БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН САЙД Е.НАСЫНБАЕВ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА
2025.02.27

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭКОЛОГИ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН САЙД Е.НАСЫНБАЕВ МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяатай албан уулзалт хийх зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд Е.Насынбаев, тус яамны Ойн аж ахуй болон ан, амьтан хамгаалах хорооны дэд дарга А.Кым нар Монгол Улсад 2025 оны 02 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2023 онд яам хооронд байгуулсан "Хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, ховор амьтан төрөл зүйлийг хамгаалах асуудлыг хэлэлцэхээр манай улсыг зорин айлчилж байгаад талархал илэрхийлэв.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр Казакстаны Ой аж ахуй, амьтны хороо болон манай улсын Ойн газартай нягт хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Казахстан Улсын "Хоёр тэрбум мод" санаачилгыг манай улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах, заган ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын шийдлийг харилцан хуваалцах, хоёр улсын ховор амьтан зүйлийг хамгаалах, нутагшуулах, байгаль орчны хууль тогтоомж, бодлогын чиглэлээр туршлага солилцох зэрэг чиглэлээр санал солилцов.