Р.Сэддорж: Монгол эрдэмтдийн судалгаан дээр Монгол төрийн бодлого тулгуурлах ёстой!
Р.Сэддорж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
2024.10.21

Р.Сэддорж: Монгол эрдэмтдийн судалгаан дээр Монгол төрийн бодлого тулгуурлах ёстой!

Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа бий. Монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан нь ус болж байдаг учраас ундны цэвэр ус эрүүл, аюулгүй байх нь нэн чухал.

Монгол бол ус тэр тусмаа ундны цэвэр усны нөөцөөр тийм ч элбэг дэлбэг биш. Тийн атал нүүрс, алтнаас хэд дахин үнэтэй "цэнхэр алт" болсон ундны цэвэр усандаа бид өнөөдрийг хүртэл цэвдэг цамаан, мэдлэггүй харьцаж, хандацгааж ирсэн нууц биш. Энэ байдлаараа цааш явбал 2030 он гэхэд Монголчууд уух усны гачаалд орохыг судалгааны дүнгүүд ч харуулдаг!

Монгол орон тэр чигтээ цөлжиж, хуурайшиж, хатаж, цангаж, уул уурхайд идэгдэж, эко системээ сүйрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Уух цэвэр усаараа нүүрс, зэсээ угааж, өтгөн шингэнээ цэвэрлэдэг талаар эрдэмтэн, судлаачид халаглан ярьж байна. Өмнөговийн иргэд 1 литр усыг 2 төгрөгөөр худалдаж авч амьдарч байхад тус аймагт байрлах олон арван уул уурхайн компаниуд газрын гүний цэвэр усыг сохор зоос ч төлөхгүйгээр ашиглаж, өдөрт хэдэн зуун мянган тонноор нь ашигладаг. Судлаачдын хэлж буй тоо баримтад Өмнөговьд нэг өдөрт 80 куб/м гүний усыг помп-насосоор соруулан авч алт, зэс угаахад усны өртөг нь 3 тэрбум төгрөг болдог аж.

Гүний ус 5000 жилд нэг удаа нөхөн төлждөг

Тиймээс говь руу ус татах буюу зун, хаврын бороо, цасны үер, уруйн усыг тогтоох, хураах хөв, цөөрөм, даланг байгуулах нь нэн чухал болоод байгаа юм. 

Говийг усжуулах төслийг хөдөлгөх гол зүтгүүр нь болж УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг урьж асуудлыг нухацтай ярилцлаа. Мөн говийн бүсчилсэн хөгжил, говийн бүсийг усжуулах төслийг дэмжиж, ажил хэрэг болгох гишүүд, эрдэмтэн мэргэд, судлаачдын хамтарсан албан ёсны ЛОББИ бүлэг байгуулагдлаа. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж хэлэхдээ,

"Судалгааны хүрээлэнгүүдийн захирлууд болон МУИС болон ШУТИС-ийн захирлуудтай уулзалт хийлээ. Монгол Улсад төрийн өмчит 32 судалгааны хүрээлэн бий. Тус хүрээлэнгүүд маань хуулиас болоод бүсчилсэн хөгжлийн болон Монгол Улсын судалгаан ажлуудад оролцож чадахгүй байдалтай байна. Монгол эрдэмтдийн судалгаан дээр Монгол төрийн бодлого тулгуурлах ёстой! Өнөөдөр Монгол Улсын төсвийн 0,2% нь шинжлэх ухаандаа зарцуулагддаг. Үүнийг УИХ-ын гишүүн Р.Рэгдэл 1%-д хүргэх зорилго таван ажиллаж байна. Тэгэхээр үүн дээр суурилаад Зүүн бүсээс Говийн бүс рүү, Хангайн бүсээс Говийн бүс рүү ус татах төслүүд яригдаж байгаа. Газар доорх ус 5000 жилд нэг удаа сэргээгддэг. Тиймээс эргэж хэзээ ч нөхөгддөггүй энэ байгалийн баялгийг хойч үедээ үлдээхийн сацуу одоо урсаж буй баялгаа илүү үнэ цэнтэй болгох нь нэн чухал байна. Хангайн бүсийнхэн ус аа Говь рүү нийлүүлээд түүнээсээ орлого олох боломжтой. Ингэснээр бүсүүд харилцан тэнцвэртэй хөгжих боломж байна хэмээн үзэж байна" гэв. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан