Боловсролын шинэчлэл болон хүүхэд хамгааллын эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөв
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулсан ээлжит сургалт боллоо.
Уг уулзалт, сургалтад боловсролын салбараас УИХ-д сонгогдсон эрдэмтний хувьд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт болоод хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдсэн хууль, эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан билээ. Боловсрол нь хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл, нийгэм дэх анги давхаргын ялгаа, тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм. Тиймээс үндэсний боловсролын тогтолцоог шинэчлэх, улам боловсронгуй болгохын тулд БОЛОВСРОЛЫН РЕФОРМ хийх зайлшгүй шаардлагатай байсан. Тэгвэл УИХ өнгөрсөн хугацаанд Боловсролын багц хуулийг эцэслэн баталж, боловсролын салбар дахь өнгөрсөн 30 жилийн алдааг засах эрхзүйн шинэчлэлийг хийж чадсан юм.
Ингэснээр Монгол Улсын Боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүгийн механизм бүрдүүлж, улс төрөөс хараат бус байх босоо тогтолцоогоор тэгш хүртээмжтэй сургалтын шинэлэг сургалтын хөтөлбөр, арга хэлбэрт суурилах шинэчлэлийг эхлүүлэх эрх зүйн хөрс суурь бүрдсэн.
Мөн Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд хамгаалах үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх, хүүхдийн эрхийг бүхий л салбарт хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хийлээ.
Хүүхэд хамгааллын шинэ хуульд орсон онцлох нэг зохицуулалт бол үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг асуудал юм. Сүүлийн үед сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, ялгаварлах явдал улсын, хувийн, хот, хөдөөний сургууль эсэхээс үл хамааран түгээмэл болсон. Тийм учраас Ц.Мөнхцэцэг гишүүн БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, БШУЯ-тай хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг Ажлын хэсэг байгуулан ажиллаж, гадаад улс орнууд дахь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг бодлого, хууль тогтоомжуудыг судлан, ЕБС, МСҮТ-ийн сурагч, оюутнууд, олон нийтийн хэлэлцүүлгүүд хийж Боловсролын багц хуулиудад тодорхой зохицуулалт оруулж байсан билээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар БНСУ, Шинэ Зеланд зэрэг олон улсад хэрэглэдэг дээрэлхэлтээс сэргийлэх, санал, гомдлыг хүлээн авах, дээрэлхэлтэд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлэх, дээрэлхэгч хүүхдэд тодорхой арга хэмжээ авах зэрэг өргөн хүрээтэй зохицуулалтыг оруулсан.
Одоо дээрх хуулиудыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зэрэг ажлуудыг эрдэмтэн, багш нар, мэргэжилтнүүдийн хамтаар хийх үлдээд байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn