Б.Баттөмөр: “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй
2024.02.21

Б.Баттөмөр: “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Ядуурлыг юу гэж тодорхойлдог юм бэ? Нийгэмд ядуурал мөнхийн байх ёстой зүйл үү?

-Ядуурлыг олон янзаар тодорхойлсон байдаг. Ядуурал /Poverty/ гэдэг нь амьжиргааны байх түвшингээс доогуур амьдарч, зайлшгүй хэрэгцээт зүйлээ авч чадахгүй, хэрэглээний дутагдалд орох гэж хэлж болно. Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт 1 ам.доллар буюу манайхаар 3500 төгрөгөөр амьдарч буй хүмүүсийг хамруулдаг. Харин дунд зэргийн ядуурлыг 2 ам.доллар буюу 7000 төгрөгөөр амьдарч буй хүмүүсийг мөн хамруулдаг.

Зах зээлийн нийгэмд олон давуу тал байдаг. Харамсалтай нь ядуурал дагуул нь болж, түүнийг тууштай буулгаж чадахгүй ирсэн нь үнэн. Ядууралгүй улс гэж дэлхийд байхгүй. Харин ядуурал нь их бага гэдгээрээ улс орнууд ялгагдана. Олон улсын байгууллагууд нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 10.0 мян дол доош байгаа орнуудыг ядуу улс гэж үздэг. Манай энэ үзүүлэлт 2023 оны статистикаар 5022 ам.доллар байгаа. Энэ үзүүлэлтээр тооцвол манайх ядуу орнуудын эгнээнд байна. Сүүлийн үед баян чинээлэг хүмүүс, ядуусын хоорондын зөрчил нэмэгдсээр байгаа судалгаа бий. “Баян хоосны ялгаа, түүнээс үүдэлтэй зөрчил дэлхийг сөнөөж болзошгүй” гэж нэг хүний хэлсэн үг бий.

Улс орон бүр ядууралтай тэмцэж үр дүнд хүрч байгаа боловч, ядуурал тууштай буурахгүй байсаар байна. 2023 оны Давосын чуулганы гол хэлэлцсэн асуудлуудын нэг нь ядууралтай тэмцэх байсан. Энд дэлхийн баян чинээлэг хүмүүсийн орлогын татварыг 1-2 хувь нэмэхэд дэлхийн ядуу амьдралтай хүмүүсийг 2 жил тэжээх эх үүсвэр гарна гэж яригдаж байсан.

-Манай улсын ядуурлын түвшин ямар байна, Буурч байна уу? Ардчиллын нэг шалгуур нь иргэд нь дутагдаж гачигдах зүйлгүй сайн сайхан амьдрах биз дээ?

-Монголын хүн ам 2023 онд 3.4 сая хүрсэн. Манай хүн амын 7-10 орчим хувь нь чинээлэг, 30 хувь нь Монголдоо дундаж, боломжийн амьдралтай гэж үздэг юм билээ. Манай улсын хувьд сарын хэрэглээ 418.0 мян төгрөгөөс доош орвол ядуу ангилал руу ороод явчихдаг. Өнөөдөр манай хүн амын 28.0 хувь буюу 950.0 мянган хүн ядуу, 15 хувь нь буюу 450.0 мянган хүн ядуурах магадлалтай гэж ОУ-ын байгууллагын судалгаа гарсан байдаг. Энэ нь 1.4 сая орчим хүн ядуу, ядуурах магадлал өндөр, ядуугийн улмаас эдийн засгийн эрх чөлөөгүй байна гэсэн үг. Биднийг гаднынхан ардчиллын азийн үлгэр жишээ, гэрэлт цэг гэдэг. Ардчиллын гол шалгуурын нэг нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөө байдаг. Иргэд нь эдийн засгийн эрх чөлөөгүй бол ардчиллын гол үзүүлэлт буурна. Манайх баян хоосны ялгаа тэнгэрт тулсан, ядуурал байх хэмжээнээс хэтэрхий их, ардчилсан нийгмийг байгуулж байна гэж болно. Эндээс харахад бид нэг их үлгэр жишээ, гэрэлт цэг байж чадаж байна уу гэсэн асуулт гарна. Зочдоос янз бүрийн үг гарна л даа. Манай хөгжил байгалийн баялгийг боловсруулахгүй түүхийгээр гадаадад гаргадаг, баялаг цөөхөн хүний гарт лиценз нэрээр орсон, үүнээс үүдэлтэй орлогын тэгш бус байдал газар авснаас үүдэлтэй ядуурал нэмэгдсээр л байна.

-Манай ядуурал ямар бүлгийн хүмүүсийг хамарч байна. Ядуурлын сөрөг нөлөө юу вэ?

-Манай Улсын ядууралд эмзэг бүлгийн, мөн ахмад настнуудын хамаарал их байна. Сөрөг нөлөөлөл мэдээж маш их байна. Сурч боловсрох, өвчин эмгэгээ эмчлүүлэх, шаардлагатай хүнс тэжээлээ идэж чадахгүй байх, өрөнд баригдах гээд олон асуудлууд байна. Ядуурал өвлөгдөх, төр засагтаа итгэх итгэлийн үзүүлэлт буурах, сэтгэл гутрал, өвчнөөр өвчлөх гэх мэт олон сөрөг үзүүлэлтүүд нэмэгдэж байна.

Олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын дунд “Иргэд нь төр засагтаа итгэх итгэл”-ийг тодорхой үзүүлэлтүүдээр гаргасан байна. Энэ үзүүлэлтээр Катар, Хятад улс 86-90 хувиар тэргүүлсэн байна. Манайд энэ үзүүлэлт доогуур байгаа. Ядуурлаас үүдэлтэй сэтгэл гутрал их байдаг юм байна. Манай ахмад настны 16 хувь нь сэтгэл гутралд өртсөн гэсэн судалгаа байна.

Ядуурал ихтэй орнуудад нийгмийн тогтворгүй байдал, ард иргэдийн бухимдал их байдаг нийтлэг шинж ажиглагддаг. Энэ шинж тэмдэг өнөөдөр манайд маш тод ажиглагдаж байна.

-Та УИХ-ын чуулган дээр манай иргэдийн нэг хэсэг нь “Ядуурлын хавх”-д орсон гэсэн үгийг хэлж байсан. Үүнийгээ тодруулж өгнө үү?

-Нобелийн шагналт E.Daflo нарын эрдэмтэд “Ядуурлын хавх” гэдэг ойлголтыг өөрийн бүтээлүүддээ гаргаж тавьсан байдаг. Зарим улс орнуудын иргэд төрийн бодлогын алдаа, хувь иргэдийн өөрөөс нь шалтгаалсан ядууралд өртөж, түүнээс гарч чадахгүй байгаа асуудлыг хавханд орсонтой зүйрлэсэн. Монголчууд эрт дээр үеэс ан амьтанд хавх тавьж авладаг байсан.

Хавханд орсон амьтныг хүн гаргахгүй бол өөрөө гарч чаддаггүй. Түүнтэй адил ядууралтай тэмцэх, түүнийг бууруулах, иргэдээ ядуурлын хавхнаас гаргахад төр засгийн оновчтой бодлого, хувь хүний хүчин чармайлтын хослол илүү оновчтой байх болно. Хувь хүний хүчин чармайлт гэдэг нь хүний сэтгэхүй амьтнаас ялгаатай.

-Ядуурах шалтгааныг та юу гэж харж байна? Ядуурал газар авсан, өссөн суурь шалтгааныг та юу гэж харж байна?

-Манайд ядууралд өртөх, ядуурал өргөжих, түүнийг бууруулж чадахгүй байх олон шалтгаан байгаа. Үүнд

Нэгдүгээрт, Өнгөрсөн 30 жилийн төр, засгийн бодлогын алдаа. Манай улс зах зээлийн харилцаанд 1992 онд шилжих үеэс шинэ нийгэмд амьдрах иргэдээ бэлтгэх бодлого байгаагүйгээс иргэдийн нэг хэсэг нь одоо ч энэ нийгэмдээ амьдарч чадахгүй л байна. Тухайлбал, Усанд сэлдэг, сэлдэггүй хүмүүсийг бөөнд нь гүн цүнхээл рүү түлхээд оруулчихсантай адил. Нэг хэсэг нь сэлээд гараад ирсэн. Нэг хэсэг нь тэндээ үхсэн. Одоо ч нэг хэсэг гарч чадаагүй, гарах гээд зүтгэсээр л байна.

Хоёрдугаарт, Өнгөрсөн 70 жилд Монголын ард түмний бий болгосон баялгийг өмч хувьчлал нэрээр мэдээлэлд ойр нам тойрсон бүлэглэл, түүний хамсаатнууд, улс төрчдийн гараар орж дууссан. Манай өмч хувьчлал хүн амын 10 хувьд нь өгөөжөө өгч, 90 хувь нь юу ч үгүй, ажилгүй гудамжинд гарч, эндээс ядуурал үүссэн.

Гуравдугаарт, Хөгжлийн бодлого, загвар буруугаас орлогын тэгш бус байдал ноёрхож, ядуурлыг гааруулж байна.

Дөрөвдүгээрт, Эдийн засгаа улс төржүүлж, боломжоос хэтэрсэн бодлогогүй арга хэмжээнүүд нь ядуурлыг гааруулсан.

Тавдугаарт, Өндөр инфляц, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт, ядуурлыг улам гааруулж, одоо ч үргэлжилсээр. Монгол төгрөгийн ханш өнгөрсөн жилүүдэд 460 дахин унасан. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт буюу инфляц мөнхийн дагуул байлаа.

Зөвхөн 2020-2022 онд үнийн өсөлтөөс иргэдийн халааснаас 14.0 их наяд төгрөгийг нэмээд суйлчихсан. 2023 оны дүнг нэмбэл 16 их наяд болж, 2021 оны төсвийн орлоготой тэнцэнэ. Ийм байхад ядуурал буурах тухай ямар ч ойлголт байхгүй.

-Ядууралтай тэмцэх бодлого нь төр засаг, хувь хүнээс шалтгаалах зааг ялгаатай асуудал байх. Энэ чиглэлээр таны санал?

-Хувь хүнээс шалтгаалахгүй шалтгаан бол төр засгийн алдаатай бодлогууд болох, үйлдвэрлэлээ устгасан, шилжилтийн үед зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж, төрийн оновчтой зохицуулалтыг орхигдуулснаас үүссэн гажуудал, хулгай дээрэм, авлига, хавтгайрсан халамж, ажлын байрны хомсдол, хэрэгцээнээс илүү дээд боловсролтой ажилтан бэлдсэн гэх мэт маш олон шалтгаанууд байна. Хувь хүнээс шалтгаалах нь ажил хийхгүй, халамж авч, амар хялбар амьдрах хүсэлтэй иргэд байна.

Манай улсын 2023 оны статистикаар нийгмийн халамжийн үйлчилгээнд 2,6 сая хүн хамрагдаж, тэдэнд 2,1 их наяд төгрөгийг олгожээ. Энэ бол хүн амын тоотой харьцуулахад дэндүү гажуудсан тоо.

Гэтэл өнөөдөр манай хөдөлмөрийн зах зээл 300.0 мянган хүнээр дутагдаж байна. Ажил хийх сонирхолтой иргэд улам багассаар. Манай хавтгайрсан халамж ядуурлаас гарахад саад болж байна. Боломжийн тэгш бус байдал ядуурал гаарахад хүчтэй нөлөөлж, одоо ч үргэлжилсээр. Ядуу гэр бүлд өссөн хүмүүс ядуу байх нь дэлхийд байдаг асуудал гэдэг. Гэхдээ энэ асуудлыг одоо үед шийдэж чадаж байгаа улс, ард түмэн байна. Тухайлбал, Манай урд хөрш өнгөрсөн 30 жилд 800.0 сая иргэнээ ядуурлаас гаргаж чадсан байдаг. Манай эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийн түвшнээс хол хоцорч олон төрлийн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Эрүүл мэндээс үүдэлтэй ядуурал гэж байна.

Сүүлийн үед энэ нь ядуурлын хавхны гол хүчин зүйл болж байна. Өвчлөл ядуурлын хавхыг чангалсаар. Алдаатай бодлогоос улбаатай агаар, орчны бохирдол, эрүүл мэндийн шинжлэх ухааны ололт, амжилт Монголд нэвтрэхгүй байгаагаас өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралт ядуурлыг гааруулсаар байна. Ядуу өрхийн нэг гишүүн Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр өвчлөхөд байгаа бүхнээ зараад эмчлүүлэхэд анхаарч байгаа нь ядуурлын хавхыг улам чангалсаар. Өр зээл тавьж бие эмчлүүлдэг боловч хөдөлмөрийн чадваргүй үлдэх, нас барах нь хавхыг улам чангаруулж байна.

-Ядуурлыг дэвэргэж байгаа хүчин зүйлүүдийг та юу гэж харж байна?

-Байгалийн баялгийн өгөөжийг бүх ард түмэн тэгш хүртэх атал эрх мэдэлтэй хүмүүс авлига авч нэг хэсэгт нь давуу эрх олгож, боломжийг хулгайлж ирсэн нь алдагдсан боломжийн өртгийг олон зуун их наядаар хэмжигдэхэд хүргэж, ядуурлын хавхыг улам чангалсаар байна.

Манай хулгай, дээрэм, залилан мэхлэлт, шүүхийн шударга бус шийдвэр боломжийн тэгш бус байдал ядуурлыг гааруулж, хавхыг улам чангарсаар. Ядуурлын хавханд ороогүй хүмүүсийн ирээдүйн орлого өнөөдрийн орлогоос илүү байдаг. Харин ядуу хүмүүсийн ирээдүйн орлого, өнөөдрийн орлогоос бага байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Ядуурлын улмаас эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байгаа шалтгааныг тодорхойлж, яаж энэ хавхыг тайлж болох талаар төр, засаг бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй.

Ойр ойр давтамжтай хямралууд ядуурлыг дэвэргэж хавхыг улам чангалсаар ирлээ. Ядуу бүлгийн хүмүүс байнга эрсдэл дунд амьдарч, сөрөг нөлөөллийг хамгийн хүчтэй амссаар байна.

Боловсрол нь ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт тул үр өгөөжөө өгөх учиртай. Гэтэл ядуу амьдарч байгаа хүмүүс сайн боловсрол олж авах боломж хомс тул ирээдүйд олох орлогыг хязгаарладаг.

Манай ядуу амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хэрэглээнээс илүү гарах орлогогүй тул хуримтлал үүсгэж чадахгүй байна.

Манай ядуус бага хүүтэй зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж байхгүй. Тэдэнд зээл өгдөг банк байхгүй учраас банк бус, ломбард, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд ханддаг. Зээлээ төлж чадахгүй эрсдэл өндөр учраас эд хөрөнгөө алдаж, хавх нь улам чангарсаар. Ядуу өрхийн ядуурлаас гаргахад “Бичил санхүүгийн институт”-ийг байгуулж ажиллуул гэдэг зөвлөгөөг Олон улсын байгууллагууд зөвлөдөг, Азийн зарим ядуу орнуудад ийм институтийг “Грамеен банк” нэртэй байгуулж үр дүнд хүрсэн байдаг юм байна. Баялгийн буруу менежмент нь биологийн төрөл зүйлийн нөөцийг бууруулж, хүнсний хомсдол үүсэж, үнийн өсөлтийг өдөөдөг. Мөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, орлогыг багасгадаг. Аливаа аюулд өртөх магадлал өндөр болж, экологийн хямрал үүсдэг. Манайд үүсэж буй олон эрсдэлүүд ядууст маш хүндээр туссаар байна. Ядуу өрх маш их эрсдэл дунд аж төрж, ирээдүйд итгэх итгэлээ алдаж, улмаар нийгмийн тогтворгүй байдлын эх сурвалж болж байна

Ядуу хүмүүс зальтай улс төрчдийн хавханд орж, сонгуулийн сонголтоо тэдний өгсөн нэг өдрийн хоолны мөнгөөр сольдог. Үүнийг олон улсад “Үдийн хоолонд үнэгүй орох” гэдэг.

Нэг өдөр үнэгүй хоолонд ороод ирээдүйгээ хавханд оруулсаар байгаа нь нууц биш.

Боломжийн амьдарч байсан өрх гэр, хүн хулгайд эд зүйлээ алдах, залилан мэхлэлтэд өртөх нь шууд ядуурлын хавханд оруулдаг. Нэг удаагийн сөрөг үйл явдал байнгын үр дагаварт хүргэж байна.

Бид өнгөрсөн хугацаанд ядуурал, түүнтэй холбогдож гарч байгаа асуудлыг урьдчилж харж, тухайн бүр нь холбогдох арга хэмжээ авч ажиллаж чадаагүй. Одоо ч чадаагүй, араас нь хөөцөлдсөөр.

Ж.Вильсоны “Хагархай цонх”-ны онол манайд бодитой хэрэгжсээр байна.

Манайд үүсэж буй, үүсэх сөрөг үйл явдалд ядуус илүү өртсөөр, өртөх магадлал их байх судалгаа байдаг, Бодлогын хэрэгжилт хангалтгүй, халамж хавтгайрч, гаднын оносон оноогүй тусламж, асуудлыг дээрдүүлэх бус дордуулж ядуурлын хавхыг чангалсаар байна.

-Ядуурал түүнтэй тэмцэх арга замыг та юу гэж тодорхойлох вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй ядуурлын өндөр түвшин юм.

Өнөөдөр манай иргэдийн ядуурсан, ядуурч болзошгүй шалтгааныг зөв тодорхойлж, иргэдийнхээ ядуурлын хавхыг тайлах нь нь төр, засгийн тулгамдсан асуудлын нэг. Ядуу амьдарч байгаа хүмүүсийг ядуурлаас гаргах нь Монгол Улсын хөгжлийн гарц мөн.

Ядууралд хувь хүнээс шалтгаалах, шалтгаалахгүй олон хүчин зүйлс нөлөөлж болно. Хамгийн ноцтой, шударга бус асуудал нь “Ядуурлын хавх” буюу ядуу өрхөд мэндэлснээсээ болоод ядуугаараа үлдэх асуудал.

Өнөөгийн ядуурлын гол шалтгаан нь орлого бага байхаас илүүтэй боломжийн тэгш бус байдал гэдгийг давтаж хэлэхийг хүсэж байна.

Ядуурлыг багасгахын тулд маш олон арга хэмжээг дэс дараатай авах шаардлагатай.

Асуултад хариулж, цөөн хэдэн санал хэлье.

Үүнд, Хамгийн эхэнд хөгжих бодлого, загвараа тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, түүний үр өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Манайд эдийн засаг өндөр өсөж байгаа боловч үр өгөөж, хүртээмж нь байхгүй.

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж чадвал тэд олон боломжийг олж харж чадна.

Үнийн өсөлт, ханшийн уналтын эсрэг арга хэмжээнүүдийг дэс дараатай авч иргэдийн орлогыг хамгаалах, орлого их олж байгаагаас нь их, бага олж байгаагаас нь бага авдаг шударга татварын тогтолцоог бүрдүүлэх, ажлын байр олноор бий болгодог уул уурхайн бус аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, үйлчилгээний бизнесийг илүү дэмжиж хөгжүүлэх.

Манай үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн салбарын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх замаар иргэд эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдлийг багасгах.

Боломжийн тэгш бус байдлыг арилгах хүн бүрт баялгийн өгөөжийг тэгш хүртээх, боломжийг баталгаатай болгох.

Эрүүл мэндийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ, эмийн чанарыг дээшлүүлэх замаар эрүүл мэндэд суурилсан хавхыг тайлах.

Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо олж авах нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын доголдол ядууралтай шууд холбоотойг анхаарч холбогдох арга хэмжээг авах.

Авлига, хулгай, дээрэмтэй хатуу тэмцэж, алдагдсан болон алдагдах боломжуудын өртгийг багасгах.

Ард иргэдийн дунд улам бүр унаж буй төрдөө итгэх итгэлийн алдрал, ёс суртахууны доройтлын эсрэг арга хэмжээ авч, соён гэгээрүүлэх ажил тууштай хийх зэрэг маш олон асуудлууд байна даа.

Р.ЖАРГАЛ