ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байна
2024.03.06

ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байна

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын урилгаар ХБНГУ-ын Холбооны цахим хөгжил, тээврийн сайд Фолькер Виссинг манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тээвэр бол манай хоёр орны харилцааг ойртуулах гүүр нь. Тиймээс энэ удаагийн айлчлалд талууд ихээхэн ач холбогдол өгч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Энэ хүрээнд Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд ноён Фолкер Виссингтэй уулзаж, зам, тээврийн дэд бүтцийн хөгжлийг хурдасгах, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөнгөвчлөх, нийтийн тээвэр, төмөр зам, авто замын дэд бүтэц, бүтээн байгуулалтад Евро стандарт нэвтрүүлэх чиглэлээр Холбооны Засгийн газартай хамтран ажиллахын чухлыг онцолж, байр сууриа илэрхийлж байсан юм.

Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улс хоорондын харилцааны түвшинг ахиулж стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэж зам, тээврийн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад айлчилсан.

Энэхүү төрийн айлчлалын үеэр “авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай монгол улсын засгийн газар, холбооны бүгд найрамдах герман улсын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.  

Тэгвэл энэхүү айлчлал ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад төрийн айлчлал хийгдсэний дараа хийгдэж буй томоохон арга хэмжээ болж байна.
Өнөөдөр талууд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр талын албан ёсны уулзалт хийж, Төрийн ордонд өргөтгөсөн уулзалтаа эхлүүллээ.

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд ХБНГУ-ын Холбооны Цахим  хөгжил, тээврийн сайд ноён Др.Фолькер Виссинг, Бундестагийн гишүүн хатагтай Изабэль Кадемартори, Бундестагийн гишүүн ноён Валентин Абель болон Холбооны Цахим  хөгжил, тээврийн яамны албан тушаалтнууд, Холбооны Автозамын газар, Холбооны логистик, хөдөлгөөний газрын холбогдох албан тушаалтан болон мэргэжлийн холбоод хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буйн тод илрэл хэмээн талууд үзэж байна.