О.Цогтгэрэл: Төрд дургүйдээ хэлж байгаа юм биш. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон төслүүд Нефтийн үйлдвэр шиг гацахаар байна
2024.08.19

О.Цогтгэрэл: Төрд дургүйдээ хэлж байгаа юм биш. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон төслүүд Нефтийн үйлдвэр шиг гацахаар байна

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ өдрүүдэд 2024 оны төсвийн тодотгол болон хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэж байна. Энэ удаад 2024 оны төсвийг 3 их наядаар тодотгож, тодотгосон хөрөнгөөрөө мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлэхээр зорьж байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө дэмжихгүй гэх утга бүхий байр, суурийг илэрхийлсэн нь анхаарал татаад байна. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон атлаа хамтарч хийх ажлуудын мөрийн хөтөлбөрөө яагаад тэрбээр дэмжсэнгүй вэ. Энэ талаарх түүний яриаг хүлээн авна уу.


-БИ ТӨРД ДУРГҮЙДЭЭ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ. ТӨР АЖ, АХУЙН АЖИЛД ОРОЛЦОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ардчилсан намыг төлөөлөөд гурван хүн гарын үсэг зурах ёстой. Тэр гурван хүний нэг нь та. Та мөрийн хөтөлбөрийг дэмжиж гарын үсэг зурах уу?

-Ирэх дөрвөн жил Монгол Улсыг хааш нь чиглүүлэх юм. Засаг төр ямар бодлого хэрэгжүүлэх юм гэдэг бодлогын хоёр баримт бичгийг УИХ-аар оруулж ирж байна. Нэгдүгээрт нь, үйл ажиллагааны төлөвлөгөө буюу мөрийн хөтөлбөрт. Хоёрдугаарт, үүнд үндэслэсэн төсвийн тодотгол. Миний хувьд төсөвтэй дөнгөж танилцаж байна. Бидэнд бодлогын хоёр сонголт байна. Төр олон зүйлд оролцоод мега төслүүд хэрэгжүүлээд явах талаар би сөрөг бодолтой. Үүний цаана төрийн оролцоо, авлига ихсэнэ.

Үндэслэлтэй, үндэслэлүй төслүүд ихсэж дунд нь гацна. Эцсийн дүнд нь Монгол Улс санхүүгийн хүндрэлтэй байдал руу орох вий. Үүнийг дагаад монголчуудыг бухимдуулдаг авлигал илүү өсөх вий гэсэн болгоомжлол байна. Би энэ байр сууриа одоо илэрхийлж байгаа юм биш. Өнгөрсөн удаагийн парламентад ажиллаж байхдаа "Аж, ахуйн үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй" тухай хоёр тогтоолын төслийг санаачилж хүртэл ажилласан.

Миний бодлоор аль болох төрийн оролцоог багасгаж, төсвийн зардлаа танаж, өр, төсвийн алдагдлыг багасгавал Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирна. Би төрд дургүйдээ хэлээд байгаа юм биш. Дээрх шиг ажиллаж байж олон улсын Монгол Улсыг үнэлдэг зээлжих зэрэглэл сайжирч, гадаадын хөрөнгө оруулалт өснө. Зээлийн эх үүсвэр олширч, хүү багасч, нөхцөл сайжирна. Төр төсөвтэй холбоотой өөрийнхөө хийх ажлыг аль болох бага хийвэл бизнесүүдэд орон зай гарч зээлийн хүү бууна. Энэ бидний явах ёстой зам юм гэж би боддог.

Одоо орж ирж буй төсвөөр төрийн оролцоо нэмэгдсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн дэхь төсвийн зардал 38.5 буюу сүүлийн 30 жилийн хамгийн өндөр нь байна.

-Та дэмжихгүй байгаа юм байна. Тийм учраас гарын үсэг зурахгүй юм байна. Тийм үү?

-Би дэмжинэ, дэмжихгүй гэж хэлээгүй байна. Би дээрх байр сууриа өнгөрсөн хугацаанд ч хэлж ирсэн. Хэрвээ гарын үсэг зурах шаардлагатай бол бүлгийн хурлаар шийдүүлнэ. Бүлгийн даргын хувиар зурах шаардлагатай бол бүлгийн шийдвэрийг л дагана.

-Та бүлгийн хурлынхаа үеэр "Зурахгүй, дэмжихгүй" гэж илэрхийлсэн юм биш үү?

-Зурахгүй гэж илэрхийлээгүй. Бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дэмжвэл би зурахад бэлэн. Би бүлгийн эзэн биш, хурал зохион байгуулагч. Тийм учраас гол асуудал дээр бүлгийн шийдвэрээ л дагана.

-ДУУСГААГҮЙ НЭГ ХОЁР ТОМ ТӨСӨЛТЭЙ БАЙСАН БОЛ ОДОО 10, 20 БОЛОХ НЬ. ТЭГЭХЭЭР ЯАХ ВЭ-

-Бүлгийн гишүүдийн олонх нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Албан ёсоор санал хураагаагүй учраас одоо хэлж мэдэхгүй байна.

-Энэ хөтөлбөрт Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, амлалтаас хэр их ажил орсон бэ?

-Нэлээн олон ажил суугдсан. Зарим нь хэлэлцүүлгийн явцад нэмэгдэх байх.

-Гурван их наядаар төсвийг тодотгож зарлагыг нэмж байна. Энэ мөнгөөр 10 гаруй том төслүүдийг хөдөлгөх нь. Тухайлбал, Богд уулыг нүхэлж туннель барина, "Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр" "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц", Туул гол дагуух хурдны зам гэх мэт ажлуудын ТЭЗҮ, зураг төсөлд хөрөнгө тавьсан байна лээ. Эдгээр ажлуудыг хэрэгжих боломжтой гэж та харж байгаа юу?

-Баахан ажил эхлүүлж урьдчилгаа мөнгө амсуулаад орхичихдог. Нефтийн үйлдвэр, Арьс ширний цогцолбор шиг дуусгаагүй дутуу орхисон ажилтай болох вий. Эхлүүлээд хаячихсан ганц, хоёр төсөл байсан бол одоо 10,20 болчихвол яах вэ. Угтаа бол хувийн хэвшил, гадна, дотны хөрөнгө оруулагчид энэ ажлыг хэрхэн хийдэг аргачлалтай вэ гэдгийг эхэлж судалвал. Ингэхийн тулд улсынхаа зээлжих зэрэглэлийг бууруулж, төр оролцохоо больчихвол бизнесүүд чинь хийчих юм биш үү. Улс хийнэ гэдэг нь буруу.

Тэгсэн мөртлөө хувийн хэвшлийнхнийг эдгээр ажилд оролцуулна гэж лоозонгож бичдэг. Зээлжих зэрэглэл муу байвал аль ч байгууллага эдгээр ажил руу орохгүй. Хувийнхан гаднаас зээл авбал асар өндөр санхүүжилттэй зээл авна. Тэгэхээр л боломжгүй болчихно. Хамтарсан Засгийн газар ажиллаж байх үед би ингээд хэлчихээр дэмжсэн, дэмжээгүй гэж буруу орчуулагдаад байна. Би өмнө нь илэрхийлж байсан зарчмын , бодлогын байр сууриа л илэрхийлж байгаа юм шүү. Түүнээс улс төрийн шалтгаанаар нэмж тайлбарлаад байх нь илүүц байна. Би өмнө нь дөрвөн жилийн туршид энэ байр сууриа илэрхийлж байсан.

-Улсын төсөв одоогийн байдлаар 1.5 их наядын ашигтай гарсан байна. Энэ мөнгөөрөөр дээрх дурдсан том төслүүдийг эхлүүлнэ. Мөн нүүрснээс орж ирэх ашгаар хийнэ гэж байна. Үүнийг та хэр зөв гэж харж байгаа вэ?

-Нүүрсийг 140 доллараар борлуулж татвар авна гэж улсын төсөвт тусгасан. Одоо зах зээл дээр нэг тонн нүүрсний үнэ 110 доллар байна. Гэтэл тэнд хэт өөдрөг төсөөлөөд мега төсөл эхлүүлнэ. Мөнгө нь хаана байгаа юм. Хятадын эдийн засаг тийм сайн байгаа юм уу. Тэр бүхнийг тооцохгүй төсөөлөөд. Их болгоомжтой хандах ёстой.

-Бүлэг хэзээ нэгдсэн шийдвэрээ гаргах вэ?

-Өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцэнэ.