2024.05.26

ЭЭЛТЭЙ ЭРХЭМСЭГ ШИРХЭГТ

BUUVEE ФИЛОСОФИ: Нүүдэлчин монголчуудын Хайрлахуй Халамжлахуй Амьдрахуйн философийг эрхэмлэдэг.

Монгол Улс бол ноолуурын орон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг Монгол Улс болон БНХАУ нийлүүлдэг. Цаг уур, удамшил, ноолуур хураах арга барилаас шалтгаалан хоорондоо ялгаатай ч Монгол ноолуур илүү урт ширхэгтэй, бохирдол бага, нэг ямаанаас гарах өгөөж ихээс гадна байгалиасаа олон өнгөтэй тул өнгө оруулагч будаг хэрэглэх шаардлагагүй аж. Харин ноолуурын экспортын дийлэнх хувь нь угаасан ноолуур гаргаж байгаа бол сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байгаа нь маш бага хувийг эзэлдэг.

Гэтэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа гол түүхий эдүүд болох нүүрс 1 тонн нь 300 ам.доллар, зэс 1 тонн нь 8000 ам.доллар байгаа бол 1 тонн самнаж боловсруулсан ноолуур 100.000 ам.долларын үнэтэй байдаг. Иймд Монгол Улсын үнэмлэхүй давуу тал болсон түүхий эд бол НООЛУУР юм. Энэ үнэ цэнийг хоёр дахин нэмэгдүүлж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг монгол эрдэмтэд 20 гаруй жилийн судалгааны үр дүнд бий болгоод байна.

Дунд сургууль төгсөхдөө ноолуур судлаач болно хэмээн шийдсэн “BUUVEE” брэндийг үүсгэн байгуулагч, Доктор Р.Бадмаанямбууд сайн малчин, ямаачин явсан өвөөгийнх нь нөлөө их бий. Мөн “Говь” компанид инженерээр ажилладаг, нутгийн ахын үлгэр дуурайл их байжээ. Тэрбээр сонгосон замналаараа явсаар бакалавр, магистрын дипломын ажлаа ноолуурын сэдвээр хамгаалж, ноолуурт жинхэнэ дурлажээ.

Тэртээ 20 гаруй жилийн өмнө Монгол болон Германы засгийн газрын дэмжлэгтэйгээр ноолуурын томоохон судалгааны ажил эхлүүлж эрдэмтэн судлаачид монгол ноолуураа судалж Герман улсад шинжлэн, шинжлэх ухааны цоо шинэ датаг цуглуулсан. Энэ дата бол бидний судалгааны ажлын үндэс суурь болсон юм.

2010-аад оноос ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн буюу одоогийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Санширо компани дээр ноолууран нарийн ээрмэлийн туршилт судалгааг хийснээрээ мэдлэг инновац шингэсэн, уламжлалт ноолууран ээрмэлээс 2 дахин нарийн жигд, өндөр эрчтэй утсыг бүтээж, патентжуулсан байна. Энэ бүтээлээрээ 2015 оны Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухааны шилдэг бүтээл”-ийн Тэргүүн байраар шалгарчээ.

Ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдэд тулгардаг нийтлэг асуудал бол хүзүү хөшиж хөөргөдөг, бөөгнөрдөг, угааж арчлахад төвөгтэй гэсэн асуудлыг эрдэмтэд шийдэхийг зорьж, зөвхөн хүйтэн сэрүүний улиралд ноолуур өмсөхөд тохиромжтой гэсэн уламжлалт хандлагыг эвдэж, зуны +30, өвлийн -30 хэмд ч өмсөх боломжтой технологийн шийдлийг гаргасан юм.

Энэхүү технологийг эцсийн бүтээгдэхүүн болгох туршилтыг Бүүвэй кашемир ХХК дээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Түүхий эд нь баталгаажсан, ээрмэл утас нь оюуны өмчөөр хамгаалагдсан, сүлжмэл бүтээгдэхүүн нь эко текс дэлхийн стандартын шаардлага хангасан эрүүл, ээлтэй гэж нотлогдсон.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүний хоёр дахь арьс болохуйц амьсгалдаг, арьсны дархлааг дэмждэг нүцгэн биедээ өмсдөг тансаг зэрэглэлийн цэвэр ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн болж байгаа нь монголын ноолуурын салбарт шинэ хуудсыг нээсэн юм. Энэ бол инновац шингэсэн эрүүл, тухтай, эрхэмсэг хэрэглээг бий болгосон “Buuvee cashmere” брэнд юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn