“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20

“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО

“СУМЫН СЭРГЭЛТ” Хөгжлийн форум Хэнтий амйгийн сумдад зохион байгууагдсан бөгөөд Өмнөдэлгэр сумаас эхэллээ.

Өмнөдэлгэр сумын салбар, салбарын төлөөлөл болсон 160 гаруй хүнийг хамруулсан “Сумын сэргэлт” хөгжлийн форум сумын Соёлын төвд боллоо. 

Улсын төсөв, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн бол үргэлжлүүлэн форумын үндсэн илтгэлийг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг хүргэв.

Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийгэм, эдийн засгийн төлвийн талаар мэдээлэл хийлээ. Үүнээс зарим тоо статистикийг иш татвал Монгол улс нэг жилд 344 тонн мах бэлтгэдэг -үүнээс 77 тонныг экспортод гаргах боломжтойгоос он гарснаас хойш 11 дүгээр сарын 15-ны байдлаар 62 тонн мах экспортлоод байна. Нэг жилд 892 сая литр сүү, 14 мянган ширхэг арьс, 29 мянган тонн ноос, 9,5 мянган тонн ноолуур бэлтгэж, боловсруулж буйг онцлов.

Үүнчлэн 2023 он газар тариалангийн салбарын хувьд ургац арвинтай жил болж буйг тэмдэглэж, дотооддоо улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг хангаж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол, Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдол, Хөдөө аж ахуйн сэргэлтийн бодлогын талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн Хэнтий аймгийн хувьд Дадалын ухаа үүлдэрийг хөгжүүлэх, Отрын бүс нутгийг хэсэгчлэн гаргах, мал эмнэлгийн үйлчилгээг нэмэгдүүлэх, бэлчээрийг хоршиж хамгаалах, бэлчээрийн мал аж ахуйгаас гадна ашиг олох боломжийг судалж, үр дүнд хүрэх зорилт тавин ажиллаж буйг тодотгов.

“Сумын сэргэлт” хөгжлийн форумаар жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл, хоршоог хөгжүүлэх, хөдөө аж ахуйн төслийн талаар мэргэжлийн сургалт, зөвлөгөөг оролцогчдод хүргэсэн бөгөөд хэлэлцүүлэг өрнүүлэх, гарсан саналыг үндэслэж нэгтгэх юм.

Жижиг дунд үйлдвэрийн газраас 2009-2022 онд Хэнтий аймаг 184 төсөлд 9,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгож, 783 ажлын байр шинээр бий болгож, 425 ажлын байр хадгалсан байна. 2023 оны хувьд 5 ААН-д 886 сая төгрөгийн зээл олгохоор ажиллаж буйг ЖДҮГ-ын мэргэжилтэн онцлов. Мөн малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Хүлэмжийн аж ахуй эрхлэх онцлог, агротехнологийн талаар мэргэжилтнүүд аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ.

“Сумын сэргэлт”-Өмнөдэлгэр хөтөлбөрийн үеэр Засгийн газрын шагналаар шагнагдсан зарим хүмүүст УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нар шагналыг нь гардуулан өглөө.

“СУМЫН СЭРГЭЛТ”- ГУРВАНБАЯН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Сумын сэргэлт” уулзалтын хүрээнд УИХ-18 дугаар тойргийн гишүүд, тэдний нэгдсэн ажлын алба, ХХААХҮ-ын дэд сайд М.Ганхүлэг нар Гурванбаян тосгоны иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтад 80 шахам хүн оролцсон бөгөөд Монгол улсын 2024 оны төсвийн онцлог, Засгийн газрын үйл ажиллагаа, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн төлөв байдал, Газар тариалангийн бодлогын талаар танилцуулга мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Гурванбаян тосгоны иргэн Онон: Газрын наймаа явагдаж, Хурхад нэг га газар 6,0 сая төгрөг хүрч байна. Тариалангийн газар рапс, овъёос, ногоон тэжээл тарьдаг. Махны үнийн бодлогод төр оролцохгүй байя. Зах зээлийнх нь зарчмаар явуулъя. Малчид мөнгөгүй болохоор мал аж ахуй хөгжихгүй байна гэх зэрэг хэд хэдэн санал хэллээ. Мөн тэрбээр зоорь барих шаардлагайг хэлж, махаа зэрэглэж борлуулах хуучны зарчмыг баримталмаар байна. Дундын ченж нар хэд дахин ашиг олж байна. Тосгоны захирагч унаагүй, унаатай болгоход анхаарч өгөхийг хүслээ.

Гурванбаян тосгоны иргэдтэй уулзсан уулзалтаар УИХ-ын гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн төвд авто машинтай шаардлагатай байгаа талаар салбарын сайдад нь уламжилж шийдвэрлэхээр болов. Мөн ЕБС-ийн засварыг эргэж харахаар боллоо.

“Сумын сэргэлт” Гурванбаян уулзалтын үеэр Засгийн газрын шагналаар шагнагдсан зарим хүмүүст УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нар шагналыг нь гардуулан өглөө. Тухайлбал, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр А.Оюунбаатар, н.Энхтуяа нарыг, “Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр н.Мөнгөнтуулыг шагналаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn