Д.Ганмаа: Утааны эсрэг цогц бодлогыг зоригтой дэвшүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал!
УИХ-ын гишүүн Д.Ганмаа “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” хяналтын сонсголд тавигдах мэдээллийг сонсгол зохион байгуулж буй ажлын хэсгийн ахлагчид хүргүүлж байсан.
Нэгэнт агаарын бохирдол ярьж байгаа бол гэрийн яндангаас гарч буй утаа, үйлдвэрийн утаа, тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хорт утаа мөн бохирдлын салшгүй хэсэг болон тоосжилтын асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
Д.Ганмаа гишүүний хувьд агаарын бохирдлын асуудал дээр хүний эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар байнгын анхаарал хандуулж, чухалчилж ирсэн. Тухайлбал тэрбээр 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой санал дүгнэлт боловсруулах УИХ-ын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт орж ажиллахдаа агаарын бохирдлыг бууруулах төсвийг зөвхөн хэлэлцээд өнгөрөх биш харин бодит шийдэл гаргахад дэмтэй бодлого эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хөндөж, төсвийг нэмэгдүүлэх зарчмын байр суурь илэрхийлж байсан.
Зөвхөн агаарын бохирдол бус орчны бусад сөрөг нөлөө (хөрс, ундны ус, дуу чимээ) нь хүн амын ялангуяа хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухаанчаар судалгаанд үндэслэн тодорхойлох нь зүйтэй. Иймд тус багийн зүгээс судалгааны үр дүнгээс тоймлон танилцуулж, бодит шийдлийг эрэлхийлж, дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж буй.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд талаасаа хамгийн чухал анхаарч авч үзэх асуудал гэдгийг бидний хийсэн 9810 хүүхдэд сүрьеэгийн халдварын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох олон нийтэд түшиглэсэн нэг агшны судалгаа"-аар РМ2.5, РМ 10-аас гадна хүхэрлэг хий буюу SO2 хамгийн их эрсдэлт хүчин зүйл гэдгийг тогтоосон.
Агаарын бохирдлыг бууруулах ажилд шинжлэх ухаанчаар хандах НЬ ЧУХАЛ!
Нийгмийн эрүүл мэндийн бодлого нь зөвхөн эрүүл мэндийн асуудал байдаггүй харин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлийг тодорхойлох, тэдгээрийг бууруулахад бусад салбартай бүтээлчээр хамтарч хамтын ажиллагаанд түшиглэсэн бодлого байдаг бөгөөд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөхдөө шинжлэх ухаанчаар хандах нь хамгийн чухал үндэс юм. Иймд агаарын бохирдлыг бууруулах асуудал нь хэлэлцүүлэг төдий биш харин бодит шийдэл байх ёстой.
Шинжлэх ухаанч бодит шийдэл гаргахад манай ажлын албаны гол зорилго байх буюу дотоод, гадаадын олон талын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, шинжээч, мэргэжлийн хүмүүстэй хамтарч утааг арилгах бүхий л шийдлийг эрэлхийлж хамтарна
УТААНЫ ЭСРЭГ цогц бодлогыг зоригтой дэвшүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай
Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах нь урт хугацаандаа зөв шийдэл мөн. Гэвч богино болон дунд хугацааны бодлого тэр тусмаа нийгмийн эрүүл мэнд талаас нэн тэргүүнд хүн амын эрүүл мэндэд учрах ноцтой нөлөөллийг бууруулах цогц бодлогыг зоригтой дэвшүүлж, үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлж, маш тодорхой шалгуур үзүүлэлтээр үр дүнгээ хэмждэг болох нь чухал байна. Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн үнэлгээнд "Орчны агаарын бохирдол-орчны тоосонцор (РМ2.5)-оос (100 000 хүнд ногдох) үүдэлтэй нас баралтын хувь" шалгуур үзүүлэлтийг тусгах нь зүйтэй юм.
Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар 2002 ОНООС ХОЙШ 200 гаруй судалгааны ажил хийгдсэнээс PUBMED/MEDLINE ИНДЕКСТЭЙ СЭТГҮҮЛД 70 СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ НИЙТЛЭГДЭЖ, олон нийтийн хүртээл болсон байна. Энэ бол хангалттай нотолгоо. Одоо харин агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан