Ирэх сонгуульд бөхчүүд хүч сорино
Өнөөгийн УИХ-д бөхчүүд цөөнгүй бий. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сүмоч Б.Батбаяр, сумын заан Д.Очирбат, жүдогийн Х.Баттулга, Ж.Сүхбаатар гэхчлэн олон хүнийг нэрлэж болно.
Нэгэн үе монгол чуудын шүтээн болж байсан дархан аварга болон бөхийн нөхдөө харсан зарим нь улс төрд хүч үзэхийг эрмэлзэх болсон бололтой. Тухайлбал, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймгаас нэр дэвшихээр зэхэж буй гэх мэдээлэл цацагдах болов. Бүр сонгуульт ажлаа эхэлсэн хэмээн нутгийн ард хэлэлцэх болжээ. Мөн их аварга Дагвадорж "Б.Батбаяр УИХ-ын гишүүн болж байхад би ч болж чадна. Тэгэхдээ түүний гарсан тойргоос гараагаа эхэлнэ" хэмээн ярьж явна гэх.
Хуульч, эдийн засагчид бус бизнесмэнүүд, бөхчүүд улс төр рүү ингэтлээ хошуурах болсон нь хачирхалтай. Уг нь ноёны бөх ном сурахгүй л гэдэгсэн. Гэтэл өнөө цагт үгүй бололтой. Улс төрд орж ирсэн "шинэковууд" эхэндээ хөлөө олох гэж жаа-хан зүдэрдэг гэх. Уран мэх уралдуулан барилдаж, өрсөлдөгчөө ялах л ёстой гэсэн бөхчүүд улс төр ойлгох гэж дор хаяж жилийн хугацаа зарцуулдаг гэх юм билээ. Гэхдээ ч сүүлдээ учраа олоод зарим нь муугүй улстөрч болсон шүү.