ. Төсвийн алдагдлыг эх үүсвэр нь шийдэгдсэн гадаадын зээлийн хэмжээгээр хязгаарлах шаардлагатай гэв.

    Ногдол ашгаар төсөвт төвлөрөх 404.5 тэрбум төгрөгийн үндэслэлийг зэс, молибдений уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэс хайлах үйлдвэр, нүүрс олборлолтын “Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний үнэт цаас гаргаж зах зээлээс босгосон хөрөнгийн баталгаа зэрэгтэй холбон үзэхийг санал болгов.

    Төсвийн хуулийн заалттай нийцгүй байгаа 471.4 тэрбум төгрөгийн 196 төслийг хасахыг, мөн зураг төсөл нь бэлэн биш хөрөнгө оруулалтыг хасахыг санал, зөвлөмждөө дурдсан юм.

    Зарим хөрөнгө оруулалтыг эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэл, ажлын байрны хангалтад түргэн хугацаанд үр ашгаа өгөх төслүүд буюу төмөр зам, эрчим хүч, газрын тос, олон улсад чиглэсэн экспортын чиглэлээр дахин хуваарилах санал, зөвлөмжийг өгчээ. Эхний ээлжид мал аж ахуйн бүтээгдэхүүнийг цуглуулж экспортод гаргах сан бүрдүүлж, зээлийн хүүгийн зөрүүг төсвөөс хариуцах саналыг гаргасан байна.

    Түүнчлэн зээлийн хөнгөлөлтийн зөрүү багасгах арга замыг олж тогтоох эсвээс Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан чиглэлүүдийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх нь оновчтой гэжээ. Энэ чиглэлээр бонд гаргах эсвэл энэ чиглэлийн бондыг худалдан авах баталгаа гаргах боломжийг дурдсан байна.

    Төсвийн тусгай шалгуурыг өөрчилдөг байдлыг зогсоож, хуулийн дагуу дөрвөн жил тутам сайжруулах чиглэлээр хянан үзэж байхыг санал болгожээ. Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог хуулийн заалтыг хүчингүй болгохыг мөн дурдсан байна. Төсвийн тусгай шаардлагуудыг мөрдөж ажиллах хуулийн дагуу зөвхөн 4 жилд эргэж харах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Цар тахлын үед гадаад орчин хязгаарлагдах эрсдэлтэй учир төсвөөр санхүүжих дотоодын худалдан авалт, захиалгыг эрс нэмэгдүүлэх саналыг тус зөвлөмжид тэмдэглэжээ. Ихэнх тендерийг олон шилдэг туршлагын дагуу урт хугацааны тогтвортой гэрээний хэлбэрт оруулах саналыг гаргасан байна.

 Орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн орлого, татварын шинэчлэлтэй холбогдуулан төсвийн зарлагын шинэчлэл хийх нь зүйтэй хэмээн үзжээ. Төсөв хэмнэх, орлого олох хөшүүрэг бий болгож, нэмэгдэл хэмнэлт, орлогыг цахимжуулах, техник хэрэгсэл, өндөр ур чадвартай боловсон хүчин урьж ажиллуулахад ашиглах эрх олгох шаардлагатай гэжээ. Орон нутгийн хөгжлийн сангаас ажлын байрны зээл олгох эрхийг нээх эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх шаардлагыг мөн дурдсан байна.

    Төсвийн аливаа дэмжлэг халамж, татаас, хөнгөлөлтийг татварын бүртэлтэй холбох нэгдсэн сүлжээ бий болгох нь зүйтэй хэмээн зөвлөмжид дурдсан байна.

    Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбуугийн танилцуулсан дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар асуулт асууж, Д.Даваасамбуу дарга болон зөвлөлийн гишүүн Э.Бямбажав нараас хариулт авсан. Түүнчлэн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, О.Цогтгэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид энэхүү дүгнэлтэд дурдсан зөвлөмжүүдийг Засгийн газар, Сангийн яам биелүүлдэг болох механизм хэрэгтэй гэдэг саналыг хэлж байв. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр энэхүү дүгнэлт, санал, зөвлөмжүүдийг хүлээн авахаар төсөлд тусгах боломж хомс тул цаашид төслийг өргөн мэдүүлэхээс өмнө Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмжөө хүргүүлдэг байх, тус зөвлөлийг бэхжүүлэх, Засгийн газрын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал, зөвлөмжийг хэр анхаарч ажилласан талаар дүн шинжилгээ хийх зэрэг саналыг гаргаж байсан юм.

Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцсэнээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ