Ховд аймгийн нутгийн зөвлөл нэртэй найрагчаа  байраар шагнав
2010.07.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ховд аймгийн нутгийн зөвлөл нэртэй найрагчаа байраар шагнав

Алдарт туульчдын өлгий урианхай нутгийн унаган хүү Болор цомын 2009 оны тэргүүн байрын шагналт нэрт яруу найрагч  Хөөдөөгийн  Эрдэнэбаатарыг Ховд аймгийн нутгийн зөвлөл наадмын торгон ногоон дэвжээнээ  нэг  өрөө байраар шагнасан шагналыг гардуулсан нь  Ховдын наадмыг үнэхээр чимж,  наадамчин  олныг  баярлуулсан юм. Түүний шагналыг аймгийн  ИТХ-ын дарга Х. Батболд, аймгийн засаг дарга Г.Нямдаваа УИХын гишүүн,  Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга  С.Бямбацогтын бие төлөөлөгч Ц.Номинчимэг нар хүндэтгэлтэйгээр гардуулж шинэ байрны түлхүүр,  “Батламж” гардуулсан юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч  Х. Эрдэнэбаатар  Болор цомын  дөрвөн удаагийн тусгай шагнал хүртэж,  нэг  удаагийн дэд байр,  2009 оны  болор цомын тэргүүн  шагналыг  анх удаа Ховд нутагтаа авч ирсэнд нутгийн зон олон,  яруу найрагт дуртай ард түмэн хотлоороо баясан баярласан билээ.

 Нутгийн олныхоо хүндэтгэл хүлээсэн энэ найрагч 1994 онд “Сарны жим”,  2000 онд  “Ойрад аялгуу”,  2002 онд “13 дугаар сарын шүлгүүд “,   2009 онд  “Зүүн гарын эзэнт шүлгэс”  шилмэл шүлгийн түүврээ хэвлүүлжээ.

Болор цомын эзэн маань  2009 онд Завхан аймагт Б.Явуухулангийн  мэндэлсний  80 жилийн ойд зориулсан зохион  байгуулсан  “Хөх манхан тэнгэрийг  эзэгнэхэн төрлөө”  яруу найргийн их наадмаас “Билэгт ламын хувилгаан Ц.Дашдорж  Хутагтын хишигт яруу найрагч “шагнал хүртсэн билээ.

Түүний  зохиолууд   орос,  англи,  хятад, франц хэл дээр орчуулагдан яруу найрагт дуртай гадаадынхны  ширээний ном  болсныг хэлэхэд нутгийн яруу найрагчаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Х.Эрдэнэбаатарын шүлэг,  яруу найраг монголдоо төдийгүй дэлхийд танигдаж байгаа нь үнэхээр сайшаалтай.  Тэрээр   8-р сарын 24-30 нд БНСУ-ын  Чежү аралд болох  Дэлхийн яруу найрагчдын 30-р их хуралд оролцохоор болсон нь  найрагт дуртай ард түмнийхээ итгэлийг дааж яваагийн тод  илэрхийлэл  гэлтэй .

ШИНЭ МЭДЭЭ