С.Бямбацогт: ”Сонгуулиудыг хамтад нь явуулахыг бодох хэрэгтэй”
2011.12.20

С.Бямбацогт: ”Сонгуулиудыг хамтад нь явуулахыг бодох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Энгийн, ойлгомжтой зүйл асууя. Магадгүй уншигч, сонгогчдын олонхийн хувьд Сонгуулийн хуулийн зүйл, заалтуудын талаар нарийн сайн ойлголтгүй байгаа байх. Тийм болохоор сонгогчдод ойлгомжтой болгох үүднээс асууж байна л даа. Энгийн сонгогч миний хувьд ирэх сонгуульд яаж саналаа өгөхөөр болж байна. Санал өгөх өдөр миний өмнө ямар гээчийн саналын хуудас байх болж байна?

-Нэгдүгээрт, та сонгогчийн үнэмлэх авахгүй. Иргэний ухаалаг чиптэй үнэмлэхийг ирэх оны эхний улиралд багтаан тараана. Сонгогчийн үнэмлэх тарааж, Сонгуулийн хэсгийн хороонд нэрс гаргадаг ажил болохгүй гэсэн үг. Би аль хэсгийн хороонд, хаана саналаа өгөх вэ гэдгээ урьдчилаад интернэтэд орж регистрийн дугаараа хийгээд л мэдчихэж болно. Манайханд нийтлэг гарч байсан нэг зүйл нь нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй тухай гомдол, мөн давхардаж орсон зэрэг зөрчлүүд байдаг.

За тэгээд та санал авах байранд яваад очно.

Таныг очиход үүдэнд нь 76 хүний нэрсийг жагсаасан, гэхдээ 28 нь арай тусгаарлагдсан байдалтай жагсаалтыг гаргачихсан тодорхой харж болохоор байна. Таныг яваад ороход танд хоёр төрлийн саналын хуудас өгөх болно. Эсвэл нэг саналын хуудсан дээр хоёр янзаар дугуйлах сонголт байж ч болно. Эхнийх нь тухайн тойрогт нэр дэвшиж буй хүнийг сонгож тэмдэглэгээ хийхээр байгаа. Дараагийнх нь хэсэгт аль намыг сонгохоо тэмдэглэнэ. Ийм байдлаар л сонгууль өгнө дөө.

-Бие даан нэр дэвшигчдийн хувьд энэ сонгуульд хэрхэн оролцохоор байна?

-Сонгууль зарласнаас хойш гарын үсгээ цуглуулж оролцох эрхээ авах ба хүн сонгох нэрсийн жагсаалтад бичигдэх байдлаар л бие даагчид оролцоно.

-Яагаад лхагва гаригт сонгууль явуулна гээд хуульчилчихав. Энд ямар шалтгаан байна?

-Сонгууль өгөх гэж нэг амралтын өдрөө алддагтай холбоотой шалтгаан бий. Нөгөөтэйгүүр сонгуулийг төрийн албан хаагч зохион явуулахаар болж байгаа. Өмнө нь нам эвслээс тойрог хэсгийн хороодод хүмүүс орж ажилладаг байсан бол одоо ийм зүйл үгүй болсон. Сонгууль төрийн ажил учраас төрийн албан хаагчид ажиллах нь зүйтэй гэж үзэж ийн шийдсэн. Төрийн албан хаагчдыг ажиллуулж байгаа юм чинь ажлын өдөр санал хураах нь зүйтэй гэж үзсэн.

-Сонгуулийн санал авах цагийг 20.00 цаг болгон наашлуулсан. Өмнөхөөрөө бодоод оройн 22.00 цагтаа багтаад саналаа өгнө гэж хоцроод сүүлд нь саналаа өгч чадаагүй гэж бухимдах бөөн хүмүүс гарч ирэх юм биш биз дээ?

-Сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай журмыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргана. Ингээд сонгууль зохион явуулах бэлтгэл ажилдаа орно. Үүнд, Сонгуулийн хуулийн өөрчлөлтүүдийн талаар маш хүчтэй, ойлгомжтой мэдээллийг хүргэх байх. Сонгууль болох өдөр хүртэл иргэд маань хуулийн талаар, сонгуулиа хэрхэн өгөх талаар бүрэн ойлголттой болчих байх. Цагийг наашлуулсан шалтгаан нь шөнийн харанхуйг далимдуулж луйвар хийдгийг болиулах гэсэнд байгаа. Харанхуйд л хамгийн их будилаан үүсдэг.

-Цагийг наашлуулснаар тойрог хэсгийн хороодын ачаалал ихсэхгүй юу?

-Үгүй. Өмнө байснаас бараг хоёр дахин их тойрог хэсгийн хороодыг байгуулахаар болсон тул ачаалал ихсэхгүй. Хуучин 5000 хүн тутамд нэг хэсгийн хороо байдаг байсан бол одоо 3000 хүн тутам нэг санал авах байр ажиллахаар болсон. Ачаалал өмнөхөөс бүр ч багассан тул эртхэн сонгуулийг дуусгах боломжтой гэсэн үг.

-Сонгуулийн үеэр ашигладаг элдэв аргуудыг хааж чадаа болов уу. Жишээ нь, “гинжин хэлхээ”-г хэлж болж байна. Саналын бөглөсөн хуудас авч орж саналын хайрцагт хийлгээд, удаах хүн нь хуудсаа бөглөлгүй авч гарч ирээд дараагийнхаа хүнд мөн л бөглөчихөөд өгч оруулдаг. Шинэ хууль ийм тохиолдлыг яах болов?

-Яг ийм аргыг яахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ ийм боломж бараг гарахгүй байх. Урд урьдын сонгуулиудад гарсан санал хураалт болон саналыг тоолох явцад гарч байсан сөрөг зүйлсийг үлдээхгүйгээр хязгаарлах, хориглохыг хичээсэн. Хэрэв ийм үйлдэл гаргавал хүлээлгэх хариуцлагыг чангатгах маш олон өөрчлөлт орсон. Саналыг хоёр удаа өгөх гэж оролдох юм бол Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээр болсон. Дээрх шиг хууль бус үйлдэл хийхийг оролдоод баригдах юм бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэхээр шоронд орох гэж тийм үйлдэл хийх хүн олдохгүй байлгүй дээ.

-Сонгуулийн ерөнхий хороо гэдгийг ямар ч эрх мэдэлгүй нэг газар гэх ойлголт хүмүүст бий болсон. Энэ байгууллагын эрх хэмжээ асуудлыг шийдэж чаддаг болтлоо томорсон уу, үгүй юу?

-СЕХ нь хуулиа бүрэн хэрэгжүүлж чадах юм бол бүрэн эрхтэй болсон. Хариуцлагын заалтууд нэлээд орсон. Сонгуулийн хууль зөрчигчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэр дэвшигчдэд хариуцлага хүлээлгэх гээд л сонгуульд оролцож буй бүх оролцогчдод эрх үүргийг нь заагаад өгчихсөн. Ингэж үйлдэл бүрт нь яавал яахыг заачихсан тул СЕХ нь эрх мэдэл хүрэхгүй байх асуудал гарахгүй байх.

-Төрийн албан хаагч нь сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос гурван сар, зургаан сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай заалт мөн батлагдсан. Ингэж хугацаа зааж ажлаас нь чөлөөлсний хэрэг юунд гарах бол?


-Төрийн албан хаагч нь тэр нэг сандал суудал дээр лаглайчихаараа нийтийн эрх ашгийн төлөө гэхээс илүү хувийн эрх ашгийн төлөө ажиллаад эхэлдэг. Энд байгаагаа ашиглаад хөрөнгө мөнгө олж авахыг ч эрмэлздэг. Үүндээ бардаад би ч чадах юм байна гээд улс төрд орох нь дээр юм гэж боддог бололтой. Төрийн албан хаагч улс төрд орохоор бол гарааны тэгш байдлаар оролцох ёстой. Улс орон даяар сүлжээ үүсгэчихсэн газар агентлагуудыг хэн нэгэн ашиглаад албан тушаалд хүрч болохгүй биз дээ.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр хийх эсэх тухай яриа одоо “моодонд орох” байх. Энэ хуулийг өөрчлөх гэж байна уу?


-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль нэг өдөр зохиогдохоор байгаа.  Гэтэл орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахад эдийн засгийн болоод цаг хугацаа, зохион явуулах хүн хүчний боломжийг тооцох хэрэгтэй. Үүнийг нэлээд сайн тооцож байж хамт явуулах эсэхээ шийдэхгүйгээр нэгэнт хүчинтэй хуулиар хамт явуулна гэж зүтгэвэл олон хүндрэл гарч болох юм.

-Шилжих хөдөлгөөний хязгаар­лалтыг сонгууль болохоос хэдий хугацаанд хязгаарласан бэ? Зарим нь сонгуулийн луйврын эсрэг эртхэн хязгаарла гэдэг бол хэн нэгний шилжих эрхэд хязгаарлах хэрэггүй гэх тайлбар өгдөг?

-Шилжилт хөдөлгөөн сонгууль болохоос гурван сарын өмнө зөвшөө­рөгдөж байгаа ба энэ хугацаанаас хэтэрвэл шилжилтийг зогсоож байгаа.

-Эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гэдгийг сонгуулийн үр дүнд 76 гишүүний 20 хувь нь эмэгтэйчүүд байна гэж ойлгож болох уу?


-Үгүй. Энэ нь нам нэр дэвшүүлэх жагсаалт гаргахдаа 20-иос доошгүй хувьд эмэгтэйчүүдийг заавал дэвшүүлэхийг хэлж байгаа хэрэг. Үр дүн нь 20 хувь байх эсэхийг ард түмэн л шийднэ. Үр дүнд нь 100 хувь байж болно, хоёр хувь ч байж болно. Сонголт хийх эрх нь ард түмэнд байгаа тул заавал 20 хувьд нь эмэгтэй гишүүд байна гэж хуульчилж болохгүй.

-Сонгуулиар мөнгө амлахгүй нь тодорхой болсон гэж бодож байгаа. Гэхдээ намуудад “өрх бүрт нэг өрөө байр өгнө” гэх мэт амлалт өгөх боломж нь хаагдаагүй юм биш үү?

-Үгүй шүү. Сонгуулийн хуулийг бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуультайгаа уялдуулж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн нам эвслийг бүртгэхдээ Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан заалтыг хэтрүүлсэн эсэхээр хязгаарлан бүртгэнэ. Эдийн засаг даахгүй амлалт, бодлого дэвшүүлсэн бол Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй байх, сонгуульд оролцуулахгүй байх эрхтэй. Мөн мөнгө тараах, өр төлбөрөөс чөлөөлөх зэрэг амлалтыг гаргавал тухайн нэр дэвшигчийн сонгогдох эрхтэй ч ярих болохоор ийм зүйл гарахгүй.

-Энэ сонгуулийн нэг онцлог нь гадаадад буй иргэдийг сонгуульд санал өгөх боломжтой болгож байгаа. Ер нь гадаадад буй иргэд ямар байдлаар сонгуульд оролцож хүнийг болоод намыг яаж сонгох юм?

-СЕХ-ноос гадаадад буй иргэдийн сонгуульд оролцох боломжийг хангах журмаа гаргаж хариуцан ажиллана. Элчин сайд, Консулын газар  нь саналыг нь авах уу, цахим хэлбэрээр авах уу гэдгээ шийдэх байх. Ямартаа ч гадаадад амьдарч буй 200 мянга гаруй монголчуудын маань нэлээд хэсэг нь сонгуульд оролцох байх.

-Сонгуулийн хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд унагачихвал таны ярьсан зүйлийн нэлээд хэсэг нь ямар ч үр дүнгүй болох байх даа?


-Үгүй. УИХ гурван жил зургаан сарын хугацаанд энэ хуулийн төсөл дээр ажиллан, зөвшилцөн байж баталсан. Нэг хуулийг ийм их хугацаа зарцуулан хэлэлцэж байсан тохиолдол бага л байх. Хүч гарган түрэмгийлэлгүй, харилцан зөвшилцөн байж гаргасан хуулийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэхгүй байх. Сонгуулийн хуулийг бүхэлд нь үгүйсгэх зүйл байхгүй нь тодорхой. Улс төрийн намууд маань Үндсэн хууль зөрчсөн эсэхийг одоо л бодож байгаа юм биш, өмнө нь тооцоолж байсан. Ер нь бол энэ тал дээр асуудал үүсч хүндрэл үүсэхгүй байх даа.

Нийтлэлч
Б.Мандах
Эх сурвалж
Ардын эрх сонин

ШИНЭ МЭДЭЭ