2023.11.03

Н.Учрал: Нийслэл хотыг орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл, дэмжих ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Дөрвөн жилийн циклээр бодлого боловсруулдаг замбараагүй төлөвлөлт, бодлогын алдаа энэ байдалд хүргэсэн. Х.Нямбаатар дарга сонгууль угтаж биш урт хугацааны бодлого гаргаж, орон сууцжуулах зүйл ярьж байгаа нь сайн байна. Энэ бол агаарын сэдэв биш. 2016 оноос хойш Х.Нямбаатар дарга бид нар СХД дээр ажилласан. Баянхошууны дэд төв бүрэн дэд бүтэц нь АХБ-ны төслөөр шийдэгдсэн. Дэд төвөө түшиглээд 5,6 га газар чөлөөлөгдөөд 100 орчим айл Буянт ухаа руу нүүсэн. Сэлбэ дэд төвийг дагаад орон сууцжуулах боломж бий. Өнөөдрийн байдлаар нийслэл хотыг орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл. Газар чөлөөлөлтийн асуудал дээр их маргаан гардаг. Харин Баянхошуу дэд төвд энэ асуудал шийдэгдсэн.

Тэгвэл энэ хуульд энэ талаар ямар бодлого гаргасан бэ? 12 мянган айлыг орон сууцжуулна гэж байна. Энэ ажлыг дэмжихээс өөр гарц байхгүй. Нийслэлчүүд бүгд орон сууцтай больё гэж байна. Мөн Хурдан цэг байгуулагдсан. Хотын дэвшил бол бүх салбарт байх ёстой, манай технологийн салбар үүн дээр анхаарч байна. хурдан цэгээс нийслэлд 75 мянган хүн үйлчилгээ авсан байна. Улаанбаатар Их дэлгүүрт байгаа Хурдан цэгийн нэг ширээнээс иргэд 4 мянган үйлчилгээ авчээ. Дүүрэг хорооны үйлчилгээг иргэдэд ойртуулж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн том нэгжийн өөрчлөлтийг хийж Хурдан цэг дээр хамтарч ажиллая.

Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn