http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт:Одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөг өгдөг болъё
2011.12.01

С.Бямбацогт:Одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөг өгдөг болъё

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзаж ярилцлаа.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг С.Бямбацогт, Д.Дондог, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, А.Тлейхан, Ц.Цэнгэл нар санаачилснаа УИХ-ын даргад өчигдөр өргөн барив. Одоогийн мөрдөж байгаа хуулиар “Алдарт эх”-ийн I, II одонтой ээжүүд жилд нэг удаа 100-200 мянган төгрөг авдаг юм байна. Зургаан гишүүний төсөл дэмжигдвэл одонтой ээжид 500 мянгаас нэг сая төгрөг, гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн бол нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг болох юм. Засгийн газар уг төсөлд саналаа өгөөгүй удсан учир гишүүд УИХ-ын даргад ийн өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн танилцуулгад сонирхолтой зарим судалгааны дүн харагдав.

Монголд нийт 541149 өрх бий аж. Түүний 126564 нь бага насны хүүхэдгүй, 138484 өрх нэг, 142216 өрх хоёр, 79982 өрх гурав, 53903 өрх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байна. Энэ нь нэг өрхөд дунджаар хоёр хүүхэд ногддог гэсэн үг. Хүүхэд төрүүлэхэд хөшүүрэг болдог зүйлийн нэг нь мөнгөн тэтгэмж гэж эхчүүд хариулжээ. Тухайлбал, 40-44 насны эмэгтэйчүүдийн 15.4, 30-34 насныхны 14.3, 20-24 насныхны 9.3, өсвөр насны охидын 12.1 хувь нь хүүхэд төрүүлэх шийдвэр гаргахад хүүхдийн мөнгөн тэтгэмж нөлөөлдөг гэсэн байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг санаачлагчийн нэг С.Бямбацогтоос зарим зүйл тодрууллаа.

-Хууль батлагдаж, түүнийг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний санхүүжилт хэрэгтэй болох байх. Та нарын өргөн барьсан төсөл 2012 оны төсөвтэй хэр уялдсан юм бэ?

-Таван сард санаачлаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Өнөөдрийг болтол хариугаа өгөөгүй учир гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу өргөн барилаа. Уг нь төсөв батлахаас өмнө төслийг хэлэлцсэн бол хөрөнгийн асуудлыг шийдчих боломж байв. Төсвийн тодот голоор санхүүжилтийн асуудлыг зохицуулж болно. Алдарт эхийн одонтой, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бүх ээжид энэ хуулиар урамшуулал олгоно. Монгол Улс хүн амаа өсгөж байж эдийн засгийн хөгжлийн баталгаа, тусгаар тогтнолын аюулгүй байдал хангагдана. Хүнээ өсгөхийн тулд эхээр дамжуулсан бодлого явуулах ёстой.

-Одонтой эхчүүд жилд нэг удаа мөнгөн тэтгэмж авдаг. Та нарын өргөн барьсан төсөл батлагдвал одонг дагуулж урамшуулал өгдөг болох уу?

-Одоогийн хуулиар I-II одонтой эхчүүдэд жилд нэг удаа 100-200 мянган төгрөг өгч байгаа. Энэ бол одонгийн мөнгө. Бидний төсөлд тусгасан 500 мянгаас нэг сая төгрөгийг одонг нь дагуулж нэг удаа олгох юм. Гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн ээжид хүүхдийн нь төрсний гэрчилгээг нь үндэслэж 300 мянган төгрөгийн урамшуулал үзүүлнэ. Хүүхдийн мөнгө зөв бодлого байсан. Монголын нэг өрх дунджаар хоёр хүүхэдтэй байгаа нь чамлахаар тоо. Энэ нь эргээд манай улсын эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Урамшуулал бий болгоод өгвөл хүн амаа өсгөх төрийн бодлого хэрэгжинэ. Олон хүүхэд тэжээх амьдралын боломж өнөөдөр хомс, өрхийн орлого бага байгаа учраас хүн ам дорвитой өсөхгүй байна. Биднийг бага байхад Хүүхдийн мөнгө гэж жилд нэг удаа авдаг байж. Аав, ээжийн цалингаараа авч хүрдэггүй хивс, зурагт, угаалгын машин зэргийг Хүүхдийн мөнгөөрөө л авч чаддаг байлаа. Хүүхдүүдийнхээ мөнгөөр энэ, тэрийг авсан гэж аав, ээж маань ярьдаг байсан сайхан дурсамж бий. 1980-аад оны үед нэг өрх дунджаар таван хүүхэдтэй байдаг байсан бол өнөөдөр хоёр гэж байгаа нь харамсалтай тоо. Үүнийг том асуудал гэж үзэж байна.

-Хууль батлагдаад түүнийг хэрэгжүүллээ гэхэд яг хэдий хэрийн мөнгө хэрэгтэй юм бэ?

-Эхний ээлжид, нэг удаад 140-өөд тэрбум төгрөг хэрэгтэй. Хууль батлагдсан хугацаанаас өмнө одон авсан, гурван хүүхэд төрүүлж өсгө- сөн бүх ээж хамрагдана. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд жил бүр урамшуулал олгоод явахад жилд 10 орчим тэрбум төгрөг шаардагдана. Төсөвт мөнгө суулгаагүй гээд хойшлуулж таарахгүй. Төсвийн тодотголоор хөрөнгө тусгаж болно.

-Засгийн газар саналаа өгөөгүйг бодохоор дэмжигдэх магадлал хэр юм бол. Бас нэг халамж гээд эсэргүүцэх хүч гарч ирэхийг үгүйсгэхгүй.

-2012 оны төсвийн зардлыг 1.2 их наяд төгрөгөөр танасан. Энэ мөнгөний 10 хувийг эхчүүдэд зориулахад төсөвт дарамт болохгүй. Хүн амаа өсгөх нь төрийн онцгой бодлого байх ёстой. Өмнө нь тав, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд алдарт эхийн одон өгдөг байсан болзлыг бууруулсан. Энэ нь хүн амаа өсгөх бодлогын нэг хэсэг байсан. Түүнийг үргэлжлүүлье гэж байгаа юм. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж монголчууд ярьдаг.

Хүн ам олон байх тусам зах зээл өргөжин тэлж, нийгэм, соёлын үйлчилгээ хөгждөг.

Үндэсний аюулгүй байдал хангагдах баталгааны нэг нь хүн ам олонтой байх асуудал. Монголчууд олуулаа байх тусам зах хязгаар нутаг маань эзэнтэй үлдэнэ. Манай хүн амын дийлэнх нь хэсэг нь хөдөлмөрийн насных байна. Ирээдүйд баялаг бүтээх салбар ажиллагсдын хомсдолд орж болзошгүй учир хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

Нийтлэлч
Го.Энхтөр
Эх сурвалж
Өнөөдөр сонин

ШИНЭ МЭДЭЭ