МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо
2008.01.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан “Хүний хөгжил сангийн тухай хуулийн хэрэгжилт болон иргэдэд олгож буй хувь хишгийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр олгох асуудлыг хэрхэнх зохион байгуулж байгаа талаар тавьсан асуулгын хариутыг хэрхэн өгснийг товчлон хүргэж байна.

С.Бямбацогт: -Нэг асуулт байна. Бид нийтдээ 4,2 их наяд олгохоос одоогийн байдлаар 1 их наядыг олгочихоод байгаа. Үүнээс ажлын байр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авахад зориулж бөөнөөр нь 10 сая төгрөгөөс дээш мөнгө авсан хүн бол өнөөдрийн байдлаар 3 мянга орчим байгаа. Нийт хүн амын 0,1 хувь нь 600-гаад сая төгрөг авсан. Үүнийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг зорилгоор асуулт тавьсан юм. Энэ дээр өнөөдөр сар бүр 21 мянгыг өгч байгаа нь ажилгүйдлыг, бэлэнчлэх сэтгэлгээг, залхуурлыг дэмжсэн болчихоод байгаа юм. Үүнийг яаж арилгах ёстой вэ, энэ чиглэлд бид юу хийх ёстой вэ? Үүнтэй санал нийлэх үү, үгүй юу? Өнөөдөр ажил хийе гэхээр нийтийг хамарсан 7 мянган төгрөгөөр ажил хийдэг хүн байхгүй болсон. Ховд аймгаар жишээ авбал 1 мянга 64 түр ажлын байр бий болчихоод байхад өнөөдөр ажил хийдэг хүн байхгүй байна. Дээр нь архидалт мөнгө тараасан үед нэмэгдэж байгаа, инфляци өсөж байгаа, хэрэглээг дэмжсэн бодлого явуулж байна. Хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийг биш гэдэгтэй Засгийн газрын асуудал  хариуцсан гишүүд, сайд нар санал нийлэх үү? Энэ дээр хариулж өгөөч.

Хэрвээ нийлэхгүй байгаа бол ямар хэлбэрээр олгох нь зөв  юм бэ?

Өнгөрсөн онд улсын төсөв дээр Их Хурлаас бид ажлын байр бий болгоход зориулж 10 саяас дээш төгрөгийг бөөнөөр нь оруулж болно гэж оруулсан. Үүний хэрэгжилт харамсалтай нь өнөөдөр 21 аймгийн төвшинд аваад үзвэл есөн аймагт нэг, нэг төсөл, Ховд аймаг шиг долоон төсөл л бөөнөөр нь авах байдалтай байна. Бусад аймагт нь огт хэрэгжихгүй байна.


Үүнийг Засгийн газар нь санал, санаачилга гаргаад дэмжиж болдоггүй юм уу? Иргэдийг хүлээгээд, иргэд өөрсдөө санал, санаачилга гаргана биз, бид хүлээгээд суугаад байя гэдэг байдлаар биш, санаачилгатай хандаач ээ. Энэ дээр юу хийгдэх вэ? Энэ дээр байр сууриа илэрхийлээч гэж хүсэх гэсэн юм.


НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү: -Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэн хишиг хувь хүртэх журам баталсан. Үүнийг шинэчилж боловсруулаад оруулж батлуулсан. Энэ дээр хэрвээ бэлэн бусаар авах тохиолдолд иргэд нэгдээд хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулах замаар 10 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд, 40-өөс доошгүй хүн нэгдээд авсан тохиолдолд  үүнийг бид бөөнөөр нь өгч болно гээд оруулсан байгаа. Энэ замаар одоогийн байдлаар 3 мянга 36 иргэн хүсэлт гаргаад, 636 сая төгрөгийг бөөнд нь авсан байна. Гэхдээ одоо үүнийг сайн дурын үндсэн дээр явуулж байгаа болохоор иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаад, орон нутаг зохион байгуулаад ороод ирсэн тохиолдолд асуудал байхгүй. Бид шууд өгөхөд бэлэн байгаа. Одоогоор 3 мянга 36 иргэн л ийм хүсэлт гаргасан байна. Тэр хүсэлтийг нь биелүүлсэн байгаа. Цаашид ийм маягаар явбал боломж бий. Орон нутаг сайн зохион байгуулаад, иргэдэд ойлгуулбал энэ тал дээр асуудал байхгүй.


С.Бямбацогт: -Засгийн газар маань иргэдийн санаачилгыг хүлээгээд ажиллах биш, иргэдээ манлайлж, чиглүүлж, уриалж ажилламаар байна. Бэлнээр авах нь амар гэвэл мэдээж бэлнээр л авна шүү дээ. Энэ тал дээр анхаарч ажиллаач ээ. Ирж байгаа төслүүд ч нэмэгдэж байгаа гэж байна /бэлнээр өгөхгүй тал дээр/. Энэ талаар анхаарч өгөөч.


Сая гишүүдийн үгнээс гарч байгаа хоршоо, нөхөрлөлийг дэмжих. Хэрвээ жижиг, дунд үйлдвэрийг байгуулъя гэвэл үр бордоо, худаг усыг нь гаргаж өгөх, жижиг трактор олгох гэх мэтчилэнгийн ийм хөнгөлөлттэй, урамшуулалтай байдлаар Эх орны хишгээ ажлын байр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авахаар санаачилга гаргаж байгаа иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэх ийм ажлуудыг бид зохион байгуулмаар байна.


Ингэж та нар эх үүсвэрийн 30 хувийг гарга, тэгвэл бид улсаас, Засгийн газраас тодорхой хэмжээний зээлийг нь өгье, гадна, дотны, олон улсын зээл тусламжийг хамруулъя гэсэн байдлаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар бид жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Эх орны хишгийг үр дүнтэй ашиглах боломж байгаа юм. Энэ боломж руу чиглүүлмээр байна. Мөн малчдын зээлийг хөнгөлөх, ахмадын зээлийг хөнгөлөх асуудлыг шийдмээр байна. Ийм учраас Их Хурлын удирдлагаас энэ талаар ажлын хэсэг байгуулж, Их Хурлаас тодорхой шийдвэр гаргуулъя. Энэ талаар ажиллах тодорхой боломж, бололцоог хангаж өгөөч ээ. Засгийн газарт чиглэл өгөөч. Бид хууль санаачилъя. Энд ажлын хэсэг байгуулах талаар протоколоор байдаг юм уу, УИХ-аас өнөөдөр шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна.