С.Бямбацогт: Тарган төсвийг тураах нь тарган хүнийг тураахаас хэцүү юм байна
2011.11.21

С.Бямбацогт: Тарган төсвийг тураах нь тарган хүнийг тураахаас хэцүү юм байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-2012 оны төсвийг УИХ хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан төсөв нэлээд том хэмжээтэй байгаа. Бүлгүүд төсвийн урсгал зардлыг танахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр танай бүлгээс ямар саналууд гарсан бэ?

-Энэ оны эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрлээ. Өсөлт 2012 онд ч хадгалагдахаар байгаа. Үүнийг дагаад төсвийн орлого, зарлага урд өмнө байгаагүй нэмэгдсэн төсөл орж ирсэн. Нөгөө талаас сонгуулийн жилтэй холбож асуудлыг тайлбарлаж байна. Зөвхөн төсвийн урсгал зардалтай холбоотой хэсгийг аваад үзэхэд энэ оныхоос 1.3 их наядаар нэмэгдэхээр байгаа. Энэ бол маш их өсөлт. Тиймээс төсвийн төслийг бүлгүүд дээр ярьж, урсгал зардлыг  2011 оны төвшинд царцаавал яасан юм бэ гэсэн.Манайхаас бүлгийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг дээрээ бид эхний ээлжид шинээр эхлэх гэж байгаа албан конторын барилгыг  барихгүй байх ёстой гэж үзсэн.

Тавилга, тоног төхөөрөмж, автомашин зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг 2011 оны төвшинд царцаах чиглэл гаргалаа.

Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөхөөс бусад урсгал зардлыг 2011 оны төвшинд царцаах байр суурьтай байгаа. Шинээр төрийн албан хаагчийн орон тоо нэмэгдэнэ. Гэхдээ энэ тоог зохих төвшинд бууруулах санал ч гарсан. Ажлын хэсэг энэ чиглэлээр нэлээд ажил хийлээ. Нарийвчлаад үзэхээр хууль, тогтоол, шийдвэртэй зардлууд гараад байгаа юм. Гэсэн ч бид энэ зардлыг тодорхой хэмжээнд бууруулах зорилт тавьсан. Мэдээж бүгдийг нь 2011 оны төвшинд царцаах бололцоо алга. Байдал ийм л байгаа.

-Уг нь төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, цомхон чадварлаг баг бүр-дүүлэх чиглэлээр Засгийн газарт холбогдох үүргийг УИХ-аас удаа дараа өгсөн шүү дээ. Ирэх онд төрийн албан хаагчдын тоо хэдээр өсөхөөр байгаа юм бэ?

- 2012 оны төсөв дээр орон тоог 9500-аар нэмэх санал орж ирсэн. Задлаад үзэхээр зайлшгүй нэмэх шаардлагатай орон тоо байна. Тухайлбал, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, шуурхай болгох чиглэлээр боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээний албан хаагчдын орон тоо нэмэгдэх шаардлагатай. Сургуульд сурч байгаа хүүхдийн тоо өсч байна.

Дээр нь эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд энэ чиглэлийн орон тоог нэмэх нь гарцаагүй.

Ийм чиглэлд бол 5000 орон тоо нэмэхээр байгаа. Хасч болохгүй гэж үзсэн. Яагаад гэвэл, боловсрол, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг. Харин төрийн захиргаа-ны албан хаагчдын орон тоог нэмэх асуудлыг нухацтай ярих ёстой. Хэдийгээр хууль, тог-тоомж, шийдвэрийн дагуу орон тоо нэмэгдэхээр байгаа ч да-хин судлах хэрэгтэй. 2008 онд төрийн албан хаагчдын тоо 110 мянга байсан. Одоо 150 мянгад хүрсэн шүү дээ. Өргөн барьсан төсвийг баталбал Монгол Улс 160 мянган төрийн албан хаагчтай болох нь. Ингэж орон тоо, зардал өсөхийн хэрээр төрийн үйлчилгээ ард иргэдэд хүртээмжтэй болж, хүнд сурталгүй үйлчилж байна уу гэвэл харин үгүй. Тиймээс орон тоо нэмэхээс илүүтэй төрд ажиллаж байгаа хүмүүсийн чадавхи, хариуцлагыг нэмэх ёстой  гэсэн бодлого барьж байна.

 

-Төсвийн урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардал 1.5 их наяд болж өслөө. Ер нь ингэж өсгөх шаардлага байгаа юм уу. Олсныхоо хэрээр зараад байх нь оновчтой бодлого мөн үү?

 

-Хөрөнгө оруулалтын зар-дал, урсгал зардал хоёр бол харьцангуй өөр ойлголт. Урсгал зардал хэрэглээг нэмдэг. Голлох байрыг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл эзэлж байгаа. Тиймээс эндээс бусад зардлыг нь царцаахаар ярьсан. Үнэхээр тарган төсөв, тарган хүн хоёрыг тураах шиг хэцүү юм байдаггүй бололтой. Тарган төсвийг тураах нь тарган хүнийг тураахаас хэцүү юм байна. Урсгал зардлаа царцаахад хүндрэлтэй зүйл их байна. Гэсэн ч бид ажиллаж байгаа. Харин хөрөнгө оруулалтыг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хэрэглээг дэмжих биш, эдийн засагт нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг. Бараа хэр хүртээмжтэй, олон болно дагаад өрсөлдөөнөөс чанар үүсдэг. Мэдээж төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, авто-зам барих шаардлага бий. Яагаад гэвэл, дагаад бараа үйлчилгээ хурдан, хүртээмж-тэй болдог. Дэд бүтэц сайжрахын хэрээр өртөг зардал буурна шүү дээ. Тэр хэмжээгээрээ бусад баялаг бүтээх салбарт дэмжлэг болдог. Тиймээс ч хөрөнгө оруулалтыг нэмэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 их наяд болж байгаагийн гол зардал нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, авто зам тавих. Байх л ёстой зардлууд гэсэн үг. Жишээ хэлье л дээ. Бидний эдэлдэг, өмсдөг зүйлийн ихэнх импортоор орж ирдэг. Гэтэл Замын-Үүд боомт дээр саатал үүсч, нэвтрүүлэх чадвар муу-гаас болж бараа, материалын хомсдол үүсдэг. Энэ нь эргээд үнэ өсөх үндэслэлийн нэг болдог. Тиймээс ч Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэх чиглэлээр томоохон ажил хийх шаардлагатай. Дээр нь Монгол Улс Азийн автозамын сүлжээнд үүрэг хүлээсэн орон. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд замтай болох үүрэг хүлээсэн. Бас Баян-Өлгийн Цагааннуур-Ховд-Хятадын боомтыг холбох ёстой. Олон улсын өмнө хүлээ-сэн ийм үүрэг бидэнд бий. Дээр нь Улаанбаатар хотыг 21 аймагтай хатуу хучилттай замаар холбох зорилт бий. Энэ ажлууд дээр анхаарал тавьж ажиллах ёстой.

-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дөхчих-лөө. Зардлаа хэдийгээр танаж байгаа ч орлого хэр найдвартай вэ гэсэн асуулт давхар гарч байна. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлтээр бол орлого талд хүндрэл үүсэхээр байгаа юм биш үү?

-Төсвийн орлогыг 6.3 их наяд төгрөгөөр тооцож оруулж ирсэн. ДНБ-ий 35.4 хувьтай тэнцүү орлого л доо. Орлогоо дахин нэмэх бололцоо хомс байгаа. Засгийн газар орлогыг сайн дайчилсан төсөв оруулж ирсэн. Одоо түүхий нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварын асуудлыг л ярьж магадгүй. Өөрөөр бол орлогын эх үүсвэр тун бага. Алт, зэс, нүүрсний үнийг боломжийн хэмжээнд тогтоогоод оруулж ирсэн. Дээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бид баталсан шүү дээ. Тогтворжуулалтын санд нэлээд их хэмжээний хөрөнгө үл-дэхээр байгаа. Хэрэв төсөв орлого талдаа хүндэрвэл Тогтворжуулалтын сангаас нөхөөд явах хуулийн гарц бий. Гэхдээ л орлого талдаа гол экспортын барааны үнийг боломжийн тусгасан болохоор дутагдах зүйл гарахгүй байх. Гол нь урсгал зардал дээрээ анхаарах  хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдын зайлшгүй шаардлагатай биш орон тоог тэвчих ёстой. Шинээр конторын барилга барихыг зогсооё. Хөрөнгө оруулалтын зардлаас автомашин худалдаж авах зардлыг царцаая. Жишээ нь, Төрийн тусгай хамгаалалтын газарт хуягласан бенз автомашиныг 2.2 тэрбумаар авах санал орж ирсэн. Тэр зайлшгүй шаардлагатай юу гэдгийг бодох ёстой. Миний хувьд тэвчиж болох л зардал гэж ойлгож байна. Энэ мэтчилэн зардлыг нэг бүрчлэн шүүрдэж байгаа. МАН-ын бүлгээс урсгал зардлыг бууруулах чиглэл гарч, ажлын хэсэг ажиллаж байна.

 

 

-Бас орлого талдаа Таван толгойн гэрээний урьдчилгаанаас багагүй мөнгийг тооцсон байсан. Ирээдүйгээсээ ингэж зээлэх нь оновчтой хувилбар уу?

-Мэдээж ирээдүйгээсээ урьдчилж зээлэх байдлаар биш, өнөөдөр олсон баялгаа ирээдүйдээ үлдээж, хуримтлуулж явах ёстой. Зүй ёсны зарчим бол тэр. Таван толгойн хувьд УИХ-ын 39 дүгээр тогтоол гарсан. Энэ оны хавар хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулах ёстой байсан. Гэсэн ч одоо он дуусах нь. Гэхдээ яриа хэлэлцээ шийдвэрлэгдэх  шатандаа орсон гэж ойлгосон. Ажил хариуцаж байгаа Засгийн газар ороод ирэх боломжтой гэж тооцсон болохоор итгэхээс өөр арга байхгүй л дээ. Үр дүн гарна гэж тооцсон учраас л төсөвт суулгаж өгсөн байх.

-Ирэх оны төсөв бол сонгуулийн жилийнх гэдгээрээ онцлогтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр биелж дуусах сүүлийн жил. Ер нь намуудын сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгийг иргэн бүрт хүртээж чадах уу. Засгийн газрын оруулж ирсэн төслөөр бол 600 гаруй мянган хүн л 1.5 сая төгрөгөө бүрэн авахаар юм билээ. Бусад хүн яах вэ?

-МАН-ын бүлэг дээр энэ талаар нэлээд ярилцсан. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр өгч байгаа мөнгөн дээр нь нэг сая төгрөгийг нь бэлнээр нэмж олгоё гэсэн санал орж ирсэн. Орон сууцны зээлтэй иргэдийн төлбөрийг нь Хүний хөгжил сангаас олгоё гэсэн саналыг Засгийн газар оруулсан. Бүлэг дээр энэ талаар ярилцаад илүү тодорхой болгоё гэсэн л дээ. Үлдсэн хоёр сая иргэн сонгуулиас өмнө 1.5 сая төгрөгөө ямар хэлбэрээр авч дуусгах вэ гэдэг төсөв батлагдахаар маш тодорхой болно.

-Тухайлбал, ямар гарц хайж байна вэ?

-Бидний хувьд зөвхөн"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамарсан биш, сум орон нутагт орон сууцанд орох, хувийнхаа хашаа байшинг шинээр барьж байгаа иргэддээ ч нэг сая төгрөгийг Хүний хөгжил сангаас олгох байдлаар явъя гэж ярьж байна. Цалин, тэтгэвэр, малчны зээлтэй хүмүүс бий. Энэ зээлийг нь хаах талаар судалж байгаа. Тодорхой хэмжээний үнэт цаас гаргах замаар мөнгийг урт хугацаанд нь шингээж өгөх, төсөв, эдийн засагт дарамт учруулахгүй, инфляцыг өдөөхгүй байдлаар үнэт цаас гаргая гэсэн. Энэ мэтчилэн асуудлыг тал бүрээс нь ярьж  судалж байна. Төсөв баталсны дараа тодорхой болох байх.

-Ер нь ирэх оны төсвийг баталснаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүрэн биелэх үү. Одоо бол 60 орчим хувьтай л байгаа шүү дээ?

-2012 оны зургадугаар сар гэхэд мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай болох вэ гэдгийг ярьсан. Дүгнээд үзэхэд тодорхой асуудлаар биелэх бүрэн бололцоотой байгаа. Харин багш бүрт зөөврийн компьютер олгох, газар тариалан эрхлэгчдэд 12 мянган трактор, малчдад найман мянган трактор олгох, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох зэрэг хэдэн асуудал л ирэх оны төсвийн төсөлд суугаагүй, хөрөнгө зарахаар орж ирээгүй.

-Засгийн газар яаж шийдэхээр санал оруулсан юм бэ?

-Трактор, зөөврийн компьютер олгох асуудлыг БНХАУ-аас авах зээлийн хүрээнд шийднэ гэж тайлбарласан. Гэхдээ өмнө нь Хятадаас 300 сая ам.долларын зээл авахаар 2001 онд тохирсон ч 2011 оноос дөнгөж хэрэгжиж эхэллээ. Тэгэхээр өнгөрсөн жил авахаар тохирсон 500 сая ам.долларын зээлээр 2012 оны сонгуулийн өмнө бүрэн шийдчихнэ гэдэгт эргэлзэж сууна. Тиймээс ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөвт суулгах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Энд нэг их мөнгө шаардагдахгүй.

Багш нарт зөөврийн компьютер олгоход 23 орчим тэрбум, алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой хэмжээнд хэрэгжүүлж эхлэхэд 40 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Эдгээр асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Ажлын хэсгээс ч тодорхой саналууд гарсан. Төсвийн зардлаас хэмнэгдэж байгаа мөнгийг Тогтворжуулалтын сан руу оруулах уу, эсвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелээгүй байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд зарцуулах уу гэсэн сонголт гарч ирсэн. Бүлгийн хурал дээр ярьж байгаад шийднэ.

Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан

ШИНЭ МЭДЭЭ