С.Бямбацогт: Бидний шаардлага Засгийн газрыг огцруулах зорилгогүй
2011.09.02
Улстөр

С.Бямбацогт: Бидний шаардлага Засгийн газрыг огцруулах зорилгогүй

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-МАН-ын Бага хурлын тов гарсан юм уу. Энэ сарын дундуур хуралдана гэсэн мэдээлэл байна?
-Манай намын Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаагүй. Саяхан хуралдана гэж байсан ч ирц хүрэхгүй хойшилсон. Бага хурлын товыг Удирдах зөвлөл хуралдаж байж л тогтооно шүү дээ. Удирдах зөвлөл хуралдаагүй болохоор Бага хурал хэзээ хуралдах, ер нь хуралдуулах шаардлага бий эсэх талаар ч ямар нэгэн ярьсан зүйл байхгүй.
-Намын дүрмийн дагуу бол энэ намар хуралдах ёстой бил үү?
-Дүрмээр бол МАН-ын Бага хурал жилд хоёр удаа хуралддаг. Шаардлагатай үед бол цаг үеийн асуудлаар ээлжит бус хурал зарлаж болдог. Ингэж зарлах тохиолдол ч зөндөө байдаг. Цаашид ч байх болно.
-Бага хурлаар намын даргад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гээд байгаа шүү дээ?
-Хэвлэлээр л тийм мэдээлэл гараад байгаа гэж сонссон. Би хувьдаа хэвлэл харж амжихгүй байна. Ер нь бол намын даргад итгэл үзүүлэх асуудлыг ярих шаардлага байхгүй. Хэвлэлээр л таамаг төдий юм яваад байгаа юм. Намын удирдлагын төвшинд, Удирдах зөвлөл дээр, ер нь тодорхой төвшинд ч тэр талаар ярьсан юм байхгүй.
-Танай залуус, тэр тусмаа НАМЗХ-ныхан намын даргадаа итгэл үзүүлэх асуудлыг ярих ёстой гээд байгаа юм биш үү. "Тэрэлж 2" гэсэн хурал зохион байгуулаад л...?
-Би хувьдаа залуучуудын холбооны Удирдах зөвлөлд ажиллахаа болиод хоёр жил болох гэж байна. Нас 35-аас дээш гарсан болохоор Удирдах зөвлөлөөс гарчихсан. Тэгэхээр залуучуудын холбооныхны хийж байгаа ажлын талаар тодорхой мэдээлэл надад тун бага байгаа. Ер нь бол МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага их идэвхтэй ажилладаг л даа. Зун улс төрийн хүчнүүд амарчихсан, төрийн байгууллагууд ч ерөнхийдөө амралтын байдалтай байх хойгуур манай залуучуудын байгууллага ажлаа хийгээд явж байгаа нь сайшаалтай.
Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймагт чуулганаа зохион байгуулсан байна лээ.

Тэрэлжид бас хуралдсан байсан. Гэхдээ энэ хурлаар намын удирдлагыг өөрчлөх ёстой, Бага хурлаа хуралдуулъя гэж ярьсан нь юу л бол. Хэвлэлээр л тэгж ярьсан мэтээр мэдээлсэн байсан. Залуусын дунд бол тийм яриа болоогүй. Ер нь заавал Улаанбаатарт биш, амралтын аль нэг газар, агаар салхинд гараад ярих нь чөлөөтэй биз дээ. Ажил, амралтаа хослуулаад явах нь байдаг л зүйл. Гэтэл түүнийг нь тал талаас мушгиж, гуйвуулах хэрэггүй. Манай залууст намын удирдлагын төвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх хэмжээний бодол байхгүй гэж би боддог. Наад яриа чинь цуу л байх. Зуны дэлгэр цагт амралтын газар амрангаа ажил төрлөө ярьсныг нь өөр өнцгөөс, өөр нүдээр харж, өөрөөр тайлбарлах нь зохистой биш болов уу.
-Сонгуулийн жил дөхсөн болоод ч тэр үү залуус нь ярилцаад, УИХ-ын гишүүд ч хөдөлгөөнд орж байгаа юм биш үү. 19 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн гэж сонссон. Тэдний нэг та байсан шүү дээ?
-Сонгуулийн жилтэй холбож асуудал ярьсан юм бол алга. УИХ, Засгийн газар сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан ажлуудаа хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө ажиллах ёстой. Ард түмний төлөө ажиллах ёстой. Ард түмний өмнө үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс хариуцлага байж, ажлаа биелүүлэх ёстой л гэж асуудалд ханддаг. Байнга л шахаж, шаардаж явдаг шүү дээ. Ажлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө чиглүүлэх юмсан гэж ханддаг.Энэ асуудлаа тойрч л  бие биеэ хурцлах, хариуцлагыг өндөржүүлэхийн тулд шаардлага тавьж ажилладаг шүү дээ. Тэр хүрээнд л Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа болохоос улс төртэй холбож санал тавиагүй ээ.
-19 гишүүний зорилго нь тэгээд юу юм бэ?
-19 гишүүн ч биш. Миний харснаар бол 30-40 гишүүн байна лээ. Оюутолгойн гэрээг сайжруулъя гэж бид удаа дараа ярьж байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолыг баталсан. Энэ тогтоолын дагуу гэрээг анхааръя, сайжруулъя гэж байнга л ярьдаг. Хаврын чуулганаар УИХ хүртэл тогтоол баталж, Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэл өгсөн. Энэ тал дээр Засгийн газар хурдацтай ажиллаач ээ гэсэн шаардлага тавьсан юм. Түүнээс улс төр хөөж тавьсан шаардлага биш. Ажил хурдавчлуулах л шаардлага.
-Энэ шаардлагаа хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулна гэж та бүхэн гарын үсэг зурсан юм биш үү. Тэгэхээр улс төр биш гэх үү?
-Хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулна гээгүй. Оюутолгойн гэрээг сайжруулах талаар ярьж байгаа шүү дээ. Биелүүлэхгүй бол ямар хариуцлага тооцохоо УИХ олонхоороо шийднэ. Түүнээс хэсэг гишүүн гарын үсэг зурснаар асуудлыг шийдчихгүй шүү дээ. Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон төслүүд дээр хариуцлагатай хандах ёстой гээд шахаж, шаардаж байгаа юм. Засгийн газрыг огцруулах зорилго бидэнд байхгүй.
-Хамтарсан Засгийн газар байгуулахыг эхнээс нь эсэргүүцэж байсан, үүнийгээ ил тод мэдэгддэг гишүүд АН-ын бүлэгт цөөнгүй бий. Тэд Оюутолгойгоор дамжуулж Засгийн газрыг огцруулна гээд байгаа юм биш үү. Та ямар бодолтой явдаг вэ?
-Эхнээсээ хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа улс орны хөгжлийн төлөө, хоёр намын сонгуулиар амласан амлалтыг биелүүлэхийн төлөө хагаралдахгүй, улстөржихгүйгээр хурдан ажлаа явуулъя гэсэн. Энэ бол зөв шийдвэр байсан. Олон жил гацсан Оюутолгойн гэрээг хамтарсан Засгийн газар байгуулсан болоод л эцэслэж чадсан.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 14 хувийн өсөлттэй гарахад хамтарсан Засгийн газрын хийж бүтээсэн, амжилттай хэрэгжүүлсэн ажлууд нөлөөлсөн.

Тэр бүхнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нөгөө талдаа хариуцлагагүй хандаж, удаан хийж байгаа ажлууд ч бас бий. Бүх юм сайхан байна гэж цагааруулж магтах шаардлага алга. Бүгдийг бас харлуулж муулах ч хэрэггүй. Асуудалд аль болох бодитой хандах ёстой. Болж, бүтэж байгааг нь болж, бүтэж байна гээд болохгүй, бүтэхгүй байгааг нь болохгүй бүтэхгүй байна гээд л явах ёстой. Бид тэр хүрээндээ л асуудлыг тавьсан болохоос Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурийг би хувьдаа дэмжихгүй байна.
-Жингийн туухай дээр тавих юм бол Засгийн газрын болж, бүтэж байгаа нь давамгайлах уу, болохгүй, бүтэхгүй байгаа нь давамгайлж байна уу?
-Засгийн.газрын үйл ажиллагаа, намын үйл ажиллагаа гээд бий л дээ. Бүгдийг нь зэрэгцүүлж жингийн туухай дээр тавихад хэцүү. Бөөнөөр нь дүгнэх, цэгнэх бололцоо хомс юм. Ирэх намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, 2012 оны төсөв, мөнгөний бодлого, 2011 оны төсвийн байдлаа дүгнэж цэгнэнэ. Үүний дараа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх бололцоо илүү тод гарах байх. Яг одоо бол Засгийн газарт алдаа, оноо аль аль нь бий. 50, 50 хувь ч гэж болох байх.
-Сонгуулиас өмнө хамтарсан Засгийн газрыг задалж, МАН дангаараа засгаа барих ёстой гэж үзэх хүн байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар энэ чигээрээ, хамтарсан байдлаараа сонгуульд орох ёстой. Ингэж ороод ард түмнээр дүн тавиулах ёстой. 2008 онд намууд сонгуульд тус тусдаа орсон. Гэхдээ амлалтаа биелүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг байгуулсан шүү дээ. Бид өнөөдөр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд ажиллаж байгаа. Тиймээс энэ чигээрээ сонгуульд орж, ард түмнээр дүн тавиулах ёстой гэж боддог. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шүү дээ. Ард түмэн аль нам нь сайн ажилласан бэ гэдгийг сонгуулиар л дүгнэнэ. Тиймээс одоо үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр Засгийн газрыг тарааж, дангаараа байгуулъя гэсэн бодол надад бол алга.
 

ШИНЭ МЭДЭЭ