Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна
2024.11.21

Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна

УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар Уур амьсгалын Үндэсний хорооноос өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж УИХ-ын гишүүдийн саналыг сонслоо.

Манай улсад сүүлийн 80 жилд агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Тухайлбал өнгөрсөн жилийн зуд гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдож нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч байна.

Гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ болон холбогдох байгууллагууд тогтоол, шийдвэрээ гаргаж яамдуудад хүргүүлэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх шаардлага байна.
Үүнтэй холбоотойгоор Уур амьсгалын Үндэсний хороог шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр ойрын хугацаанд хуралдуулахаар тогтлоо.