![Монгол, Узбекистаны засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан эхэллээ](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/07/976ee7e23323d916977cea757b733490.jpg)
Монгол, Узбекистаны засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан эхэллээ
Монгол Улсын Шадар сайд, Монгол, Узбекистаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс Бүгд Найрамдах Узбекистан Улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр \2025.02.07\ Ташкент хотноо эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсын Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар албан хэлцэл хийлээ.
Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Узбекистаны хэсгийн дарга Ж.А.Ходжаев хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, Ташкент хотноо анх удаа зохион байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаас үр дүнтэй, бодитой, ажил хэрэгч шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Шадар сайд С.Амарсайхан Ж.А.Ходжаевтай өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо уулзахдаа ярилцсан хоёр орны хамтын ажиллагааны олон санаачилга энэхүү хуралдааны үеэр бодит ажил хэрэг болж байгааг цохон тэмдэглэлээ.
Энэхүү Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм. Узбекистан улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймд дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Р.Төр-Од болон Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөл, Бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтаж байна.Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол-Узбекистан хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх зорилготой билээ.