Бельги, Люксембург, Нидерландын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бруно Анжелет, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андре Хаспелс нартай танилцах уулзалт хийлээ. Дээрх Элчин сайд нар нь маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барих юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монголчууд нүүдлийн ёс заншилтай учраас Улаанбаатар хот бол харьцангуй хожуу байгуулалттай, шинэ хот. 1954 онд хийсэн анхны ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хот 600 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн боловч өдгөө нийслэлд 1.7 сая хүн амьдарч байна. Энэ төвлөрөл, нягтрал нь замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол гэх мэт олон асуудлын эх үндэс болж буй. Мөн өнөөгийн нөхцөлд үерийн барилга байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал болоод байна. Иймд нийслэлийн зүгээс дэд бүтэц, бусад томоохон бүтээн байгуулалтад олон улсын байгууллага, гадаад түншүүдтэй хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.
Элчин сайд нарын зүгээс Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төсөл буюу метроны бүтээн байгуулалт, түүний санхүүжилт, ногоон эдийн засаг болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар асууж, мэдээлэл авсан юм.