С.Бямбацогт: Америкаас дөрвөн чингэлэг ачаа ирж яваа
2010.07.31
Улстөр

С.Бямбацогт: Америкаас дөрвөн чингэлэг ачаа ирж яваа

Төрийн ордны нам гүмхэн өдрүүд үргэлжилж байна. Австрийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, ноён Фриц Нойгебауэр бараа бологсдынхоо хамт өчигдөр 06.10 цагт SU563 Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Чингис хаан нисэх онгоцны буудалд хөл тавьсан юм. Ф.Нойгебауэр тэргүүтэй зочдыг хүлээж авах гээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол-Австрийн парламентын бүлгэмийн дарга Ш.Сайхансамбуу, гишүүн С.Бямбацогт, Н.Ганбямба нар л өчигдрийн хувьд Ордонд ажиллаж байв. С.Бямбацогтыг зочноор урилаа

-Танай гэргий амаржиж ихэр хүүтэй болсон гэсэн. Хожуу ч гэлээ баяр хүргэе. Та ихрийн удамтай юу?

-Надад удам байхгүй. Харин эхнэр маань удамтай.

-Э.Мөнх-Очир гишүүн бас ихэр хүү, охинтой болсон гэсэн. Баяр хүргэсэн үү?

- Бид УИХ-ын залуу гишүүд. Найздаа баяр хүргэсэн.

-Төрийн ордны хамгийн ховор “юм” нь гишүүд болчихлоо. Гэтэл Та костюм, зангиатай явж байна. Уг нь таныг бусдынхаа адил л амарч байгаа гэж ойлгож байлаа.

-Чуулган завсарлачихаар биднийг амарсан гэж ойлгодог шиг байгаа юм. Тийм биш л дээ. Чуулгантай үед долоо хоногийн таван өдөр нь хуралддаг. Завсарлагаанаар хууль сурталчлах, боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, тойрогтоо ажиллах, бичиг хэргээ эмхлэх, дараагийн чуулгандаа бэлтгэх гээд үнэндээ зав багатай. Дор дор нь юмаа амжуулахгүй бол ажил овоорчихно. Тэгээд л ажлаа төлөвлөж, цэгцлэх гээд сууж байна. Наймдугаар сарын 20-диор амрах бодолтой. Тэр болтол ажиллана.

-Амралтаа гэрэл зургийнхаа сонирхолтой хэрхэн нийцүүлэх бодолтой байгаа вэ. Таныг мэргэжлийн муухан зурагчнаас дээр гэдэг.

-Зусланд гарсан. Өнгөрсөн бямба, ням гаригт гэр бүлтэйгээ амралтад очоод ирсэн. Зусланд байх, амралтын газар очихын ялгаа гэж бараг үгүй юм билээ. Нялх хүүхдүүдтэй учраас гэртээ амрах байх. Ойроор нь Богд ууланд аялах байдлаар амрах төлөвлөгөө бий. Одоохондоо зураг нэг их авахгүй байгаа ч аппаратнаасаа салахгүй биз дээ.

-Намрын чуулганд хамгийн их асуулга тавсан гишүүдийг та тэргүүлсэн байна билээ. Ялангуяа хөөмийн асуудлаарх асуулга хүмүүст гайгүй хүрсэн юм шиг байна?

-Хэл, хил, мал гуравтайгаа бол хэн баян бэ, Монгол баян гэж бид ярьдаг. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэхээр хүмүүс эдийн засаг, улс төр, тусгаар тогтнол гэж түлхүү ойлгодог. Үүнээс гадна хэл, соёл, зан заншил, түүх, уламжлал ч үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Өв соёлоо хадгалж чадаж гэмээн монголчууд бүтнээрээ үлдэнэ. Энэ утгаар хөөмий нь асуудлаар асуулга тавьсан. Хөөмийг өөрийнхөө соёлын өвөөр хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлсэнд маш их харамссан бас бухимддаг юм билээ. Тэгээд л Ё.Отгонбаяр сайдад асуулга тавьсан. Би тавиагүй бол хэн нэгэн гишүүн тавих байсан байх. Би өөрөө хөөмий нь өлгий нутаг Ховдын Чандманьд өссөн учраас санаа тавихаас аргагүй юм л даа. Ирэх арваннэгдүгээр сард ЮНЕСКО-гийн хурал болно.

Тэндээс хөөмийг Монголын өв соёл гэсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. Хөөмийгөөс гадна миний тавьсан асуулгуудаас үр дүнгээ шууд өгсөн нь бий. Өнгөрсөн өвөл малчдын хэрэглэдэг телевизийн антеннийн үнэ 240 мянган төгрөгт хүрсэн. Энэ асуудлыг хөндсөний үр дүнд малчид хуучин антенндаа 24 мянган төгрөгөөр нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж ашиглах болсноор бүх төрлийн телевизийн нэвтрүүлэг үзэх нөхцөл бүрдсэн. Махны үнийн асуудал байна. Нэг кг мах 10 мянган төгрөг хүрч мэдэхээр байлаа.

Энэ асуудлаар асуулга тавьснаар үнийн өсөлтийг хязгаарлаж чадсан. Хууль хэрэгжүүлэх, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд асуулга ихээхэн тустай байдаг юм.

-Зарим улстөрч ротари клубүүдтэй хамтран ажилладаг юм байна. Миний мэдэхээр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг “Туул” ротари клубээр дамжуулж буяны үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Таныг аавынхаа нэртэй “Сандаг” сангаар дамжуулж олон хүнд тусалсан гэдэг. Энэ тухай сонирхож болох уу?

-Би чадаж байхад та бас чадна гэсэн тэмүүллийг хүмүүст бий болгох зорилгоор “Өөрсдөө бүтээж, бусдад үлгэрлъе” гэдэг санг би 2008 онд байгуулж байлаа. 2009 онд түүнийгээ хайрт аавынхаа дурсгалд зориулж нэрээр нь нэрлэж буяны үйл ажиллагаа явуулах болсон.

Аав минь биднийг багад нас барсан. Ховд аймгийн бүх сумын эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор Америкийн ижил төстэй хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Ховдод амьдардаг төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийн талаар судалгаа явуулахад 140-өөд хүүхэд байсан. Тэгээд “Сандаг” сангийн шугамаар Японоос нарийн мэргэжлийн эмч урьж ажиллуулан газар дээр нь үзлэг шинжилгээнд хамрууллаа. 20 орчим хүүхдэд хагалгаа хийх шаардлагатай. Бусдад нь эмчилгээ хийх ёстой юм билээ.

Нэг хүүхдийг БНСУ-д хагалгаа хийлгэхэд нь дэмжлэг үзүүлсэн. Цаашид тийм төрлийн хагалгааг орон нутагтаа хийдэг болохоор зорьж байгаа. Ирэх намраас чих, хамар, хоолой, тагнайн өвчтэй хүүхдүүдийг Ховд аймагт эмчил- дэг болохоор ажиллаж байна. Сангийнхаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх бодолтой.

-Ховдынхоо бүх сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ гэж байна. Гэтэл Эрүүл мэндийн яамныхан энэ чиглэлээр тааруухан ажилладаг. Та арга туршлагаасаа хуваалцах юм биш үү?

-Манай сантай хамтран ажилладаг америкчууд дөрвөн чингэлэг тоног төхөөрөмж ачуулсан гэсэн. Мөнгөн дүнгээр бол 20-30 сая доллар болох байх. Монголын 330 гаруй сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ гэвэл асар их хөрөнгө шаардлагатай. Жил жилээр нэг аймаг, сумын асуудлыг шийдвэрлэж болох л байх. Тэгэх ч бодол бий. Ийм байдлаар асуудлыг шийдэж болдогийг харуулахыг зорьж байгаа. Улс орныг хамарсан үйл ажиллагаа явуулах зорилготой.

-Санг хэн удирддаг юм бэ. Энэ их ажлын ажлын хажуугаар Та лав биш байх?

-Манай гэр бүлийн хүн удирддаг. Харилцаа, хэл ус сайтай, дээр нь сэтгэлтэй учраас надаас илүү. Сайн ч ажилладаг. “Сандаг” сангийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаад нь эхнэртээ баярлаж явдаг. Миний тойрогтоо шийдэж чадаагүй ажлыг эхнэр маань амжуулчихсан байдаг юм. Эхнэртээ баярлахаас гадна бас бахархаж явдгаа хэлье.

Го.ЭНХТӨР

ШИНЭ МЭДЭЭ