Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан.
Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд долоон давхарт буюу 23 метрийн өндөрт хүрч ажиллах боломжтой Монгол Улсад ганц байгаа механизм юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Голын голдирол өөрчлөн барьсан объектуудын буулгаж, үерийн даланг хүчитгэх ажлууд үргэлжилж байна. Сэлбэ голын хамгаалалтын бүсэд аж ахуйн нэгжид газар олгосноос үүдэн тус голын урсац боогдож, голдиролд өөрчлөлт орсон. Голын голдирлыг өөрчлөн барьсан барилгыг нурааж дууссаны дараа голын урсцыг нэмэгдүүлнэ. Мөн 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийнэ. Голын сав газар дагуу хууль зөрчиж барилга барьсан аж ахуйн нэгж, иргэд үерийн уснаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тавьж буй шаардлагыг цаг алдалгүй хүлээж авч, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэдгийг хэлэв.