Ч.Ундрам: 2024 онд боловсролын салбарын 2 ажлын хэсэг байгуулан ажиллалаа
2024.12.31

Ч.Ундрам: 2024 онд боловсролын салбарын 2 ажлын хэсэг байгуулан ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Чинбатын Ундрам шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр “Эрхэм хүндэт танд болон таны гэр бүлд айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн мэндчилье.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу энэ онд бүсчилсэн тойргоор 126 төлөөлөлтэй шинэ парламентыг бүрдүүлэн ажиллаж байна. Миний бие УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар сонгогдон боловсролын багц хууль, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд үргэлжлүүлэн анхаарч ажиллаж байна.

Шинэ парламентын эхний ээлжит чуулганаар МУ-ын төсвийг хэлэлцэн зардлыг бууруулах зарчим баримталж алдагдалгүй төсөв баталлаа. 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтэц болох эрчим хүч, авто зам, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт чиглүүлсэн бөгөөд 2.3 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийж чадлаа.

Монгол Улсын хөгжлийг хурдасгах 14 мега төслийн түүчээ болсон “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны үе шат бүрд татварын дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэх нэн таатай, татварын хөнгөлөлттэй орчныг бүрдүүлэх хуулийг баталлаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг баталлаа. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж орлого олох үйл ажиллагаанаасаа гадна нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарт дэмжлэг үзүүлснээр татварын хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

 Улсын Их Хурлын 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо: 

  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг.
  •  Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлттэй танилцаж, хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий 2 ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллалаа.

Мөн түүнчлэн харьяалах байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаа, бодлого төлөвлөлттэй танилцлаа.

Та бүхэндээ угтан золгож буй 2025 оны шинэ жилийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээв.