С.Бямбацогт: Оюутолгойд 2200 бус Монголын 378 хүн ажиллаж байна
2010.08.01

С.Бямбацогт: Оюутолгойд 2200 бус Монголын 378 хүн ажиллаж байна

(Нийгмийн толь)- УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Завсарлагааны хуга­цаанд ямар ажил хийхээр төлөв­лөөд байна вэ?

-Нэн тэргүүнд бичиг цаасаа цэгцэлж дуусгах санаатай. Өнгөрсөн чуулганаар хэлэлц­сэн асуудлуудаа эргэн алдаа, оноо­гоо харж цаашдаа юунд ан­хаарах ёстой вэ  гэдэг бод­логын асуудлууд дээрээ дүг­нэлт хийнэ. Энэ ажлаа дуус­гаад Бүсийн нэмэгдлийн тухай хууль дээр нэлээд гол­лож суух юм. Өнөөдөр Мон­гол Улсын нийгэм эдийн зас­гийн хөгжлийн алаг цоог байд­лыг цэгцлэх хэрэгтэй.

-Маргааш (өнгөрөгч бям­ба гариг) тойргийн зүг жолоо мушгих гэж байгаа гэл үү?

-Зуны дэлгэр цагаар той­рогтоо хийх ажил их байна. Манай нутагт зуншлага сай­хан байгаа. Гэхдээ л өвөл цаг ойр­тож байна шүү дээ. Иймд санаа амар суух нь тийм ч зохимжтой бус. Тойрогтоо очвол малчдын амьдрал ахуй­тай танилцах байдлаар уул­зал­тууд хийнэ. Үүнээс гадна 1970 оны төгсөгчид нутагтаа үйл ажиллагаа явуул­даг  уламжлалтай. Тэр ажил энэ үеэр болох юм. Иймээс үүнд оролцоно. Мөн Ерөнхий сайд Ховд аймагт зочилж, иргэд­тэй уулзах юм. Миний зүгээс ч Ерөнхий сайдтай хамт иргэд­тэйгээ уулзалтад орох байх.

Түүнчлэн энэ үеэр Ховд их сургуулийн удирдах албан тушаалтныг томилох, бүтэц зохион байгуулалтыг нь өөрч­лөх  асуудлаар Удирдах зөв­лө­лийн хурал хуралдана. Үүнд оролцоно. Тиймэрхүү ажлыг зохицуулна гэсэн бодолтой байгаа.

Боломж олдвол нутагтаа хэд хонох санаа байна.

 

ШОРООТОЙ БӨХ УНАЧИХААД ТУГ ТОЙРНО ГЭЖ БАЙЖ БОЛОХГҮЙ

-Сонгуулийн хуульд яриа­гаа чиг­лүүлье. Хоёр нам тохиролцож хо­лимог ху­вилбар буюу 50:26 дээр тогтлоо. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Надад сонгуулийн хууль сонирхоод байх цаг зав ч алга. Сонирхох ч хүсэл багатай. Тэртэй, тэргүй ямар ч сонгуулийн хууль, ямар  ч сонгуулийн тогтолцоо байсан ихийг хийж бүтээсэн, тэр нь үр дүнд хүрсэн эсэх нь л чухал. Үр дүнд хүрсэн зүйл нь ард түмэндээ таалагдаж байна уу, ард түмний амьдрал ахуйг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулж байвал тогтолцоо ямар байх нь тийм ч чухал биш. Хэрэв тухайн хүн үнэхээр ихийг хийж бүтээж чадах бол тогтолцооноос үл хамаарч сонгогдох байх аа.

Үнэхээр өөртөө тааруулж, өөрөө сонгогдохын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэдэг асуудал байж болохгүй. Тийм үүднээс надад сонгуулийн тогтолцоо тийм байгаасай, энэ нь ашигтай, ашиггүй гэж бодож байгаа юм алга.

-Гацаанд оруулаад бай­гаа хоёр асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Ард­чилсан намын зүгээс 26-д өвдөг шороодсон хүн 50-иар дахин гарах бо­ломжийг нээж буй. МАХН-д ч ашигтай байж бо­лох энэ хувилбарыг ямар учраас эсэргүүцээд байгаа юм бол?

-Шороотой бөх гэж ярьдаг даа. Шороотой бөх уначихаад туг   тойрно гэж байж болох­гүй. Хүнийхээ хувьд ч 26-д нь орж ялагдчихаад, 50-ын мандатаар УИХ-д орох нь зохимжгүй. Хэнээсээ яаж сонгогдчихоод ямар нүү­рээрээ УИХ-д суух юм. Энэ нь асуудалтай биз дээ. Тухайн хүнд боломж олголоо. Тэр боломжийг ашиглаж чадах­гүй бол өөртөө л гомдохоос тийм биз дээ. Гэтэл заавал би суух ёстой гэж улайрч зүтгээд 26-д ч орж өвдөг шороодчихоод, 50-иар нь УИХ-д сууна гэдэг ичгэвтэр байх.

Түүнээс гадна Монгол Ул­сын Үндсэн хуульд “Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг ард түмнээс шууд сонгоно” гэсэн заалт бий.  Ард түмнээсээ шууд сон­гогдох, ард түмний хүсэл со­нирхол УИХ-д шууд орж ирэх боломжийг бүрдүүлэх ёстой. Тухайн гишүүнийг  өөрсдийнх нь төлөө тэмцэж, ажиллаж чадна гэдэг үндсэн дээр л түүнд итгэл даалгаж буй. Энэ боломж хэзээ ч юугаар ч хаагдахгүй байх ёстой. Ийм дээр л гол асуудал яригдах учиртай.

Тэгэхгүй аль нэг улс­төрчийн ард, аль нэг даргын хормой дор явдаг хүмүүс сонгогдох. Ард түм­ний хүсээ­гүй хүн УИХ-д тух­лах боломж битгий бий болоосой.

-50 мандатын төлөө нам, нэр дэвшигч хоёрын алийг нь дугуйлах бол. Энэ асуудал дээр хоёр нам мөн л эвдрэлтэй байгаа шүү дээ?

-Намаа дугуйлснаар на­мын даргатай ойр байдаг, түү­нийг тойрсон ард түмэнд таалагддаггүй хүмүүс битгий сонгогддог байгаасай. Үнд­сэн хуульд заасан УИХ-ын ги­шүүнийг шууд сонгоно гэсэн заалтыг зөрчихгүйгээр ард түмэн өөрсдийнхөө итгэлийг даана гэж үзсэн төрийн тү­шээдээ сонгох боломжийг бит­гий үгүй хийгээсэй. Энэ бол хамгийн том боломж. Ард түмэн өөрсдөө төр ба­рих хамгийн дээд эрхээ хэрэг­жүүлэх боломжийг бид үгүй хийж болохгүй. Энэ үүднээс намаа биш хүнээ дугуйлдаг байх ёстой.

БЭЛЭН МӨНГӨ ТАРААСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛЖИХГҮЙ

-Төсвийн тодотгол бат­лаг­­дахад зарлагыг илүү хумих боломж байсан та­лаар ги­шүүд ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд та ямар тайлбар хийх вэ?

-Төсвийн урсгал зардал байнга өсч байгаа. ДНБ-ий бараг 50 хувьд хүрч байна гэдэг бол том үзүүлэлт. Үүнийг хумих нь зүйтэй. Гэхдээ төрийн албыг цомхон чадварлаг болгох ёстой. Ингэснээр төсөв хэмнэгдэх боломжтой гэж амаа чилтэл ярьдаг. Харамсалтай нь бодит ажил болж чаддаггүй. Хүн толинд өөрийгөө харахаараа би тарган байна, хоол идэхгүй байх ёстой гэж боддог. Гэсэн атлаа хоол харахаараа идээд байдагтай адилхан.

Үе, үеийн Засгийн газар энэ асуудлыг ярьж л байдаг. Хэдхэн жилийн өмнө 100 орчим мянган хүнтэй байсан төрийн алба өнөөдөр 150 мянга болтлоо өслөө. Ингэж нэмэгдсэнээр төрийн ажил үйлчилгээ хөнгөн шуурхай болж, хүнд суртал нь арилсан уу, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байгаа бил үү. Гэтэл харин ч ард түмнийг хүнд суртал, шат давхарга ихтэй үйлчилгээгээр бухимдуулаад байгаа. Орон тоо нэмэгдлээ гээд ажил нь ч хөнгөн шуурхай болсонгүй.  Тийм болохоор үүнийг цомхон, чадварлаг болгох талд нь анхаарах ёстой. Энэ үүднээсээ Төсвийн зардлыг бууруулах ёстой.

-УИХ-аас Засгийн газарт хоёр ч удаа тогтоол хүргүүлсэн байх аа?

-Тийм ээ. 2008,  2009 оны тогтоолоор төрийн албаны бүтэц зохион байгуулалтын асуудлыг оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч Засгийн газар хэрэгжүүлсэнгүй. Энэ намар оруулж ирэх л юм гэсэн. Хараад л сууж байя. Уг нь төрийн алба цомхон, чадварлаг, хүнд сурталгүй байж, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ өнөөдөр би тангараг өргөөд төрийн албан хаагч болсон бол иргэдийг хаалгаа гаднаас нь хаачих, дараа нь уулз гэхчлэн хүнд суртал бий болгодог. Хүнд суртал нь сүүлдээ шан харамж болж, өнөөх нь цаашлаад авлига болж хувирдаг. Гэсэн атлаа иргэдэд үйлчилж байна гэж төрөөс цалин авдаг. Ийм л байдалтай байгаад байна. Үүнийг л бид өөрчлөх ёстой.

-Засгийн газраас үл хамаараад УИХ өөрөө энэ асуудлыг хийх боломж байдаггүй юм уу?

-УИХ-ын ажлын хэсэг ажиллаад Засгийн газрыг  хүлээлгүй өөрсдөө хийе гэж шийдвэрлэсэн. Харамсалтай нь УИХ-ын  гишүүдээс дэмж­лэг авч чадаагүй.

-Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэс­гийнхэн 7000 төрийн ал­бан хаагчийг цомхотгож 30 тэрбум хэмнэх боломж бий гэсэн. Энэ судалгаан дээр үндэслэж төсвийг хэмнэж болоогүй юм уу?

-Тийм боломж байсан. Засгийн газар үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тус­га­сан төрийн албан хаагчдыг цомхотгож төсвийн зардлыг бууруулах ёстой. Гэвч ажил хэрэг болохгүй юм.

-Олон улсын валютын сангаас Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас хэтрэхгүй байх болзол тавьсан. Гэтэл ДНБ-ий 6.4 хувь болчихсон байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Нэг талаасаа зардлаа бууруулах, орлогоо нэмэг­дүүлэх, алдагдлыг багасгах тал дээр ажиллах ёстой. Гэх­дээ өөрөө өөрсдөө энэ шаардлагаа тавьж ажиллах юм. Олон улсын валютын сан­гаас ч хатуу болзол тулгаж байгаа. Агуулга нь зөв л дөө. Гэхдээ яагаад заавал Олон улсын валютын сан гэдэг байгууллагаар хөтлүүлж, манай улс явах ёстой гэж. Энэ нь юу л бол. Төсвийн алдагдлыг бага байлгах ёстой гэдэг тэр байгууллагатай, бай­гууллагагүй Монгол төрийн бодлого л байх ёстой.

Гэхдээ яах аргагүй тулгамдсан олон асуудал бий. Өнөөдөр ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд нийлүүлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Үүний тулд хөрөнгө оруулалтын төсвийн зардлыг өсгөх хэрэгтэй. Төсвийн урсгал зардлыг бус хөрөнгө оруулалтын зардлыг өсгөх хэрэгтэй. Мөнгөний бодлогоороо банкны зээлийн хүүг буулгаж, зээлийг их хэмжээгээр хөрөнгө оруулалтад өгөх. Гол нь хэрэглээнд биш. Эрэлтийг дэмжихэд бус нийлүүлэлтийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх учиртай. Харамсалтай нь энэ бодлогыг манайхан хийж чаддаггүй. Үүнийг ажил хэрэг болгохын тулд төсөв дээр хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх шаардлага бий. Энэ үүднээсээ төсвийн алдагдал нэмэгдэж байна. Цаашдаа хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн алдагдлыг тодорхой түвшинд барьж, төсвийн урсгал зардлыг бууруулж, нөгөө талдаа хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхийн тулд төсвийн бодлого чиглэгдэх учиртай. Ингэж байж бид ажлын байр олноор бий болгож, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулна. Улмаар ард түмний амьдрал сайжирна.

Тэгэхгүй бэлэн мөнгө тараагаад эрэлт, хэрэглээг дэмжсэн зээл олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулснаар Монгол Улсын эдийн засаг эрүүлжихгүй.

-Томоохон хөтөлбөрүүд нэ­лээд батлагдлаа. “Мон­гол мал” хөтөлбөр л гэ­хэд шууд төсвөөс ха­маа­ралтай байгаа шүү дээ. Төсөвт дахиад л ачаалал бий болох нь дээ?

-Энэ жилийн батлагдсан хөтөлбөрүүдийг төсвөөс сан­хүүжүүлнэ гэвэл мэ­дээж дий­лэхгүй. Төсвийн тодор­хой хэсэг нь тодорхой зориу­лал­таар зарцуулагдах ёстой. Үлдсэн нь олон эх үүсвэрээс гээд заагаад өгчихсөн. Хөгж­лийн банк байгуулах, гаднаас зээл авах, хувьцаа бонд гар­гах, Концессийн хуулиар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шийдэх гэх мэт олон санхүүгийн эх үүсвэр бий. Мөн байгалийн баялгаараа барьцаа гаргаж урьдчилгаа төлбөр авах. Энэ олон хувилбаруудыг ашиглаж байж тавигдсан зорилтуудыг шийдвэрлэнэ.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Оюутолгой, Таван­тол­гойн ордоос орж ирэх орло­гоос ашиглаж зарцуулах хэрэг­тэй.

 

ОЮУТОЛГОЙН МОНГОЛ АЖИЛЧДЫН ЦАЛИН БОДИТ БАЙДЛААС 10 ДАХИН БАГА

-Оюутолгойн гэрээ байгуулагдах үед та эсэргүүцэж байсан шүү дээ. Гэвч олонх болж чадаагүй. Эргээд харахад манайх алдаж уу, онож уу?

-Би Оюутолгойн гэрээг эхнээсээ л муу гэрээ гэж хэлж байсан. Тогтвортой байдлын гэрээ биш Оюутолгойн хөрөнгө оруулагч талын тааламжтай байдлын гэрээ болсон. Үүнийг тааламжтай биш тогтвортой байдлын гэрээ болгож, Монгол Улсын эрх ашигт нийцсэн ард түмэнд үр өгөөжөө өгөх тийм гэрээ болгохын тулд байнга шахаж шаардаж ажиллана гэж бо­дож байгаа.

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэж үг байдаг даа. Байнга асуудал яриад байхаар засагдаж сайжрах байх.

-Цаг хугацаа алдаад байна. Хурдхан эргэлтэд оруулах ёстой гээд байгаагүй бил үү?

-Оюутолгойн гэрээг батал­сан өдрийн маргаашнаас нь монголчуудын амьдрал сайж­раад л, Монгол Улсын тө­сөвт өдөр, өдрөөр сая сая ам.доллар цутгах юм шиг л  сайхан юм яриад байсан. Хаана байна. Тэр хүмүүсээс энэ асуултыг асуувал зөв байх.

Аль болох хурдан эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой, хөдөлгөөнд оруулья гэдэгтэй би санал нэг. Зогсоож гацаах гэсэн байр суурь байхгүй. Мэдээж ха­рил­цан ашигтай хамтарч ажиллах хэрэгтэй. Учир нь газар, газрын доорх баялаг Монголын ард түмний өмч, Монголын төрийн өмч гээд Үндсэн хуульд заачихсан. Бидний өмч л юм бол бид өмчөө харилцан ашигтай, бусад хөрөнгө оруулагчид ашиг­тайгаар ашиглах асуудал л яригдана. Харамсалтай нь өөрсдийнхөө өмчийг ху­­далдаж авах хэмжээнд хү­рээд байна. Манай өмчийг гадныхан ашигладаг. Гад­ныханд илүү үр өгөөж нь ир­дэг. Монголчууд хараад л сууж байдаг. Ийм л байдалтай болоод байна.

-Гэрээнд тусгагдсан болов­сон хүчний харьцаа алдагдаж эхэлсэн гэх мэ­дээлэл цацагдах болсон. Үүнийг судалж үзсэн үү?

-Гэрээнд зааснаар Оюутолгойд өнөөдөр Монголын 4000 гаруй ажилчин байх ёстой. Гэтэл Оюутолгойгоос цалин авдаг, нийгмийн даат­галын шимтгэл төлдөг 378 хүн л байх жишээтэй. Үүнийгээ 2200 гэж тайлбарладаг. Дээрх тоогоо хэрхэн  2200 хүргэдэг вэ гэхээр Оюутолгойд цай, хоол, хувцас, гэр нийлүүлдэг компанийн ажилчдыг ма­най компанийн ажилчид гэж хэлдэг. Тэнд барилга барьж, өрөмдлөг явуулж бай­гаа ком­панийн ажилчдыг ч   өөрийнхөө ажилчид гэх жи­шээ­тэй. Тэгээд 2200 Мон­гол ажилчин ажил­лаж байгаа гэж хэлдэг.

Чи, бид хоёр бие бие­нээ таньдаг хүмүүс энэ ма­най компанийн ажилчид гээд танай хүмүүсийг бүрт­гүүлчихээд олон хүний ажлын байр бий болголоо гэвэл утгагаүй биз дээ. Хүмүүс ч итгэхгүй. Үүнтэй адилхан жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг хандаж болохгүй.

Улмаар өнөөх 2200 ажилчнаа 4000-д хүргэхийн тулд Нийслэлд ажлын байр бий болгож хог цэвэрлэхэд 3000 ажлын байр бий болгох нэрийдлээр 12 тэрбум төлөвлөсөн гэх. Үүнийгээ нийгэмд буянтай маш сайн үйл хийж байна гэж тайлбарлаад бай­гаа.

-Гэрээгээ зөрчсөн ту­хайн байгууллагад ямар ха­риуцлага тооцох ёстой вэ?

-Гэрээнд хариуцлагын талаар ч тусгасан. Хэрэв гэрээгээр  хүлээсэн үүргээ бие­­лүүлж чадахгүй бол  ажлын байр тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлснээр тооцож Монгол Улсын төсөвт тор­гууль төлнө гэсэн заалт бий.

-Төсөвт оруулах хөрөнгө дээр унжиж эхэллээ гээд байгаа нь үүнтэй холбоотой юм уу?

-Үндсэндээ гэрээгээ бие­лүүлж чадахгүй торгуулиа төлж байгаа байхгүй юу ч гэх мэтээр яривал олон асуудал бий. Мэдээж энэ асуудал тодорхой цаг хугацаанд хөндөгдөнө. Тухайн асуудлыг хөндөхдөө ард түмэнд ил болгож тавина. Тэр хэм­жээ­гээр үүнийг сайн гэрээ байж уу, муу гэрээ байж уу гэдгийг дүгнэх юм. Ингэхэд сайн гэж хэлээд байгаа хүний амнаас биш, муу гээд муулаад байгаагаас нь биш бодит байд­лаас харж дүгнэлт хийх юм.

-Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчдын цалин ч гэсэн амлаж байснаас нь хэт доогуур гэж сонссон. Энэ үнэн үү?

-Өнөөдөр Оюутолгойд 1400 ам.долларын цалин өгч байгаа гэж ярьдаг. Бодит байдал дээр монголчууд 400 ам.долларын цалин авч байх жишээтэй. 1000 ам.долларыг гадныхан зуучлах нэрээрээ халаасалчихдаг. Түүнчлэн Оюутолгойд яг адилхан ал­бан тушаалд ажиллаж байгаа Монгол хүн гадаад хүн хоёр 10 дахин цалингийн зө­рүүтэй. Бодит байдал ийм л байна. Монголчууд яа­хаараа төрсөн газар нутаг дээрээ өөрсдийнхөө өмчийг ашиг­лахын тулд бага цалинтай ажилладаг. Гадныхан яа­хаа­раа монголын газар ну­таг дээр өндөр цалинтай ажил­ладаг юм. Яриад байвал олон  асуудал бий.

Энэ бүхнийг яри­на л гэж бодож байгаа.

-Гэрээг байгуулаад жил болоогүй байхад ийм асууд­лууд үүслээ. Үзэглэсэн гур­ван сайдыг газар нутгаа худалдчихсан гэж тухайн үедээ нэлээд их ярьдаг байсан. Тухайн гурван сайдад ямар хариуцлага тоо­цох ёстой вэ?

-Мэдэхгүй, арай ч худалд­чихгүй байлгүй дээ л гэж бо­дож байна. Үгүй байх л гэж найдаж байна. Яагаад ч энэ гэрээг хийчихсэн юм бүү мэд.

Л.НИНЖСЭМЖИД

ШИНЭ МЭДЭЭ