ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД БЭЛТГЭГДЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙН УР ЧАДВАРТ ТҮЛХҮҮ АНХААРЧ, ХАМТРАН АЖИЛЛАНА
ILO буюу Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь манай улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөрийн байцаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг тогтвортой, бүтээмжтэй байхад анхаарч ирсэн.
Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанха Лиг хүлээн авч уулзан хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж буй хүмүүсийн ур чадварт түлхүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Миний бие өмнөх Засгийн газрын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжил сургалтын төвийг чадавхжуулах, анхан болон дээд боловсролын түвшинд эзэмших ур чадварыг өсгөхөд анхаарч байлаа. Тухайлбал, Мэргэжил сургалтын төвд эзэмшсэн ур чадвараа ажлын талбарт илүү сайжруулж, цаашдаа дээд боловсрол эзэмшин салбартаа манлайлах боловсон хүчин болж хөгжихөд бодлогоор дэмжих ажлыг эхлүүлж байв. Энэ ажил маань тодорхой үр дүнд хүрсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ч энэ туршлагаа үргэлжлүүлэн ажиллах болно.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанха Ли "Олон улсын хөдөлмөрийн байгууллага төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн зах зээлийг бодлогын хэмжээнд дэмжих, зарим хууль журамд өөрчлөлт оруулахад анхаардаг байсан. Мөн залуучуудыг ажлын байранд тогтвортой ажиллахад дэмжих нь чухал. Ажлын байрны орчин нөхцөл, хамт олны уур амьсгал, удирдлага ажилтан хоорондын харилцааг сайжруулахад анхаарч, залуучуудаа дэмжсэнээр бүтээмж өсөхөөс гадна гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг монголчууд эх орондоо ажиллах хөшүүрэг болох болов уу. Бид цаашид аж ахуй нэгж рүү чиглэсэн, нэгжид тулгамдаж байгаа асуудалд та бүхэнтэй хамтран ажиллахдаа бэлэн байна" гэлээ.