Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ
2024.05.28

Хөрөнгийн үнэлгээг зөвшөөрсөн иргэдэд газрын мөнгийг олгож эхэллээ

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Газар чөлөөлөлтөд 2206 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 1653 иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 96.5 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжиж буй. Өнгөрсөн хугацаанд тухайн бүсэд харьяалагдаж буй нийт 1423 айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийлээ. Энэ хүрээнд 490 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсан эхний ээлжийн 259 иргэний нөхөн олговрыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу олгож эхэллээ. Түүнчлэн дараагийн ээлжид 228 иргэнд нөхөн олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Ташрамд, Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Ингэснээр тухайн бүсийн агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийн асуудлыг цогцоор шийдэж чадах юм.