2010.04.15
Хүний эрх

Монгол мал" хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын нэр бүхий 35 гишүүн "Монгол мал" хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Төслийг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир танилцуулав.

УИХ-ын дарга уг төслийг хүлээн аваад, манай орны эдийн засгийн суурь салбарын хөтөлбөрийг батлах төсөл учир чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд нэлээд дээгүүр байр суурь эзлэх боломжтойг нь гишүүдэд хэлж, МАА-н салбарын тулгамдсан асуудалд санаа тавьж буйд нь тэдэнд талархал илэрхийллээ.

"Монгол мал" үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Арвин, Х.Бадамсүрэн, Х.Баделхан, Б.Батбаяр, Н.Батбаяр, Су.Батболд, Я.Батсуурь, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Р.Буд, С.Бямбацогт, Н.Ганбямба, Ц.Даваасүрэн, Ц.Дашдорж, Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Одбаяр, Р.Раш, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цэнгэл, Б.Чойжилсүрэн, Ц.Шинэбаяр, З.Энхболд, Ө.Энхтүвшин нарын гишүүд санаачилсан болно.

Уг хөтөлбөрийн хүрээнд сумын түвшинд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгжийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ Улсын нэгдсэн төсвийн 3 хувиас багагүй байхаар тогтоолын төсөлд тусгасан байна.


Хөтөлбөрт 5 тэргүүлэх чиглэлд хамаарах 17 зорилт, 84 үйл ажиллагааг тусгасан бөгөөд санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, иргэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, гадаад орон, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ