Хүнээ хөгжүүлэхэд эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь чухал
2024.09.02

Хүнээ хөгжүүлэхэд эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь чухал

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн бодлогыг хөгжүүлж, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлсэн. Хүнээ хөгжүүлэхэд чанартай боловсрол, эрүүл мэнд, эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Монгол Улс 2024 оноос хуримтлалын нэгдсэн сантай болж, нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг нөөц санд байршуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах, улмаар өвлүүлэх боломж бүрдсэн.

Цаашид тогтолцооны шинэчлэлийг урт хугацаандаа тогтвортой хийж, олон давхар тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов. Дэлхийн банк нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих EJOB платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлэхэд хамтран ажилласан. Цаашдаа платформыг илүү цогц, боловсронгуй болгоход хамтарч ажиллах талаар хоёр тал ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар манай улсын хөдөлмөр халамжийн байгууллагуудын 80 хувь нь халамж, 20 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа нийгмийн халамжийг хэрэгтэй, зорилтод бүлэгт нь олгодог болгож, халамжаас хөдөлмөрт шилжиж, нийгмийн хамгааллыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.