ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮДИЙН ХӨГЖЛИЙН  ҮНДЭС НЬ ГАЗРЫН САЙН ЗАСАГЛАЛ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ БАЙДАГ
Монголын газар зохион байгуулалтын холбооны Ерөнхийлөгч С.Сайнбаяр
2024.06.01

ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ ГАЗРЫН САЙН ЗАСАГЛАЛ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ БАЙДАГ

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бүх зүйл “төлөвлөгөө”- нд суурилж явдаг байв. Энэ утгаараа МУ-ын газар зохион байгуулалт, нутаг дэвсгэрийн төлөвлөлт, нэгдэл сангийн аж ахуй зохион байгуулалт бүгд “төлөвлөлт”-ийн дагуу ажилладаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр үйлдвэр аж ахуй нэгж, мал нь хувьчлагдаж, иргэд аж ахуй нэгж хувь хувиа даах болсон нь төрөөс төвлөрсөн байдлаар удирдах боломжгүй болж, “төлөвлөлт” алдагдахад хүргэсэн нь нууц биш ээ. Улс төлөвлөлтгүй явсны эцэст, 2002 онд Газрын тухай болон МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан байдаг. Эдгээр хуулийн хүрээнд газрын салбарын шинэчлэлийн ажлууд хийгдэж шинэ харилцаанд шилжсэн. Гэвч газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улс, аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэсэн гурван шатны төлөвлөлттэй болгосон нь засаг захиргааны анхан шатны нэгж дээрээ “дунд хугацааны төлөвлөлт” орхигдсоноос үүдэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангагдахгүй байх, салбар хоорондын уялдаа алдагдах зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэсэн. Төлөвлөлтийн алдааг залруулах зорилгоор мэргэжлийн холбоо, судлаачид суурь судалгаа хийж сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтийг хийснээр орон нутаг сэргэх хөгжих боломжууд нээгдсэн.

Газар олгох эрхийг цахимжуулж байгаа нь жоохон хожимдсон ч маш зөв шийдэл.

Газар нь хүн төрөлхтний хамгийн үнэ цэнтэй хязгаарлагдмал дахин давтагдашгүй хөрөнгө. Авъя гээд арван хүн хүсэлт гаргахад, нэг нь авдаг. Авсан нэг нь баярлаад явахад, аваагүй ес нь хардалт тээгээд үлддэг. Иймд газар олгох үйл ажиллагааг ил, тод болгох цахим хэлбэрт шилжүүлж хүний оролцоогүй болгох нь нэн чухал байв. Энэ хүрээнд салбараас “Land manager” төслийг хэрэгжүүлж газрын харилцааг цахимд шилжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол Улс бүс нутагтаа хамгийн сайн жишгийг тогтоосон явдал болсон. Аймаг орон нутагт газрын цахим систем нэвтэрсэн ч, нийслэлийн хэмжээнд хэрэгжилт нь учир дутагдалтай байна. Тодруулбал, газар ашиглалттай холбоотой асар их мэдээллийг цахим мэдээллийн системд оруулахад зарим төрлийн ашиг сонирхлуудаас үүдэн хүндрэл, бэрхшээл үүсэж, ажил удаашралтай явж байна. Шинэ Засгийн шилэн ажиллагааны хүрээнд ажил хэрэгжиж, мэдээллүүд ил, тод болж байгаад мэргэжлийн хүний хувьд талархаж байгаа.

Эртний Грекийн зүйр үгэнд, “Хүн хотыг босгож, Хот нь хүнээ бий болгодог” гэсэн байдаг. Энэ нь, чи сайхан хотыг бүтээвэл, амьдрал тань сайхан байна. Эмх замбараагүй хотыг бүтээвэл, амьдрал тань тэр хэрээр эмх замбараагүй л байна гэх философи юм. Улаанбаатар хот бөөгнөрөл, төвлөрлийн хөлд хэт их ядарч байна. Үүнээс улбаалаад хотын иргэд бухимдалтай болж, дуу чимээ, утаа униар, хөл хөдөлгөөн, авто замын түгжрэлээс үүдсэн “далд ядаргаа” хүн бүрд бий болсон. Түүнээс ч илүү аюултай нь хөрсний бохирдол микро түвшиндээ асар өндөрт хүрснийг хэлэх нь илүүц биз. Тиймээс бид, цаашид зөвхөн Улаанбаатар хот гэхээсээ илүү бүсчилсэн хөгжил буюу орон нутгаа хөгжүүлж гэмээ нь хот тэлж, улс орон хөгжихийн үндэс тавигдах юм.

Газар төлөвлөлт, газрын харилцаа дээр суурилаад бүхий л хөгжлийн боломжууд үүсдэг. ОХУ, АНУ болон Европын холбооны улс орнуудын хөгжсөн гол шалтгаан нь газар төлөвлөлт, газрын асуудлаа “зөв” шийдсэнд оршино.

Олон улсын жишигт, ерөнхий төлөвлөгөө болон шаардлагатай дэд бүтцийг төрөөс шийдвэрлэж харин бусад хөрөнгө оруулалтаа иргэн, ААН хийгээд явах ёстой. Гэтэл энэ процесс манайд эсрэгээрээ хэрэгждэг. Төрийн зүгээс үүргээ сайн биелүүлэхгүйн дээр төлөвлөлтийн болон инженер хангамжийн байгууллагууд алдаа оноог бусад руугаа түлхээд сууж байна. Тэднийг нэгтгэж уялдуулах бодлого нь газар төлөвлөлт, зохион байгуулалтаар шийдэгддэг. Дүгнэж хэлбэл, манай улс “өмч” гэдгийг нэн тэргүүнд эрэмбэлсэн учир өмчийн эзэн “хамгийн дээд” гэдэг ойлголт газар авсан. Өмчийн эрхийг нийтийн эрх ашгийн төлөө хязгаарлах зарчмын зүйлийг тусгаж чадаагүй. Аль ч нийгэмд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой атал өнөөдрийн нийгэмд хамгийн адагт эрэмбэлэгдэж буй нь харамсалтай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан