“Сонгуулийн ил тод, шударга байдлыг хангах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдвийн хүрээнд олон улсын бага хурал боллоо
2024.09.13

“Сонгуулийн ил тод, шударга байдлыг хангах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдвийн хүрээнд олон улсын бага хурал боллоо

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, зөвлөх Ч.Баттөмөр нар 2024 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Азийн сонгуулийн төв байгууллагуудын холбооны удирдах дээд байгууллага болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа юм.

Ази, Номхон далайн 20 гаруй орнуудын нээлттэй, ил тод сонгуульд дэмжлэг үзүүлэх, бие даасан, шударга сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий байгууллага, институцэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сонгуультай холбоотой мэдээлэл, судалгаа явуулах зорилготой тус Холбооны Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганаар Нарийн бичгийн дарга нарын газрын тайланг хэлэлцэж, Холбооны дэд дарга мөн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулахаас гадна “Сонгуулийн ил тод, шударга байдлыг хангах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдвийн хүрээнд олон улсын бага хурлыг зохион байгуулж байна.

Азийн сонгуулийн байгууллагуудын Холбооны Дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүдийн хугацаа дуусгавар болсон тул 2024-2025 онд ажиллах шинэ гишүүдээ сонгох сонгуульд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо оролцож Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Гүйцэтгэх зөвлөл нь АСБХ-ны асуудлаар хамтын шийдвэр гаргах, нарийн бичгийн дарга нарын газраас бичгээр ирүүлсэн саналд зөвлөмж, хариу өгөх үүрэгтэй ба 2025 оны 3 дугаар сард хуралдахаар төлөвлөж байна.

Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүдэд Казахстан, Киргиз, Монгол, Непал, Тайвань, Шри Ланка, Папуа Нью Гвиней, Тажикистан, Филиппин, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Индонез, Камбож, Афганистан, Бутан, Солонгос, Малдив, Орос, Узбекистан улс, зарим олон улсын байгууллагууд багтаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn