А.Ганбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон иргэдийн эрхтэй холбоотой бусад хуулиуд энэ Намар, Хаврын чуулгандаа багтаад батлагдана гэж найдаж байна
2024.11.05

А.Ганбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний тухай болон иргэдийн эрхтэй холбоотой бусад хуулиуд энэ Намар, Хаврын чуулгандаа багтаад батлагдана гэж найдаж байна

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай ярилцлаа. 

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж, сайжруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын явц ямар байна, энэ удаагийн хурлаас ямар үр дүн гарав?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах чиглэлээр санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар Ажлын хэсгийн захиалгаар судалгааны байгууллага, хүрээлэнгээс хийж гүйцэтгэсэн судалгаатай танилцсан. Хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрхзүйн орчин олон улсын жишигт ямар байна вэ, ямар, ямар зүйл заалтыг нь өөрчилбөл олон улсын стандарттай нийцэх вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хийлгэсэн судалгаа юм. 

Мөн Канадад төвтэй “Ардчилал ба сэтгүүл зүй” хүрээлэнгийн захирал Тоби Мендель хуулийн төслийн эхний хувилбартай танилцсан сэтгэгдлээ хэлж, зөвлөгөө өглөө. Өмнө нь манайд олон удаа ирсэн, Монголын хэвлэлийн эрх чөлөөний талаар ойлголттой энэ хүн Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслийг "Ерөнхийдөө сайн хууль болж байгаа юм байна. Гэхдээ засаж өөрчлөх, илүү нарийвчилж тодорхой болгох, бүр огт тусгаагүй ч маш олон зүйл байна" гэдэг сэтгэгдэл хэллээ.

Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгээс эхлээд зохицуулах үүрэгтэй Хэвлэл мэдээллийн зөвлөлийн стандартыг заавал маш нарийн тодорхой тусгаж өгөх ёстой гэх зэргээр зөвлөлөө. 

Жишээ нь, Тоби Менделийн хэлснээр бол, Канадад редакцтай, аливаа мэдээллийг редакторлож гаргадаг байх ёстой гэсэн шалгууртай байдаг юм байна. Гэхдээ улс улсад өөр.

-Сэтгүүлчид Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг явдлыг шинэ хуулиар цэгцэлнэ гэсэн хүлээлт байгаа?

-Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах, мөн "Сонгуулийн үеэр нэр төрд халдах" гэсэн хоёр заалт сэтгүүлчдийг ийш нь чирж байгаа. Хуулийн байгууллагад дуудагдсан нийт сэтгүүлчдийн талыг нь Эрүүгийн хуулийн 13.14-өөр өгсөн байдаг. 

Олон улсын жишигтээ бол Эрүүгийн хуулиар биш, иргэний хуулиар зохицуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн асуудлыг эхлээд Хэвлэл мэдээллийн зөвлөл дараа нь Шүүх гэсэн дарааллаар шийднэ. Ингэхдээ тухайн мэдээлэл худлаа гэдгийг гомдол гаргагч этгээд өөрөө нотолдог гэх мэт чухал зохицуулалт байдаг юм байна. Манайд бол сэтгүүлчээс л мэдээллээ үнэн гэдгийг нотло гэж шаарддаг шүү дээ.   

Тиймээс салбарынхны хувьд, Эрүүгийн хуулиас 13.14 дэх заалтыг заавал авч хаях ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна. Ажлын хэсэг үүний төлөө ажиллана. 

Ардчиллын үнэт зүйлийн гол суурь бол чөлөөт хэвлэл. Тэгэхээр, чөлөөт хэвлэлийг Эрүүгийн хуулиар хааж боогдуулах, өөр ямар нэгэн журмаар зохицуулах боломжгүй. Сэтгүүлч, редакц алдаа гаргасан ч асуудал шүүх дээр очихоос өмнө Хэвлэлийн зөвлөл гэдэг бүтцээр дамжуулж зөвхөн өөрөө, өөрийгөө зохицуулах боломжийг бүрдүүлэх ёстой юм байна. Тэр Хэвлэлийн зөвлөл өөрөө эрх баригчдаас хараат бүх хэвлэлүүдээ өөртөө нэгтгэсэн, хариуцлага тооцох чадамжтай байх ёстой. Хэрвээ тэгж чадвал бусад хэвлэлийн байгууллагуудаа өмөөрөх чадалтай, Хэвлэлийн зөвлөл амьдрах чадвартай болно.

-Хуралдаан дээр төрийн нууцтай холбоотой асуудлыг зохицуулах олон улсын жишгийн талаар яригдлаа. Өөрөөр хэлбэл, төр өөрөө нууцаа хамгаалах үүрэгтэй. Сэтгүүлч мэдээллийг олж авах төдийгүй хэвлэн нийтлэсэн ч хариуцлага хүлээх ёсгүй гэж. Гэтэл манай яг энэ асуудлаар нэг сэтгүүлч шүүхээс ял авчихсан байгаа шүү дээ?

-Сая олон улсын мэргэжилтэн ганц зүйлийг хатуу хэллээ шүү дээ. Төрийн ямар ч түвшний нууцыг сэтгүүлчид хэрвээ олж авсан бол эх сурвалжаа нуух эрхтэй, эх сурвалжаа задлахгүй байх эрхтэй. Хэвлэн нийтлэх эрх нь байдаг гэж.
Манайд бас ийм кейс гарсан. Тэгэхээр, тэр нууцыг алдсан гэдэг юм уу, задалсан тал л хариуцлага хүлээнэ. Сэтгүүлч тэрийг нийтэлснийхээ төлөө хариуцлага хүлээх, ялангуяа Эрүүгийн хуулиар шийтгүүлэх ёсгүй юм аа гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хэллээ. 

-Хууль хэзээ батлагдах бол?

-Нэн тулгамдсан асуудал гэж үзэж байгаа учраас Намрын чуулганаар амждаггүй юм гэхэд Хаврын чуулгандаа багтаад заавал батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Хууль зүйн сайдын бидэнд өгсөн мэдээллээр бол, зөвхөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль биш Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, эрх чөлөөтэй холбоотой бусад хуулиудыг багцалж оруулах юм байна лээ. УИХ төсвийн дараа амжих юм бол хэлэлцээд эхэлнэ. Жагсаал цуглааны тухай хууль бол хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон учраас Намрын чуулгандаа багтаад хэлэлцэгдэнэ. Тэгээд ижил төстэй эрх чөлөөний хуулиудаа багцлаад оруулах байх. энэ Намар, Хаврын чуулгандаа багтаад та бидний заяагдмал болон Үндсэн хуульд заагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрхүүдийг хангасан хуулиуд батлагдана гэж найдаж байна.