2025.01.14
Д.Рэгдэл: Дээд боловсрол олголтын чанарын асуудал огт яригдахгүй байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
Дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд танилцуулж байгаа асуудал дотроос хамгийн чухал асуудал нь судалгааны сургууль байгуулах чиглэл рүү анхаарч байна хэмээн ойлголоо. Удахгүй Их дээд сургууль, коллеж гэсэн хоёр ангилалтай болгох хуулийг хэрэгжүүлэх ажил хийгдэх гэж байгаа юм байна. Надад хоёр асуулт байна. Нэгдүгээрт нь Дээд боловсролын хамгийн чухал хэсэг нь яах аргагүй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажил юм. Өмнө жил зөвлөл шинэчлэгдээд, 30 гаруй зөвлөл байгуулагдаад, Дэд зөвлөлүүд ажиллаж байгаа. Үүнийг байгуулахад нэг жилийн хугацаатай байгуулсан. Тэгэхээр жилийн дараа журамдаа шинэчлэл оруулаад зөвлөлийн бүрэлдэхүүн авч үзнэ гэж хийсэн ажил. Учир нь энэ журам дотор доктор хамгаалах гэж байгаа оюутан бүтээл хэвлүүлэхэд тухайн сургуулийнхаа нэрийг заавал оруулж энэ бүтээл бол сургуулийн бүтээл гэж оруулах ёстой хэмээн нэлээн маргаан гарсан. Энэ оюуны өмчийн асуудал байгаа. Тэгэхээр одоо жилийн дараа шинэчлэх энэ ажлын хүрээндээ оюуны өмчийн маргаантай асуудлыг нэг тийш нь шийдмээр байна. Эрдмийн бүтээл хэвлүүлээд гарч байгаа бүтээл бол оюуны өмч байдаг. Тэгэхээр докторын зэрэг горилогч оюутны оюуны өмчийг хамгаалуулах эрх авсан сургууль нь манай дээр бүртгүүл гэж шаардах бол оюуны өмчийн зөрчил үүсгэнэ. Тэгэхээр энэ тал дээр ямар ажил хийе гэж бодож байна вэ? Хоёрдугаарт нь дээд боловсролын шинэчлэл гэж ярихад судалгааны их сургууль гэж шинэлэг зүйл оруулж ирж байна нөгөө талаас Их дээд сургуулиудын чансаа нэлээн яригддаг. Тэгтэл хамгийн чухал асуудал бол дээд боловсрол олголтын чанарын асуудал манайд огт яригдахгүй байна.Тэгэхээр манай улсад их дээд сургуулиудын чанарын асуудал дээр хэрхэн анхаарах вэ? ер нь энэ талаар ярих уу эсхүл хуучин ярьдаг зүйлээ л яриад байх уу? Уг нь дээд боловсрол шинжлэх ухаан хоёрыг монголын онцлог гэхээс илүүтэйгээр дэлхийн жишиг рүү ойртуулах гэж үзээд байвал алгуур боловч амжилтад хүрэх асуудал. Дээд боловсрол олгох чанарын асуудлыг хэрхэн сайжруулах вэ?
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.