Ж.АЛДАРЖАВХЛАН: ТӨВИЙН ДУЛААНЫ АЧААЛЛЫГ 16 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн
2024.08.09

Ж.АЛДАРЖАВХЛАН: ТӨВИЙН ДУЛААНЫ АЧААЛЛЫГ 16 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Улаанбаатар хотын 45 мянган айл өрх буюу 200 мянга орчим иргэн 1990 оноос өмнө баригдсан 1077 блок угсармал орон сууцанд амьдардаг. Насжилт өндөр, түүнчлэн засвар хийх шаардлагатай нийтийн зориулалтай орон сууцны барилгууд нь халаалтын эрчим хүчний маш өндөр хэрэглээтэй, дулаан алдагдал ихтэй, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа ажээ. 

Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой хамтран эрчим хүчний хэмнэлтийн бодлогын баримт бичиг боловсруулж, холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ.

Ингэснээр нийтийн зориулалттай орон сууцны эрчим хүч, дулааны маш өндөр хэрэглээг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, гадна дулаалга, дээвэр засвар, цахилгаан шатны шинэчлэлийг хийх нь дээр дурдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дулааны эрчим хүчний зах зээл болон хэрэглээнд суурилсан тарифт шилжихэд дэмжлэг үзүүлэх, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд суурь зарчмуудыг нутагшуулахад түлхэц өгөх юм.

Үүний үр дүнд, барилга тус бүр дээр 26.8 хувийн дулааны эрчим хүчний хэмнэлт гарахаас гадна ус дулаан дамжуулах төвийн дулааны ачаалал 61.5 Гкал цаг буюу 16 хувиар буурна гэсэн тооцоолол гарчээ.