БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав
2024.11.11

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол-Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Учрал өнөөдөр Сөүл хотноо зохион байгуулагдаж буй тус хорооны VIII хуралдааны хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Н.Учрал Монгол Улс, БНСУ-ын харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаан хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгах, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэх, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхэд чухал ач холбогдолтой болсныг санал нэгтэйгээр дүгнэв.
БНСУ нь манай “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно чухал түнш бөгөөд тус улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм