2024.12.09

Н.Учрал: Төрийн өмчит компанийн бүх мэдээлэл ил тод, шилэн болно

Зардал нь захирлын урамшуулал болтлоо засаглалын хямралд орсон Төрийн өмчит компанийн (ТӨК) реформ үргэлжилсээр байгаа. Төсөв дагуулан өргөн мэдүүлсэн ТӨК-ийн тухай хуулийн өөрчлөлт батлагдсанаар шилэн ажиллагаа эхэлж, төрийн өмчит 123 компанийн бүх мэдээлэл ил тод болох аж.

Засгийн газраас 2025 оны төсвийг дагуулан, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эхний үе шат болгон өргөн мэдүүлснийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар дэмжсэн. Энэхүү хууль батлагдсанаар дараах ач холбогдолтой .

  1. Алдагдалтай ТӨК-иудыг өөрчлөн зохион байгуулж эсвэл татан буулгана.Төр, орон нутгийн өмчит компани 3 жил дараалан алдагдал хүлээсэн бол татан буулгах буюу өөрчлөн байгуулна. Өнөөдрийн байдлаар Төрийн өмчит 43 компани алдагдал хүлээсэн. Үүнээс 21 нь 3 жил дараалсан алдагдалтай. Төсвийн хууль батлагдсан даруйд алдагдалтай компаниудыг татан буулгаж, өөрчлөн байгуулна. Ашиг биш алдагдал үйлдвэрлэдэг атлаа оршин тогтноод байдаг, татвар төлөгч бүх ард түмэнд нуруун дээр байдаг гажуудлыг үндсээр нь хуульчлан засна.
  2. Төр, орон нутгийн өмчит компаниуд олон улсын аудитын өмнө ажлаа шалгуулна.Төрийн болон орон нутгийн өмчит бүх компанид олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх зохицуулалтыг хуульд тусгалаа. Төр, орон нутаг өмч хөрөнгөө нөлөөгүй толинд харж нөхцөл байдлаа бодитоор үнэлүүлнэ.
  3. ТӨК бүтэн шилэн болно. Авлигын эсрэг “Шилэн” ажиллагаагаар 800 мянган мөр өгөгдөл мэдээлэл ил болсон ч хуульд бүрэн тусгагдаагүй гэх шалтаг, цоорхойгоор төрийн өмчит компаниуд хойш суусаар ирсэн. Энэ нэмэлт өөрчлөлтөөр төр, орон нутгийн өмчит компаниуд бүрэн шилэн, ил тод байх хуулиар хүлээсэн үүрэгтэй болох юм.

Төсөв, төлөвлөгөө, өмч хөрөнгө, гэрээ хэлцэл, аудит хийлгэсэн тайлан, худалдан авалтын болон нийлүүлэгч этгээд, үнийн дүн, сонгон шалгаруулалт, төлсөн татвар, төлбөр, хураамж; хандив, тусламж зэрэг бүх төрлийн мэдээллээ ил тод, шилэн байлгах, үүргээ биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагын хамт тусгалаа.

Төсвийн хууль хэлэлцэж батлагдсаны маргааш ТӨК-иуд дахь Шилэн ажиллагааны шинэ үе эхэлнэ. Засгийн газрын нэгдсэн цахим хуудсанд ТӨК-иудын бүх төрлийн мэдээллийг нээх болно гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал илэрхийлж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn