С.Бямбацогт:”Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр 18 их наяд төгрөгөөр хэрэгжинэ
2010.07.04
Барилга, Хот байгуулалт

С.Бямбацогт:”Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр 18 их наяд төгрөгөөр хэрэгжинэ

“Утаагүй Улаанбаатар” нэртэй төсөл малгайгаа сольж, “Шинэ бүтээн байгуулалт” үндэсний хөтөлбөр болон өөрчлөгдөж, УИХ-аар саяхан батлагдаад буй. Хөтөлбөрийг 18 их наяд буюу ДНБ-ий өдгөөгийн хэмжээнээс гурав дахин их хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тооцсон. Зөвхөн нийслэлийн утааг 50 хувиар бууруулахад 300 тэрбум төгрөг төсөвлөжээ. “Шинэ бүтээн байгуулалт” төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.

-“Утаагүй Улаанбаатар” төслийн нэрийг өөрчлөх шаардлага юу байсан юм бэ?

-Хотын утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. Утаатай тэмцэхийн тулд “зуухтай ажилладаг” арга барилыг өөрчлөх хэрэгтэй байсан. Улаанбаатарын утаа, агаарын бохирдолттой үндсээр нь тэмцэхийн тулд  шинээр, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж нэрийг өөрчилсөн. “Шинэ бүтээн байгуулалт” үндэсний хөтөлбөр найман үндсэн чиглэлтэй. Түүний нэг нь Улаанбаатарын утаатай тэмцэх асуудал. Зөвхөн хотын утааг 50, агаарын бохирдлыг 70 хувиар бууруулахад 300 орчим тэрбум төгрөгний санхүүжилт хэрэгтэй гэж тооцсон. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 18 их наяд төгрөг. Энэ хөрөнгөний хоёр хувийг л нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах ажилд шууд зарцуулах бол 98 хувийг нь  утаа, агаарын бохирдлыг бууруулахад шууд бусаар нөлөө үзүүлэх 100 мянган айлын орон сууц,  Монгол Улсын хэмжээнд 6000 км хатуу хучилттай авто зам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 1000 км хурдны зам тавих, 336 сумын 96-г нь шинэ сумын төв болгож хөгжүүлэх зэрэг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдана.

Хөдөө орон нутагт амьдрах боломж нөхцөл байхгүй учраас  хотын хүн ам механикаар өсөх болсон. Тэгээд дуртай  газраа шилжин ирэгсэд бууж, амьдрахын эрхэнд хаягдал дугуй түлцгээж байна. Амьдрал ахуй нь арай жаахан дээшлээд ирэхээр  утаа их хаядаг муухан машин унаад эхлэх зэргээр агаарын бохирдол, замын түгжрэл  үүсгэж байна. Шилжин ирэгсдийг дагаж эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн  ачаалал нэмэгддэг. Төвлөрлөөс үүдэлтэй эдгээр шалтгаанаар  хүн амын механик өсөлт бий болсныг хязгаарлах, орон нутагт нь ажиллаж амьдрах нөхцөлийг хангаж өгөхөд  “Шинэ бүтээн байгуулалт” үндэсний хөтөлбөрийн зорилго оршиж буй.   Өмнө нь бид асуудлыг ингэж иж бүрнээр нь ярьж байсангүй. Улаанбаатарын утаатай  тэмцэнэ гээд, үнэн хэрэгтээ зуух, яндантай л “үздэг” байв.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин хангалттай бүрдэж чадаагүй байх. Энэ талаар юу хийгдэх вэ. ДНБ-ээс гурав дахин их хөрөнгө хаанаас босгох вэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 15 хууль шинээр баталж, 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шинэчлэн найруулах замаар хуулийн орчин бүрдүүлнэ. Энэ оны намрын чуулган, 2011 оны хаврын чуулганаар хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Санхүүжилтийн хувьд боломжит бүх эх үүсвэрийг хайна. Уул уурхайн бүтээгдэхүүнд баталгаа гаргах, түүний борлуулалтаас мөнгө олох хувилбар бий. Хөгжлийн банк, Концессийн  хуулийн хүрээнд  хувийн хөрөнгө оруулалт татах зэргээр санхүүжилт босгох бололцоотой гэж үзсэн. Манай хувийн хэвшлийнхэн жилдээ нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Концессийн тухай хууль гарснаар энэ хэмжээ эрс өсөх бололцоо бүрдсэн. Нийт хөрөнгийн тав хүртэл хувийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцож байна.

Уул уурхайгаар олж байгаа ашгаа Хүний хөгжил сангаар дамжуулж арав, хорин мянгаар нгь тарааж байна. Ингээд мөнгө тараачихаар иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж өгөхгүй байна. Бэлэн мөнгө тарааснаар инфляц өсөж, ажил хийх сонирхолтой хүний тоо багасаж байна. Ийм хандлагаас зайлсхийж шинэ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгохын төлөө бэлнээр тарааж байгаа мөнгийг зарцуулж эдийн засаг, хүнийхээ хөгжилд зориулмаар санагддаг юм.

-Хэрэгжих үе шатны тухайд…

-Долоон жилийн дотор хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. 2010-2012 онд хөтөлбөрийн эхний үе шат дуусгахад 6-7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хугацаанд Улаанбаатарын утааг 50 хувиар, агаарын бохирдлыг 70 хувиар бууруулах боломжтой гэж тооцсон. Улаанбаатарын нэг иргэнд 20 ам. дөрвөлжин ногоон байгууламж ногддог байх зорилт  хөтөлбөрт дэвшүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохдоо орчны зам талбай, тохижолт, ногоон байгууламжийг заавал хамтад нь байгуулдаг байх зохицуулалт  Хот төлөвлөлтийн хуулиар бий болно.

-Хөтөлбөрийн хүрээнд сумдыг цөөлөх зорилт дэвшүүлсэн үү. Өнөөгийн сумдад хүн амьдрах  эдийн засгийн хөшүүргэ байхгүйгээс хот руу “дүрвэж” байна л даа?

-Энэ асуудлыг механикаар шийдэх боломжгүй юм билээ. Суманд хүн амьдрах эдийн засгийн боломж бий болгож өгөх хэрэгтэй. Нэг суманд нь эдийн засаг, бизнес, үйлдвэрлэл хөгжих боломж  бий болгоод өгчихвөл  заавал хот руу нүүнэ гэхгүй. Боломжтой тэр сумын төв, бүс нутаг руу шилжиж суурьшина. Үүнийгээ  дагуулж засаг, захиргааны үр ашиггүй бүтцийн асуудлаа шийдээд явах боломжтой.

-Энэ хөтөлбөрийн санхүүгийн гол эх үүсвэр болох Тавантолгойтой холбоотой төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Тавантолгойн ордоос иргэн, аж ахуйн нэгждээ хувь эзэмшүүлэхийг дэмжиж байгаа.   Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг нэг консорциум болоод ороод ир гэсэн Засгийн газрын саналын эсрэг байр суурьтай байдаг. Бүгдийг нэг консорциумд нэгтгэчихээр  өрсөлдөөн байхгүй болно гэдгээс би болгоомжилж буй. Өрсөлдөөн байхгүй болохоор хуйвалдаан, монголчуудын эсрэг талд том эрх ашиг бий болох эрсдэлтэй. Олон сонирхлыг өрсөлдүүлж байж хамгийн сайн нөхцөлийг сонгох ёстой. Ямар аж ахуйн нэгж хамгийн  их урьдчилгаа, татвар өгч, ажлын байр бий болгох саналтайг нь  сонгох хэрэгтэй. Өрсөлдөөн байх тусам монголчуудад ашигтай.  Цаг алдаж байгаад харин харамсдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулаад намрын чуулганаас өмнө хөрөнгө оруулагч талтайгаа ажиллах болов уу гэж бодсон ч гэрээг намрын чуулган хүртэл хойшлуулчихлаа.

-Та Засгийн газарт асуулга нэлээд тавьдаг гишүүний нэг юм билээ. Саяхан махны үнийн өсөлтийн асуудлаар тавьсан байсан. Хариугаа авсан уу?

-Тодорхойгүй, олон түмний мэдэхийг хүсдэг асуудлаар асуулга тавьж байх хэрэгтэй юм билээ. Махны үнийн өсөлтийн асуудлаар хариу ирүүлсэн. Хариуг нь хаврын чуулганд сонсгож амжихгүй юм шиг байна лээ. Махны үнийн өсөлтөөр холбогдох байгууллага арга хэмжээ аваагүй бол 10 төгрөг хүрэх байсан. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол 10 төгрөг хүрнэ шүү гээд холбогдох албан тушаалтантай би сарынхаа цалингаар бооцоо тавьсан. Одоо түүнийгээ алдаж байх шиг байна.

Хөдөөгийнхний  телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг суваг өөрчлөгдсөнөөс болж иргэд 240 мянгаар шинээр антени худалдаж авахад хүрээд байсан. Энэ талаар асуулга тавьснаар 24 мянган төгрөгөөр нэмэлт төхөөрөмж худалдаж авахад хангалттай гэсэн тайлбарыг Засгийн газар  өгснөөр орон нутгийн иргэд өндөр үнээр антени авах шаардлагагүй болсон. Энэ мэтээр асуулга тавьсны үр дүн гардаг юм байна.

Хууль санаачлах, боловсруулах УИХ-ын гишүүний үндсэн чиг үүргээс гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хамгийн боломжит хувилбар нь асуулга тавих хэлбэр гэж ойлгодог. Чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд шүүмжлэл хэлдэг, асуулт тавьдаг. Тэр бүрт холбогдох албан тушаалтан аргацаагаад өнгөрдөг бол асуулгад маш хариуцлагатай ханддаг. Асуулгад өгсөн хариулт тайлбар бүр нь хариуцлагатай байдаг учраас  албан тушаалтнууд маш нухацтай бэлтгэж, чамбай ханддаг юм билээ.

-Хөөмийн асуудлаар асуулга тавьж байсан. Салбарын сайдын тайлбараар бол хөөмий дан ганц Монголынх биш бололтой.

-Хөөмийн  өмчийн асуудлаар НҮБ-ын соёлын байгууллага арваннэгдүгээр сард хуралдаж шийдвэр гаргах юм билээ. Түүгээр асуудлыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байгаа.  Монгол хөөмий л гэж дэлхий мэддэг биз дээ. Хөөмийг сурах гэж Япон, Франц, Америк гээд дэлхийн өнцөг булан бүрээс гадаадынхан ирдэг. Энэ онд багтаагаад,  хөөмий бол монголуудын оюун, соёлын өв мөн гэдгийг баталгаажуулж чадна гэж холбогдох албан тушаалтан нь чуулганы хуралдаанд мэдэгдсэн.  Чадахгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ