Монгол Улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сайшаав
2024.09.26

Монгол Улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сайшаав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд энэ сарын 25-нд “Феминист Гадаад бодлого+ бүлэг”-ийн Сайд нарын ээлжит уулзалт болов.

Эл арга хэмжээнд оролцогч Гадаад хэргийн сайд нар феминист гадаад бодлогыг баримтлах буюу дэмжих улс төрийн амлалтаа нотлохын хамт улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь эмэгтэйчүүдийн бүрэн дүүрэн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх болон эмэгтэйчүүд, охидын эсрэг бүх төрлийн хүчирхийллийг устгах асуудлыг хэлэлцэж, товч Улс төрийн тунхаглал гаргав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл арга хэмжээнд үг хэлж, жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх талбар дахь манай улсын сүүлийн үеийн ололт, туршлагаас танилцуулав.

Арга хэмжээнд оролцогчид өнгөрсөн наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын дүнг сайшаав.

Уг арга хэмжээнд феминист гадаад бодлого баримталдаг болон дэмжигч Албани, Аргентин Бельги, Герман, Израил, Испани, Канад, Колумб, Коста Рика, Либер, Люксембург, Мексик, Монгол, Нидерланд, Руанда, Чили, Франц, Тунис улсын Гадаад хэргийн сайд, Дэд сайд, Элчин сайд нар, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус нарын зэрэг НҮБ-ын албаны хүмүүс, мөн иргэний нийгмийн нэрт зүтгэлтэн, судлаачид оролцож үг хэлэв.