ЕБС-ийн хүүхэд бүрийн сурах бичгийн хүртээмжгүй байдлыг бүрэн шийдэх боломжтой боллоо
2024.02.15

ЕБС-ийн хүүхэд бүрийн сурах бичгийн хүртээмжгүй байдлыг бүрэн шийдэх боломжтой боллоо

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим шилжилт хийж, цахимжуулах үйл явц хурдацтай өрнөж байна. Манай улсын хувьд ч “Цахим үндэстэн” болох зорилго тавьж, төрийн ихэнх үйлчилгээ хялбар болоод байгаа. 

Жил болгон олон зуун мянган сурах бичиг сургуулиудад хуваарилагддаг, тэр сурах бичгүүд 3-4 хүүхдийн гар дамждаг, 6-12-р ангийн сурагчид сурах бичгийг 2019 оноос хойш түрээсийн төлбөр төлж ашиглаж ирсэн. Сурах бичгийн аливаа бүртгэл 100% гараар хийгдэж тухайн нэг номын санч дээр бэлэн мөнгө хураагддаг, тодорхой хугацаанд хуримтлуулж байж нэг удаагийн гүйлгээг төрийн санд хийгддэг байсан нь сургуулийн номын санч, багш нарын болон эцэг эхчүүдийн бухимдах шалтгааны нэг болж улмаар 2019 оноос хойш түрээсийн сурах бичгийн олон тэрбум төгрөгийн төлбөр тооцооны асуудал үүсэж хянахад хүндрэлтэй болсоор ирсэн. 

Ийнхүү сурах бичигтэй холбоотой боловсролын шат шатны нэгж, байгууллагад үүсдэг байсан асуудлуудыг төр,  хувийн  хэвшлийн хамтын  ажиллагааны  хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан санаачлан БШУЯ, Боловсролын Ерөнхий Газар болон  Гэрэгэ Эдтек ХХК нар 2020 оноос эхлэн шийдвэрлэхээр хамтран ажилласан билээ.

Уг хамтын ажиллагааны хүрээнд БоловсролМН төслийг эхлүүлэн "Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем“ болох www.library.gerege.mn - ийг 2 жилийн хугацаанд Гэрэгэ Эдтек ХХК хийж гүйцэтгэн, 2022-2023 оны хичээлийн бүтэн жилд Нийслэлийн 47 сургуульд амжилттайгаар туршин, 2023-2024 оны хичээлийн жилийн I улиралд орон  даяар амжилттай нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 840 гаруй сургууль, 860-н номын санч системийн тусламжтайгаар сурах бичгийн үйлчилгээг үзүүлж, 800 гаруй сургуулийн удирдлага болон санхүү хянаж 66’000 сурагчид бодитоор хүрч ажиллаж байна.

Цахим бүртгэлийн систем нэвтэрснээр өдөр тутамдаа, бодит цагийн төлөв дээр сурах бичиг хаана, хэн дээр хуваарилагдаж байна вэ, хаана илүүдэл, дутагдал үүссэн эсэх, түрээсийн сурах бичгийн төлбөр төлөгдсөн эсэхийг бүгдийг нь БШУЯ, БЕГ, БШУГ-ынхан, сургуулийн захирал, санхүү нар шат шатандаа хянаж, ЕБС-ийн номын санч нар сурах бичгийн бүртгэлийг хийж түрээсийн сурах бичгийн төлбөрийг төрийн санд шууд төвлөрүүлж байна. 

Монгол улсын хэмжээнд 6-12-р ангийн түрээсийн сурах бичгийн түрээсийн төлбөрийн төвлөрүүлэлт нь 2019-2023 оны 7-р сарын байдлаар 30-88 хувийн гүйцэтгэлтэй буюу улсын хэмжээнд дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй байсан. Энэ нь 6-12-р түрээсийн сурах бичгийг дахин хэвлэхэд хүндрэлтэй байсан нь сурах бичгийн хомсдол үүссэн гол шалтгааны нэг юм. Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийн гүйцэтгэл нь 80-с дээш хувьтай төвлөрч байж тухайн сургууль нөхөн хангалтаар сурах бичиг захиалах боломж үүснэ.

"Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем“-г нэвтрүүлснээр энэхүү төлбөр тооцооны асуудлууд хяналттай болсноор Монгол Улсын боловсролын салбарын томоохон шинэчлэлийн эхлэл болж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг болж байна.

Боловсролын салбарт цахим технологийг үндэсний хэмжээнд нэвтрүүлж  эхлээд  байгаа  Гэрэгэ эдтек  ХХК-ийн Сургуулийн удирдлагын нэгдсэн системийн БоловсролМН платформын эхний ажил нь ЕБС-ийн сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж байгаа нь маш том дэвшилт юм.

2023-2024 оны хичээлийн жилийн бүх шинэ сурах бичгүүд системд бүртгэгдэж, төлбөр тооцоо нь ”Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем” бүтээгдэхүүний нэр дамжиж байгаа бол, тус компани 2024-2025 оны хичээлийн жилийн сурах бичгийн захиалгыг 100% платформоор дамжуулж улс орны өнцөг булан бүрээс авч эхэлсэн бөгөөд “Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем” сурах бичгийн үйл ажиллагаатай хамааралтай оролцогч талууд болох хэвлэлийн компани, түгээлтийн компани мөн сурах бичгийн худалдааны компанитай холболт хийж хамтран ажилласнаар сурах бичгийн захиалга, хэвлэл, түгээлт, худалдаа зэрэг процессууд бүгд автоматчилагдаж, төлбөр тооцооны ямар ч асуудал үүсэхгүйгээр номын санчийн ажлыг хөнгөвчилж, сурах бичигтэй холбоотой асуудлууд ахин сурагч болон эцэг эхчүүдэд үүсэхээргүй болж байна.