С.Бямбацогт: Төсвийн бүтцэд дорвитой шинэчлэл хиймээр байна
2008.12.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: Төсвийн бүтцэд дорвитой шинэчлэл хиймээр байна

-Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэж эхэллээ. Төсөлтэй танилцах боломж олгосонгүй гэж Та бухимдангуй байсан.

-Дэлхийн санхүүгийн хямрал даамжраад эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ. Түүнээс сэргийлэх, хямралыг саармагжуулах боломж Монгол Улсад байлаа. Харамсалтай нь Монголбанкны мөнгөний алдаатай бодлогоос  болж монголчууд хямралд өртөөд эхлэв.

Нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкнаас оруулсан асуудлыг аль болох шуурхай шийдэлгүй яах вэ. 2009 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл чухал асуудал. Уг төсөл  энэ сарын 10-нд бэлэн болсон гэсэн. Гэтэл бидэнд урьдчилан танилцуулалгүйгээр өчигдөр тарааж байгаа юм.

Ийм чухал зүйлийг нухацтай хэлэлцэж, судалж шийдвэрлэх ёстой. Алтанд ногдуулах гэнэтийн ашгийн татварын босгыг 850 ам. доллар болгох, Хадгаламжийн даатгалын хууль гаргах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах асуудлыг шийдвэрлэхдээ ч ийм л байдлаар хандсан. Аливаа асуудлыг олон талаас нь нухацтай хэлэлцэж байж зөв шийдвэр гаргаж чадна. Ийм боломж олгохгүй байгаад нь би бухимдсан юм.

-2008 онд эдийн засгийн өсөлт өндөр байхаар тооцож байсан ч импортын орлого 30 хувиар буурч, нэгдсэн төсөв 300 шахам тэрбум төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байна. УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар ямар арга хэмжээ авагдах вэ?

-Төсвийн алдагдлыг багасгаж, орлого нэмэгдүүлэх зорилгоор энэ тогтоолын төслийг санаачилсан байх. 2008 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр төсвийн алдагдал 200 тэрбум төгрөгт хүрэх нь. Миний тооцож буйгаар түүнээс ч илүү гарахаар байгаа.

УИХ 2009 оны төсөв батлахдаа нийт орлогоо 1,8 триллион төгрөгөөр баталсан боловч нэг триллион хүртэл буурч магадгүй боллоо. Учир нь эдийн засаг, санхүүгийн хямралаас болж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импортын орлого эрс багсаж байна. Энэ хэрээр татварын орлого буурах нь тодорхой. Төсвийн алдагдлыг 400 орчим тэрбум төгрөгөөр тооцож баталсан.  Хямрал үргэлжилсээр байвал алдагдал нэг тэрбумд ч хүрч болзошгүй. Үүнийг яаж нөхөх вэ гэдгээ л бид ярих ёстой болж байна. Тийм учраас макро эдийн засгийн түвшинд ажилгүйдлийг бууруулах, валютын ханш тогтворжуулах, нөөцөө нэмэгдүүлэх зэргээр өргөн хүрээнд яримаар байна.

-Баялгаа барьцаалж ордуудыг ашиглуулах нөхцөлөөр урьдчилгаа авах боломж байж болох уу?

-Орлого нэмэгдүүлэх боломжуудаа шавхах хэрэгтэй. Нүүрс, алт, зэс, уран, төмөр, төмрийн хүдрийн ордуудаа барьцаалж, урьдчилгаа төлбөр авах зэргээр мөнгө босгож хямралыг саармагжуулах арга хайх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 2009 он хүнд байх болно. Өргөн хүрээнд сэтгэж, олон талаас нь нухацтай хэлэлцэж байж хямралыг хохирол багатай давах болно гэдгийг л ухаарах хэрэгтэй.

Төсвийн бүтэц, зарлагад дорвитой шинэчлэл хиймээр байна. 2.6 сая хүний 2.0 сая нь төрөөс ямар нэгэн халамж үйлчилгээ авдгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийдэг хүн олдохоо болих нь.
Ажил хийдэг хүнээ дэмжсэн бодлого явуулж байж халамжийн сэтгэлгээнээс сална. Үр дүнд нь үйлдвэрлэл өсөж ажлын байр нэмэгдэнэ. Засаг, захиргааны үрэлгэн бүтцээс бас яаралтай салмаар байна. 2000, 20000 хүн амтай сумд адилхан төсвийн зардалтай байж болохгүй. Төрийн бараа, үйлчилгээ худалдан авдаг зардлыг бууруулах нь зүйтэй. Төсвийн хөрөнгөөр худалдан авдаг бараа, үйлчилгээг бөөний үнээр нийлүүлдэг баймаар байна.

Хамгийн энгийн жишээ хэлье. Байгууллага бүр нэг боодол бичгийн цаасыг жижиглэнгийн үнээр авдаг. Үүний оронд төр бичгийн цаасыг бөөний үнээр аваад хангадаг болчихвол их хөрөнгө хэмнэх бололцоотой юм билээ. Энэ мэтчилэнгээр төсвийн зардлыг бууруулах боломжтой.

-Хөрөнгө оруулалтын зардал бууруулахыг зарим гишүүн шаарддаг. Сангийн яамныхан бууруулна гэхгүй байгаа ч нэмэхгүй гэдэг. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө оруулалтыг дэмжихийн хэрээр ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөждөг. Үүнийгээ дагаад татвар төлөгчид нэмэгдэж эдийн засгаа тэтгэх боломж бий болно. Ирэх дөрвөн жилд монголчууд бид хүнсний гол хэрэглээгээ дотооддоо хангах зорилт тавьсан. Зөв бодлогоор дэмжээд өгвөл экспортын болон валютын орлого нэмэгдэнэ. Тийм учраас хөрөнгө оруулалтыг бууруулж болохгүй.

-Хилийн томоохон боомтуудад олон мянган ачааны чингэлэг, хэдэн зуун авто машин бөөгнөрчхөөд байгаа юм байна. “Яагаад” гэсэн асуултад эзэд нь “бэлэн мөнгөний эргэлтгүй болчихлоо” гэсэн тайлбар хэлж байна лээ.

-Банкнуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэд хэрэглээг дэмжсэн, орон сууц барьцаалсан зээл л өгдөг болсон. Түүнээс бус үйлдвэрлэлийг дэмжсэн зээл өгч байсангүй. Энэ нь эргээд иргэдийн худалдан авах чадвар, банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн. Мөнгөний бодлогоо эргэж харах цаг болсныг банкнууд зээлээ зогсоосон байдал харуулж байна. Үйлдвэрлэл дэмжсэн, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад чиглэсэн зээлийн бодлого үгүйлэгдэж байна.

-Төр байдаг хөрөнгөө шавхаад арилжааны банкуудад дэмжлэг үзүүллээ. Хариуд нь банкнууд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстой гэж Та үзэж байгаа вэ?

-Банкуудад нийгмийн хариуцлага илт үгүйлэгддэг. Хэлбэр төдий байдлаар л нийгмийн хариуцлагын тухай ярьдаг. Үүнийх нь үр дагавар гараад эхэлчихлээ. Хэрэглээг хэт их дэмжсэн бодлого явуулж ирсэн. Амар хялбар аргаар, богино хугацаанд ашиг олох гэсэн бодлогын үр дагавар арилжааны банкуудад өөрсдөд нь хүндээр туслаа шүү дээ. Тэд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Төр өгөөмөр “загнасны” хариуд банкнуудаас хариуцлага нэхэх эрхтэй. Үнэн хэрэгтээ өнөөдөр малчид 30-40 мянган төгрөгийн хонио 10 мянгын барьцаанд тавьчхаад банкны мал хариулаад л явж байна.

-Төсвөө батлаад нэг сар ч болоогүй байхад УИХ-ын зарим гишүүн, “Төсөвтөө тодотгол хийе” гэхийг сонсоод гайхсан шүү...

-Тодотгол хийхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Шинэ оны эхний өдрөөс л бидний баталсан төсөв зүйл, заалт бүрээрээ зөрчигдөөд эхэлнэ. Зардал хумих талаар өчнөөн ярьдаг ч санасан хэмжээнд багасгаж чадаагүй.

-”Нийгмийн хариуцлага” гэсэн үг Та олон хэллээ. Манай улсын арилжааны банкны эзэд, бизнес эрхлэгчдэд хариуцлага, эх оронч сэтгэл үнэхээр дутдаг. Нийгмийн хариуцлагыг хуульчилж болох уу?

-Уг нь нийгмийн хариуцлага ёс зүйгээр зохицуулагдах ёстой юм. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд оруулах ёстой гэж үздэг. Би өөрөө ч идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Маш олон аж ахуйн нэгж, банкны эзэд нийгмийн хариуцлагын тухай ярьдаг л даа. Ялангуяа онцгой албан татвар төлөгчид, ноцтой үр дагавартай бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сурталчлахын тулд өнгөлөн далдалт маягаар нийгмийн хариуцлага ярьдаг юм. Шаардлагатай бол хуульд зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байх.

-2009 оноос өмнө “Бороо гоульд” компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулж төсөвт мөнгө нэмэрлэнэ гэж ярьж буй. Олон жил төр татвараа авч чадаагүй. Одоо тэд татвар төлөх үү?

-“Бороо гоулд”-тай Тогтвортой байдлын гэрээ байгуулаад олон жил болсон ч Монгол Улсад ашиг бараг өгөөгүй юм билээ. Дотоодын аж ахуйн нэгж 40 тонн алт олборлосон бол Монголын олон хүн өндөр цалинтай ажлын байртай болж улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрөх байлаа.

Одоо гэрээнд өөрчлөлт оруулна гэнэ. НӨАТ авахгүй бол Монголбанканд алтаа тушаана гэж “Бороо гоульд”-ынхон хэлээд байгаа гэж С.Баярцогт сайд яриад байх шиг байна лээ. Ер нь яахаараа гадаадын нэг компанийн үзэмжээр Монгол Улсын хууль өөрчлөгдөх ёстой гэж. Монгол Улсын үндэсний эрх ашигт хохиролтой гэрээнүүдийг цаашдаа эргэж харах ёстой.