С.Бямбацогт:Бүсийн нэмэгдлийг шийдье гэхээр эрх зүйн орчин бүрдэхгүй байна
2011.11.08

С.Бямбацогт:Бүсийн нэмэгдлийг шийдье гэхээр эрх зүйн орчин бүрдэхгүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзаж ярилцлаа. Сонгуулийн хууль, ирэх оны төсөв зэрэг цаг үеийн асуудлаар түүний байр суурийг сонирхсон юм.
-Сонгуулийн хууль цаг үеийн халуун сэдэв болоод байна. Үүн дээр таны байр суурь ямар байна?

-Сонгуулийн хууль дээр  янз бүрийн хувилбар ярьж  байна. УИХ-ын гишүүний хувьд юм уу, дахин сонгогдохын тулд хууль батална гэдэг хүн энэ парламентад их цөөхөн. Энэ хууль надад ашигтай, ээлтэй байгаасай гэж би ерөөсөө бодохгүй байна. Гагцхүү сонгуульд оролцож байгаа ард иргэдийн санал тусгалаа олж, шударга болоосой гэдгийг л хүсэж байгаа. Сонгуулийн үр дүнд гарч ирж буй УИХ-ын гишүүн ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг чадвартай байгаасай.

-Сонгуулийн хууль маш их хугацаа алдаж байна. Энэ хууль батлагдлаа гэхэд хэрэгжүүлэх цаг хугацаа бага байх шиг. Тэгэхээр ингэж цаг хугацаа алдах хэрэг байна уу?

-«Би байна, Бээжин сууж байна» гэж үг бий шүү дээ. Сонгуулийн хуулийг батлах гээд УИХ-ын гишүүд, хоёр нам зүтгээд л байна. 2008 оноос хойш явсаар байгаад үр дүн нь гарах нэлээд ойртлоо. Тийм болохоор битгий батлагдаасай гэх арга алга. Цаашаа явах ёстой. Сонгуулийн хууль дээр тодорхой төслүүд бэлэн болсон.

Одоо ганцхан тогтолцоо л ярьж байна.

Бусад асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл сонгуулиар бэлэн мөнгө, эд материал тараах, амлах, сонгогчдын саналыг худалдаж авах, янз бүрийн зохион байгуулалттай арга хэмжээ хийх зэргийг хуулиараа хорьчихсон. Ард түмний саналыг татахын тулд өрийг чинь цайруулна, эх орны баялгаас үнэгүй хувьцаа олгоно, татвараас чөлөөлнө, хөнгөлнө гэдэг улс орны нийгэм эдийн засагт аюултай, тогтворгүй байдал үүсгэх популист амлалтуудыг бүгдийг нь хорино. Эдгээрийг Сонгуулийн хуульд тусгахаар ажиллаж байна. Санал хураалт шударга бус болбол саналыг дахин тоолдог болъё гэж байна. Сайн хууль баталчих юмсан гээд ажиллаж л байгаа. Цаг хугацаа бий. Үндсэндээ хоёр сар л үлдлээ.

-АН-ын хувьд хүн амынхаа тоог харгалзаж, тойргоо хуваарилна гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах ёстой. Бидний дээр хууль бий. Үндсэн хуульд Хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжээс хамааруулж УИХ-ын гишүүдийн тойрог тогтооно гэж заасан. Энд ганцхан хүн амын тоог харгалзана гээгүй байгаа биз дээ. Энэ заалтыг баримтлах ёстой. Өмнөх парламентууд үүнийг баримтлаад Сонгуулийн хуулийг батлаад ирсэн юм байна лээ.

-Парламентад суудалгүй нам, хөдөлгөөний хувьд эрх баригч намууд өөрсдөдөө тохируулж хууль батлах гээд байна гэсэн шүүмжлэлийг гаргаж байгаа?

-Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шүү дээ. Аливаа сайн сайхан зүйл хийлээ гэхэд нөгөө талд нь буруутгах зүйл байж л байдаг. Тэр үүднээс хардаж сэрдэж байгаа биз. Хэзээ МАН, АН хоёр өвөр түрийдээ орж байлаа даа. Хэрэв тийм бол «Бүх зүйл болж, бүтэж байна» гээд л явах байсан биз. Тэгээд ч үнэхээр өвөртөө орчихсон юм бол Сонгуулийн хуулийг ч аль хэдийнэ баталчихна. Сонгуулийн хуулийг эхлээд төрийнхөө эрх ашигт, дараа нь намынхаа эрх ашигт нийцсэн байдлаар батлах гээд л хоёр талд мэтгэлцэж байна.

-МАН, АН-ынхан цаагуураа тохирчихсон хэрнээ наанаа жүжиг тоглоод байна гэж МАХН-ынхан хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хэрэв МАН, АН хоёр нэг зорилго, нэг хүсэлтэй байсан бол бүх зүйл бүтчихсэн байхгүй юу. Тэгэхгүй л байгаа биз дээ. Маргаж мэтгэж, байр сууриа илэрхийлж, зөрчилдөж байна. Энэ дунд улстөр явж л байгаа. Тэгэхээр энэ шүүмжлэл бол хартай хүмүүсийн улстөр хийх гэж зориуд ярьж байгаа явуургүй хов жив.

-Төсөвтэй холбоотой асуудлыг хөндөхгүй өнгөрч болохгүй байх. Төсвийн тодотголыг баталлаа, ирэх оны төсвийг ч ярьж байна. УИХ-ын гишүүд төсвийг сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа дүр зураг харагдах боллоо?

-Улстөрчид яавал улс орныхоо нийгэм, эдийн засгийг сайжруулах вэ, хэрхэн Монголын ард түмнийг сайхан амьдруулах вэ гэдэг дээр ухаанаа өрсөлдүүлдэг. Намууд ч энэ тал дээр бодлогоороо өрсөлддөг. Үүний төлөө ард түмэндээ үзэл баримтлалаа зарладаг юм. Мөн үүний төлөө сонгуульд ордог. 2008 оны сонгуулиар ард түмний итгэл хүлээж төр барьж буй хоёр том хүчин бас л ингэж өрсөлдсөн. Хоёулаа хамтраад Засгийн газар байгуулж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зөвхөн өнөөдөр ажиллаж байгаа юм биш. Тэр үеэс эхлээд ажилласан. Энэ удаа сонгуульт хугацааны сүүлийн жилийн төсвийг батлах гэж байгаагаараа онцлог. Түүнээс биш зөвхөн энэ жил гэнэт мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гээд зүтгүүлээд байгаа юм биш. Жил жилд ингэж явсан. Цаашдаа ч ийм л байх болно.

-Нэлээд тэлсэн том төсөв хэлэлцэж байгаа. Үүн дээр бодлогын асуудлыг суулгаасай гэсэн хүлээлт байна. Гэтэл гишүүд жижиг сажиг зүйл, сургууль цэцэрлэгийн засвар зэрэгт хэт анхаарлаа хандуулаад байна уу даа?

-Энэ гарцаагүй үнэн. Ирэх жилийн төсөв маш их орлого, зарлагатай. 2011 онтой харьцуулахад 2012 оны төсвийн зарлага 1.3 их наядаар нэмэгдэж байгаа. Энэ нь төсвийн зарлага 40 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Төсвийн зарлага гэдэг бол хэрэглээг  нэмэгдүүлэх  урсгал зардал. Энэ зардал цалин, тэтгэвэр, цаас, бензин шатахууны мөнгө, ажилчдын нормын хувцсанд зарцуулагдана.

-Төсвийн урсгал зардал ихээхэн нэмэгдэх нь. Энэ хэмжээгээр төрийн үйлчилгээ ард түмэнд илүү хүрэх болов уу?

-Харамсалтай нь тийм биш шүү дээ. Төсвийн урсгал зардал 40 хувиар нэмэгдэж байхад төрийн үйлчилгээ ард түмэнд 40 хувиар илүү наалдаж, хүнд суртал, авилгагүй болох ёстой шүү дээ. Ер нь төсвийн урсгал зар-дал байнга нэмэгддэг. Бид үүнийг дэмжихгүй байгаа.

-Тэгвэл хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн үү?

-Хөрөнгө оруулалтын зардал мөн нэг их наядаар нэмэгдэж байгаа. Энэ нь дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих зэргээр нийлүүлэлтийг дэмжих зардал юм. Иймээс хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх ёстой. Хэр хэмжээгээр нийлүүлэлт нэмэгдэнэ, тэр хэмжээгээр инфляци өсөхгүй байх боломж бүрддэг. Бид зардал нэмэгдэж байгаагийн хэрээр нам болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан ажлууд хийгдэж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах ёстой. Багш бүрийг зөөврийн компьютертэй, тариаланчдыг трактортой болгох, алдарт эхийн одонгийн мөнгө өгөх, бүсийн нэмэгдэл олгох зэрэг мөрийн хөтөлбөрт суусан, ард иргэдийн амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд мөнгө тавиагүй мөртлөө хоёр, гуравдугаар зэргийн ач холбогдолтой зүйлд хөрөнгө зарахаар төлөвлөж, дээрээс нь төсвийн урсгал зардлыг үр ашиггүйгээр нэмэгдүүлэх гэж байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Үүн дээр бүлгийн ажлын хэсэг, УИХ дахь төсвийн хуулийн ажлын хэсэг нэлээд анхаарна.

-Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, албан газрын барилга барихад нэлээд хөрөнгө цацахаар төсөвлөж байгаа дуулдсан. Энэ талаар?

-«Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ажиллахаар хүн хүчин хүрэлцэхгүй, боловсон хүчин дутагдалтай байна. Ийм учраас боловсон хүчинг нэмэгдүүлье» гэж ярьдаг. «Өнөөгийн ажиллаж, амьдарч байгаа орчин нөхцөл шаардлага хангахгүй байна гээд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарчихлаа. Шинэ барилга барья» гэдэг. Үүнийг   дагаад орон тоо, цахилгаан халаалт, бичиг цаасны зардал нэмэгдэх юм. Иймэрхүү байдлаар урсгал зардал нэмэгдэж байна. Төр улам л данхайж, улам л нүсэр болоод байна. Үүнийг бид яаж ч чадалгүй, гарцаагүй шийдэх ёстой гээд нэмж байна. Прокуроруудын орон тоо гэхэд 350-иар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орон тоо 200-гаар нэмэгдэж байгаа.

-Үнэхээр ийм олон орон тоо нэмэх шаардлагатай гэж үү?

-Шаардлагатай гээд Засгийн газар оруулж ирсэн. УИХ ярьж байна. Гэхдээ үнэхээр шаардлагатай юу, үгүй юу гэдэг нь харагдах биз.

-Ингэхэд сонгуульт хугацаа дуусах дөхөж байна. Тойрогтоо ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-Би тойрогтоо хийх ажлаа хангалттай хийгээд дуусгачихсан.

-Та бүсийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж ярьж байсан санагдаж байна. Үүнийг ховдчууд хүлээсээр байгаа?

-Бүсийн нэмэгдлийн асуудал шийдэгдэхгүй байна. Учир нь хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй.

Нийтлэлч
Д.Өнөржаргал
Эх сурвалж
Өглөөний сонин

ШИНЭ МЭДЭЭ