2024.11.28

Б.Энхбаяр: "Буян"-гийн Б.Жаргалсайхан та насаараа намын дарга хийж "биеэ үнэллээ"

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. 

Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн 20 жилийн хугацаанд УИХ дээр улс төрийн намын асуудал тэр дундаа санхүүжилтийг идэвхтэй ярьж, реформ хийсэн.  2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах ажлын хүрээнд өнгөрсөн парламентын үед улс төрийн намын хуулийг шинэтгэл хийсэн.

Хуулийн төслийг боловсруулахад парламентад суудалтай болон суудалгүй намууд, ажлын хэсэг олон улсын жишгийг сайн тусгасан. Зөвхөн боловсруулалт хийхийн тулд хоёр жилийн хугацаанд хуулийн төсөл дээр ажилласан. Уг хуулийг шинэтгэлийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд зарчмын хувьд хатуу зогсох ёстой шүү. 

Намайг хүүхэд байхад л "Буян"-гийн Б.Жаргалсайхан та Бүгд найрамдах намын дарга байсан. Танай намын гишүүд хурлаа хийж байсан талаар би лав мэдэхгүй. Насаараа намын дарга хийнэ. Тэгээд "биеэ үнэлдэг". Насны эцэст энэ сайхан капиталыг "биеэ үнэлэгч" нэртэй дуусгавал харамсалтай л байна. Өөр ертөнцөд очсон ч гэсэн үр хүүхэддээ хэлэх нүүртэй баймаар байна. Нэр, нүүр, намтар байхгүй 30 жил биеэ үнэлнэ гэж юу гэсэн үг вэ. Мөнгөө дандаа энд тэндхийн төрийн хөнгөлөлттэй, хугацаагүй зээлээр авдаг. 

Хурлаа хийдэггүй хэрнээ мөнгө, нэр хүндээр ард түмний итгэл үнэмшлийг худалддаг намуудыг цэгцлэх ёстой” гэсэн юм.