УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ОНЦЛОХ ҮГС
2024.11.14

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ОНЦЛОХ ҮГС

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч И.Алиевын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. 

 - Азербайжан Улс COP29 бага хурлыг даргалагч орны хувьд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын нэгдсэн зөвшилцлийг эрэлхийлж, өрнө дорнын харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулахыг чармайж байна.Тус улс дөрвөн жилийн өмнө 120 улсын санал нэгтэй шийдвэрээр НҮБ-ын дараа орох хоёр дахь чухал олон улсын байгууллага болох “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-ийг амжилттай удирдсан. Азербайжан Улс нь 60 гаруй орныг нэгтгэсэн Исламын хамтын ажиллагааны байгууллагын идэвхтэй гишүүн орон болохыг хэлэв.

- Тус улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц хуурай газарт 135 ГВт, далайн эрэгт 157 ГВт гэж тооцогддог. Өнгөрсөн онд АНЭУ-ын “Масдар” компани 230 МВт-ын хүчин чадалтай, тус бүс нутгийн хамгийн том нарны цахилгаан станцыг Азербайжан Улсад нээж, Саудын Арабын “ACWA Power” компани одоогоор 240 МВт-ын чадалтай салхин цахилгаан станцыг барьж байна. Армениас чөлөөлөгдсөн Жабраил мужид 240 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих асуудлаар Британийн BP компанитай гэрээ байгуулж, эл төсөл нь дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн терминалуудын нэг болох Сангачалын терминалыг нүүрстөрөгчгүйжүүлэх ажлыг гүйцэтгэх талаар дурдлаа.

-Экспортын зах зээлд анхаарлаа хандуулж, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад чухал үүрэгтэй Хар тэнгис-Каспийн тэнгисийн эрчим хүчний кабель шугамыг барих чиглэлд хөгжлийн түншүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж, ногоон эрчим хүчийг Европ руу экспортлох боломжийг олгохын төлөө байгааг тэмдэглэсэн юм.

- Азербайжан Улсын дэлхийн газрын тосны үйлдвэрлэлд эзлэх хувь 0.7%, дэлхийн хийн үйлдвэрлэлд 0.9% байна. Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад Азербайжаны эзлэх хувь ердөө 0.1 хувь байна гэв.

- Хоёр жилийн өмнө Азербайжан Улс Европын Комиссоос дэвшүүлсэн санаачилгын хүрээнд тус комисстой эрчим хүчний салбарт стратегийн түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурсан. Одоогийн байдлаар тус улсын байгалийн хийг ашиглаж буй 10 улсын 8 нь Европын орнууд бөгөөд Европын Комисс 2027 он гэхэд байгалийн хийн нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсэлт тавьсан талаар дурдлаа.

- Энэхүү бага хуралд дэлхийн 196 орны 72,000 оролцогч бүртгүүлсний дотор 80 гаруй улсын төр, засгийн төлөөллүүд оролцож байгааг хэллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан