С.Бямбацогт: Төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмж зарим татварыг тэглэнэ
2011.09.05
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт: Төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмж зарим татварыг тэглэнэ

Төвөөс алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч буй төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх талаар хаврын чуулганаар яригдсан. Гэвч чуулган завсарлах дөхсөн учир хойш тавьж, намрын чуулганаар эцэслэн шийдэхээр болсон билээ. Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогттой дээрх асуудлын талаар ярилцлаа.
-Бүсийн нэмэгдэл олгох хуулийн төсөл хоёр удаа өргөн баригдан цааш хэлэлцэгдэхээр болсон. Энэ нь, тусгайлсан хууль болон гарах уу?
-Ганц хуульд өөрчлөлт оруулснаар бүсийн нэмэгдлийг шийдэж чадахгүй. Мөн бие даасан хууль батлаад л нэг тийш болгоно гэдэг хэцүү. Уг асуудал нь салбар болгонд хамаатай юм. Тиймээс бүх салбарын дагаж мөрддөг хуульд нь зохицуулалт хийж өгөх шаардлагатай.
Ямар ч гэсэн эхний ээлжид төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэх талаар тусгасан байгаа.
Үүнээс гадна алслагдсан буюу говийн бүс нутгийн боомтоор орж ирэх гурил, будаа, ногоон цай, шатахуун, дизель түлшийг онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлж, тэглэх юм. Ингэснээр тухайн орон нутагт борлуулах үнэ ханш нь бага болно гэж үзсэн. Анх 2009 онд өргөн барьсан ч өнөөг хүрлээ. Учир нь, тухайн үед хэлэлцэх эсэхийг шийдэх үед гишүүдээс дэмжлэг авч чадаагүй. Тиймээс дахин боловсруулж, засаж залруулан 2010 онд өргөн барьсан хэрэг. Өнгөрсөн хаврын чуулганаар уг асуудлыг зайлшгүй хэлэлцэх ёстой гэж үзэн анхны хэлэлцүүлэгт нь бэлтгүүлэхээр ажлын хэсэгт өгсөн байгаа. Гэвч чуулган завсарлахтай давхацсан тул намрынхаар хэлэлцүүлье гээд хойш тавьсан юм. Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг томилсон байгаа. Үүнийг гишүүн Раш ахалж байгаа гэсэн.
-Энэ асуудлыг яагаад заавал батлах ёстой гэж. Ямар нэгэн шалтгаан байна уу. Сонгууль дөхөх үед хувийнхаа пиарыг хийх маягаар хууль батлуулах асуудал гардаг гэсэн хардлага ч бий?
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уг асуудлыг шийднэ гээд заачихсан байдаг. Мөн 2008 онд МАН болон АН-ынхан сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ч тусгасан учир зайлшгүй хэрэгжүүлэх асуудал. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газар, УИХ дахь бүлгүүд ч дэмжих байх гэж найдаж байна. Намрын чуулганаар шийдэгдчих болов уу гэж харж л сууна. Яагаад нэмэгдэл олгох ёстой вэ гэвэл нэлээд хэдэн шалтгаан бий шүү. Өнөөдөр нийслэл рүү нүүдэллэх нь ихсэж, төвлөрөл нэмэгдэх боллоо. Учир нь, орон нутагт ажлын байр байхгүй, тогтвор суурьшилтай ажиллах хүн ч алга. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хотынхоос илүү үнэтэй болохоор цалин хөлс амьжиргаанд хүрэлцэхгүй байна. Тиймээс говийн болон алслагдсан бүс нутагт ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн хуулийн төсөл боловсруулсан.
-Хувийн хэвшил, малчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Хэрвээ эхний ээлжид хийхээр төлөвлөсөн төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэх, татвар тэглэх асуудлыг шийдчихвэл хоёр дахь шатанд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшил, малчдын амьжиргааг хэрхэн дээшлүүлэх, дэмжих талаар ярих юм. Энэ мэтээр үе шаттайгаар авч үзэх болно. Тодруулбал, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх гэх мэт зүйл хийхээр төлөвлөж байгаа. Ингэснээр бүсийн нэмэгдэл маань жигд тэнцвэртэйгээр алслагдсан нутгийн иргэдэд хүрнэ.
-Зөвхөн татвар, цалинг нь нэмснээр бүх асуудалд цэг тавьж чадахгүй байх?
-Мэдээж хоёр гуравхан асуудлаа шийдчихээр бүх зүйл сайхан болчихгүй нь тодорхой. Би түрүүн хэлсэн шүү дээ. Улаанбаатар хогоос бусад бүх нутагт үйлдвэрлэл, аж ахуй эрхэлж буй хүмүүсийг орлогын албан татвараас чөлөөлнө. Монгол Улсын хэмжээнд татварын орлогоор хоёр их найд орчим төгрөг бүрдүүлдэг. Харин энэхүү мөнгөний дөрвөн тэрбум нь л орон нутгаас орж ирдэг юм билээ. Гэхдээ онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнээс орж ирэх мөнгөн дүнг хассанаар дээрх тоо гарч байгаа. Үүнээс нь чөлөөлнө гэдэг чинь багагүй хэмжээний дэмжлэг болно шүү дээ. Мөн төсөвт нэг их айхтар том дарамт болохгүй.
Цаашид дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил дээр нэлээн анхаарах ёстой.
Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 330 сумаа холбосон авто зам бий болгож, цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэж, барилгажуулах ажлыг хийх хэрэгтэй байна. Учир нь, орон нутагт олигтой барилга, орон сууц алга. Тиймээс тав тухтай ажиллах боломж бүрдэхгүй байна. Дээрх ажил хийгдвэл бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл ч хөгжиж эхэлнэ. Энэ нь ч утгаараа эх оронч бонд буюу 350 тэрбум төгрөг босгох юм. Уг хөрөнгөний 150 тэрбумаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, 150 тэрбум нь ноолуурын салбарт, ноос болон малчдыг дэмжихэд 50 нь зарцуулагдах юм.
-Малчид, хөдөөгийн иргэдийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжиж байгаа. Бүр малд нь хүртэл мөнгө өгөх болсон. Гэтэл хотынхонд чиглэсэн зүйл огт хийхгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл гардаг?
-Тийм л дээ. Бид хүний нийгэмд амьдарч байгаа болохоор өтгөсөө дэмжиж туслах, хүүхэд нялхсаа өсгөж бойжуулдаг. Харин дунд үеийнхэн маань ажиллаж хөдөлмөрлөн өөрсдийгөө авч явах зарчимтай байгаа. Үүнтэй л нэгэн адил юм. Өмнө нь, төв суурин газраа анхаарч бүтээн байгуулалтын ажил хийдэг байлаа. Өнөөдөр авто зам, гэрэл цахилгаан, барилга гээд бүх зүйл нь шийдэгдчихсэн байна. Тэгвэл одоо хөдөө орон нутаг руу чиглэх хэрэгтэй болж. Одоогийн байдлаар аймаг сумдад цэцэрлэг сургууль, орон сууц, дэд бүтэц, эрчим хүчний асуудал нь шийдэгдэж чадаагүй, дөнгөж л эхлэл төдий байгаа. Иймээс нялх хүүхдээ дэмжиж өсгөж бойжуулдагтай адил хөгжил сул, дорой байгаа бүс нутгаа хөгжүүлж, ая тухтай ажиллах, амьдрах орчин бий болгох ёстой. Магадгүй орон нутаг, малчид руу чиглэсэн зүйл нь их мэт харагдаж байгаа ч үнэндээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Ерөнхийдөө хоцрогдсон хөгжилтэй бүс нутгаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан шиг болгохын төлөө л хийж байгаа ажил. Хөгжлийн ялгааг алга болгож, ижил түвшинд авчрах гэсэн алхам. Үүнийг шүүмжлэх нь тийм ч зохистой үйлдэл биш гэж бодож байна.
-Алслагдсан бүс гэж яриад байгаа. Чухам яаж, хил хязгаарыг нь тогтоох юм бэ?
-2009 онд төслөө хэлэлцүүлж байхдаа км-ээр тооцохоор тусгасан байсан юм. Өөрөөр хэлбэл, төвөөс алслагдсан байдлаар нь гэсэн үг. Яагаад гэвэл, нийслэлээс холдох тусам л бараа бүтээгдэхүүний ханш нь өсдөг болохоор тэр. Гэвч энэ нь тийм ч оновчтой биш байсан болохоор 2010 онд бүх аймаг, сумын амьжир-гааны түвшин, бүтээгдэхүүний ханш, хөгжил зэргийг авч үзэн судалгаа явуулсан байгаа. Жишээлбэл, Өмнөговь аймгийн хувьд говийн, алслагдсан гэдэг ангилалд зүй ёсоор орно. Гэхдээ Оюу толгой, Таван толгой гэсэн томоохон ордтой, уул уурхай хөгжиж буй нутаг болохоор бүтээн байгуулалтын ажил ч их хийгдэж байгаа. Харин хөрш зэргэлдээ аймаг болох Дундговь нь зайны хувьд төв газарт тус нутгаас ойр. Гэтэл ямар хөгжил алга. Тэгэхээр зай хол ч хөгжиж байгаа нутгийг өөр түвшинд авч үзэх хэрэгтэй болсон. Ерөнхийдөө бүх шалгуураар харьцуулж, фокуслаж үзэхгүй бол болохгүй юм билээ.
-Хэчнээн шалгуур тавьж байгаа талаар?
-Найман шалгуураар авч үзэн аль аймаг сум бүсийн нэмэгдэлд орохыг тогтооно. Зайн хэмжээ, бараа үйлчилгээний үнэ, эрчим хүч, шатахууны ханш, хот.суурин руу ирж очих үнэ, хөгжил зэрэг зүйлийг нь голлон харсан.
-Намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгочихсон байгаа юу. Ажлын хэсгийнхэнтэй уулзсан уу?
-Миний хувьд ажлын хэсгийг томилсон хоёр Байнгын хороонд байдаггүй болохоор одоогоор ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь, Раш гишүүн ахалж байгаа болохоор нэлээн сайн ажилласан байх гэж бодож сууна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд нь бичигдсэн байгаа. Тиймээс хамгийн түрүүн хэлэлцүүлэгт орж, батлагдах байх.
 

ШИНЭ МЭДЭЭ