НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХОЛБООС АВТОЗАМЫН СУДАЛГААГ БОЛОВСРУУЛНА
Хороодын засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр болж дүүргийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах, дүүргийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, улсын, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд Сонгинохайрхан дүүрэгт томоохон мега төслүүд хэрэгжиж эхэлнэ. Томоохон төслийг дүүрэгт хэрэгжүүлэхтэй холбоотой газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тиймээс хороон засаг дарга нар дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө ажил арга хэмжээг засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаж, санал боловсруулаарай” гэв.
Дүүргийн Засаг даргын зүгээс дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал болоод хороодын засаг дарга нарын хурлыг тусдаа зохион байгуулах бус нэгтгэж 14 хоногт нэг удаа тогтмол зохион байгуулдаг байх саналыг гаргалаа.
Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай байгааг хэлж буй. Үүнтэй холбоотойгоор хороодын засаг дарга нар гэр хорооллын дунд шинэ авто зам барьж байгуулах газар чөлөөлөлтийн ажлын талаарх мэдээлэл, хашаа хайс буулгах талбай, шинэ автобусны буудлыг барих байршил, нийтийн тээврийн шинэ чиглэлийг бий болгоход шаардлагатай судалгааг боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэхийг дүүргийн засаг дарга үүрэгдлээ.
Хурлын үеэр, Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо нар хороон засаг дарга нарт нийслэлийн 385 жилийн ойн медалийг гардууллаа.