С.Бямбацогт: Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцох заалт ач холбогдолтой
2011.11.12

С.Бямбацогт: Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцох заалт ач холбогдолтой

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд нийтэд худал мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заагаад байгаа билээ. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авч хэвлэн нийтлэх эрхэд нь хязгаар тавих гэсэн оролдлого хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакц болон иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцлээ илэрхийлж буй.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг сонирхсон юм.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд ногдуулахаар заасан торгуулийн хэмжээний талаар Та ямар байрь суурьтай байгаа вэ?
-“Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэж ярьдаг. Хэрэв сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйцээр элдэв худал хуурмаг мэдээлэл цацаж, гүжир гүтгэлэг гаргах юм бол тухайн мэдээллийг тараасан, зохион байгуулсан хүмүүст бүгдэд нь хариуцлага тооцох ёстой. Би шударга ёсны үүднээс хариуцлагыг зөв гэж бодож байна. Хэн нэгнээс мөнгө аваад төлбөртэйгөөр, захиалгатайгаар бусдын нэр хүндэд халдах, тэр нь эргээд сонгуулийн үед ноцтойгоор нөлөөлөх тохиолдол байдаг. Тиймээс хаана хаанаа хариуцлагатай байх ёстой.
-Гэхдээ хариуцлагын асуудал зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү чиглэсэн мэт байгаа шүү дээ.
-Хэвлэл мэдээлэл бол зөвхөн арга хэрэгсэл болж байгаа. Цаана нь захиалж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүст илүү хариуцлага тооцох хэрэгтэй.
-Захиалагчийн асуудал сонгуулийн хуульд тусах уу?
-Тэр талаар яг хэлж мэдэхгүй байна. Мэдээж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хариуцлага тооцоод ирэхээр намайг тэр захиалсан, би тэдэн төгрөг авсан, ийм материал өгсөн, энэ хүн зохион байгуулсан гэдгээ хэлж таарна. Нөгөө талдаа хариуцлага өндөр болсон учраас сэтгүүлч өөрөө “Би худал хуурмаг мэдээлэл явуулбал надад хариуцлага тооцно” гээд тухайн мэдээллийнхээ үнэн бодит байдлыг чухалчилдаг болно. Тиймээс би хуулийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцох заалт ач холбогдолтой гэж бодож байна.


Нийтлэлч
Сэтгүүлч: М.Хангал
Эх сурвалж
Time.mn

ШИНЭ МЭДЭЭ